Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/27-НД НИЙТЛЭГДСЭН

Холимог тулааны болон тайчи мастеруудын зодооныг цагдаа нар зогсоожээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 6 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн хавар дэгдсэн маргаанд цэг тавихаар холимог тулааны спортын болон Хятадын уламжлалт тайчи урлагийн мастеруудын тулаан өчигдөр Шанхай хотод болох гэж байсныг цагдаа нар зогсоожээ.

Бүлгээр зодолдох гэж байсан уг тулааны холимог төрөлд оролцох дөрвөн тулаанчийг дуулианы эзэн, “Maddog” хочтой Шу Шяодон тэргүүлж байсан бол дөрвөн тайчи мастерыг Ма Баогуо хэмээх мэргэжилтэн удирдаж байсан гэнэ.

Дөрөвдүгээр сард Шу Шяодон тайчи мастер Вэй Лэйг 10 секундэд зодож ялалт байгуулснаар Хятадын онлайн ертөнцөд томоохон маргаан дэгдсэн юм. Хүмүүс Хятадын уламжлалт тулааны урлаг бодит амьдралд хэрэг болох эсэхэд эргэлзэж эхэлсэн бол зарим нь уг хоёр тулааны төрлийг шууд хооронд нь өрсөлдүүлэх ёсгүй хэмээн үзэж байв.

YouTube сүлжээнд тавигдсан өчигдрийн үйл явдлын бичлэгээс харвал тэд тулаанд бэлдэж байх үед цагдаа нар байранд нэвтэрч ажиллагааг зогсоожээ. Удалгүй тэд Шу Шяодоныг авч явсан байна.

Анхны маргаан дэгдсэний дараа Хятадын Тяньди группын эзэн, хөрөнгөтөн Чэн Шен 10 сая юаний бооцоо тавьж, маргааныг таслахаар тулалдсан мастеруудад хувааж өгөхөө амлаж байсан юм. Тэр үүнийгээ Хятадын эртний уламжлалт тайчи тулааны урлагийн нэр хүндийг аврахын тулд гэж зарлаж байжээ.

Гэвч сонирхогчдын хүсэн хүлээж байсан тулаан өчигдөр болсонгүй өнгөрсөн байна. Тэд дахин хэзээ тулалдаан зохион байгуулах нь тодорхойгүй байна. Цагдаа Шу Шяодоныг зөвшөөрөлгүй халз тулаан зохион байгуулсан гэж буруутгажээ.

 

Эх сурвалж: South China Morning Post