Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/27-НД НИЙТЛЭГДСЭН

Лайма Андрикиене: Залуучууд саналаа өгөхдөө хойрго байлаа

ikon.mn
2017 оны 6 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

2017 оны ерөнхийлөгчийн сонгуулийг ажигласан гадаадын ажиглагчид сонгуулийн урьдчилсан дүгнэлтийн талаар мэдээлэл хийлээ. 

 Европын парламентын төлөөлөгчдийн тэргүүн Лайма Андрикиене "Ил тод байдал, хариуцлагын талаарх сонгуулийн сурталчилгааны санхүүжилтийг зохицуулсан хууль тогтоомжоор авлигатай холбоотой асуудлуудтай тэмцэх нөхцөл боломжийг олгоогүй байна.

Энэ асуудлыг хөндөхдөө нэр дэвшигчид нь харилцан бие биенээ буруутгаж байсан нь сонгогчдод үнэмшихүйц мэдээлэл болж чадсангүй.

Ийм сонгуулийн сурталчилгаа нь сонгогчдын урмыг хугалж, ялангуяа залуучууд саналаа өгөхдөө хойрго байлаа.

Нэр дэвшүүлэх талаар тавьсан хуулийн хоригууд нь жирийн сонгогчийг энэ сонгуульд идэвхтэй оролцоход тус болсонгүй" гэлээ. 

Сурталчилгааны үеэр нэлээд таагүй зүйлс болсон

 
Гэрэл зургийг mpa.mn

ЕАБХАБ-ын АИХЭГ-ын Сонгууль ажиглах хязгаарлагдмал хорооны тэргүүн, элчин сайд Гээрт-Хинрич Аренс "Миний бодлоор хэдийгээр цөөн тооны алдаа дутагдал байсан ч, Монгол Улсын иргэд ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд жинхэнэ ардчилсан сонгуульд сонголтоо илэрхийлэх боломжтой байлаа.

Сонгуулийн сурталчилгааны үеэр нэлээд таагүй зүйлс болж байсан.

Манай хороо хоёр дахь шатны санал хураалт болсноос хойш хэд хоногийн хугацаанд энд байна.

Миний бие болон АИХЭГ-аас ирсэн хамтран ажиллагсад үлдсэн хугацаанд энэхүү сайхан, ардчилсан оронд үр дүнтэй ажиллана гэдэгт найдаж байна.

Сурталчилгааны хугацаанд гурван нэр дэвшигч нэгнийгээ авлига авсан, гэмт хэрэгт холбогдсон мэтээр гүтгэсэн" хэмээн тайлбарлалаа. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль өрсөлдөөнтэй, зохион байгуулалт сайтай болж өнгөрсөн ч шүүхийн шатан дээр байгаа хэргүүдийн улмаас нэр дэвшихтэй холбоотой тодорхойгүй байдал үүсгэлээ гэж олон улсын ажиглагчид хэллээ.

Түүнчлэн санал авах өдөр олон улсын ажиглагчдын очсон цөөн тооны санал авах байрууд дээр санал хураалт, тоолох үйл явц эмх журамтай явагдаж байсан хэдий ч СЕХ дөнгөж нэгтгэсэн дүнг мэдээлснээр ил тод байдал зарим талаар хязгаарлагдсан гэж дүгнэлтэд тэмдэглэжээ.

Цагдаагийн байгууллагад сонгуулийн өдөр 150 орчим өргөдөл гомдол ирснээс 86 нь санал худалдаж авсан гэх гомдлууд байсан талаар ажиглагчид онцолж байв. 

Хэвлэлийн бага хуралд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын (ЕАБХАБ) Тусгай зохицуулагч, богино хугацааны ажиглагчдын багийн удирдагч Гилиелмо Пики, Европын парламентын төлөөлөгчдийн тэргүүн Лайма Андрикиене, ЕАБХАБ-ын Парламентын ассемблейн төлөөлөгчдийн тэргүүн Ёориос Ваременос болон ЕАБХАБ-ын АИХЭГ-ын Сонгууль ажиглах хязгаарлагдмал хорооны тэргүүн, элчин сайд Гээрт-Хинрич Аренс нар оролцлоо.