Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/28-НД НИЙТЛЭГДСЭН

Google-ийг Европын Холбоо түүхэнд байгаагүй их мөнгөөр торголоо

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 6 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Европын Холбооны шударга өрсөлдөөнийг зохицуулах байгууллага Google компанийг $2.7 тэрбумаар торгох шийдвэрийг Мягмар гарагт гаргалаа.

Ингэх болсон шалтгаан нь Google хайлтын үр дүндээ өөрийн бүтээгдэхүүнийг түлхүү оруулж, бусад өрсөлдөгчиддөө боломж олгохгүй байна гэж үзсэн юм. Шийдвэрийн дагуу Google 90 хоногийн дотор энэхүү алдаагаа засах ёстой ба хэрвээ засахгүй бол жилийн орлогынхоо 5 хувьтай тэнцэх торгууль нэмж хүлээх ажээ.

Евро Комиссийн өрсөлдөөн хариуцсан захирал Маргрет Вестагер Google компанийг зах зээлд давамгайлах байр сууриа ашиглан өөртөө давуу тал бий болгосон гэж дүгнэсэн байна.

“Хамгийн гол нь Google Европын хэрэглэгчдэд зөв сонголт хийх, инновацийн үр ашгийг бүрэн хүртэх боломжийг хааж байна” гэж тэрээр мэдэгдэлдээ дурджээ.

Харин Google Европчуудын шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлж, давж заалдах талаар судалж байгаа гэнэ. Онлайн худалдааны чиглэлээр ажилладаг Европын компаниуд гомдол гаргаснаар долоон жил үргэлжилсэн мөрдлөг өндөрлөж, шийдвэрээ гаргасан нь энэ юм.

Үүнээс өмнө Европын Холбоо 2009 онд АНУ-ын Интел компанид 1.06 тэрбум еврогийн торгууль ноогдуулсан нь нэг компанид ноогдуулсан торгуулийн дээд амжилтад тооцогдож байв.

 

Эх сурвалж: Reuters