Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/27-НД НИЙТЛЭГДСЭН

С.Ганбаатар: Энэ луйврын үр дүнтэй эвлэрч болохгүй

Г.Мөрөн, iKon.mn
2017 оны 6 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Ардын Хувьсгалт Намаас Ерөнхийлөгчийн Сонгуулийн санал хураалтын үр дүнтэй холбогдуулан мэдээлэл хийлээ.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/689376667914571/

Ц.Шаравдорж: Сонгуулийн Ерөнхий Хороо хууль бусаар зохион байгуулж МАН-ын дүнг илүү гаргалаа

МАХН-ын даргын Хүний эрх, улс төрийн бодлогын зөвлөх Ц.Шаравдорж “Монголчууд аа, МУ-ын Ерөнхийлөгчийн Сонгууль гэх урьдаас дэглэсэн жүжгийн дүнг хүлээж аваад дараах мэдэгдлийг хүргэж байна. Юун түрүүнд сонгуульд МАХН-аас нэр дэвшсэн С.Ганбаатарт саналаа өгсөн сонгогчиддоо баярлалаа. Та бүхний минь өгсөн санал Монгол Улсын ирээдүйн сайн сайхны төлөө өгсөн санал байлаа.

Монголчууд луйвар, авлигал хээл хахууль, дээрмийн үнэнг дэлгэж, Монголчууд сэрж сэхээрсний нотолгоо боллоо.

Гэхдээ хуулийн хүрээнд, хэнээс ч хараат бусаар сонгуулийг зохион байгуулах үүрэгтэй Сонгуулийн Ерөнхий Хороо сонгуулийг хууль бусаар зохион байгуулж МАН-ын дүнг илүү гаргасан.

Сонгуулийн Ерөнхий Хороо /СЕХ/ гэмт хэргийн шинжтэй үйлдлийг удаа дараа гаргаж байна. Хууль зөрчиж гаргасан үр дүнг МАХН хүлээн зөвшөөрөхгүй, зөвшөөрөх ямар ч хууль зүйн үндэс үгүй.

Дэлхий нийтээр энэ сонгуулийг харж, ажигласан. Иргэдийн сонгох эрхийг уландаа гишгиж, Монголын нэрийг дэлхий дахинд гутаасан явдал болж байна. Албан тушаалд шуналтсан байдал Монголын нэрийг гутааж байна.

СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн шөнө мэдээлэл хийхдээ 1,327,634 хүн санал өгсөн гэж хэлснийг бүгд сонссон. Гэтэл нэр дэвшигч нарын дүнг эцсийн байдлаар мэдээлэхдээ АН 517,478, МАН 411,748, МАХН-409,899 санал авсан гэж мэдээлсэн. Ингэж саналын зөрүү гарч байгаа нь МАН-ын нэр дэвшигчийн талд ажиллаж, сонгуулийг будлиантуулсны нотолгоо юм. 

Мөн СЕХ дахин санал хураалтыг долоодугаар сарын 9-нд гэж товлосон нь булхиагаа хурдан түргэн арилгах арга гэж үзэж байгаа учраас дахин санал хураалт явуулахгүй байх ёстой" гэв.

С.Ганбаатар: СЕХ бол луйварчдын гар хөл болж, илбэ үзүүлдэг байгууллага болж

 
Гэрэл зургийг mpa.mn

Нэр дэвшигч С.Ганбаатар “Монголын ард түмэн өнөөдөр хулгайчгүй төртэй баймаар байна. Үүний төлөө олон ард иргэд зүтгэж, тэмцэж байгаа. Энэ хүмүүсийн өмнөөс, энэ луйврын үр дүнтэй эвлэрч болохгүй.

СЕХ бол луйварчдын гар хөл болж, илбэ үзүүлдэг байгууллага болж. Тусгаар тогтнол, язгуур эрх ашгийнхаа төлөө энэ ёс зүйгүй үйлдлийг хүлээн зөвшөөрч болохгүй.

Бид олон жил давруулсан. МАХН-аас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр, төлөвлөгөөнийхөө төлөө бид энэ үр дүнг хүлээн зөвшөөрч болохгүй.

Бид тэмцлийн замаасаа ухрахгүй. СЕХ үнэн мөнөөр ажилладаг болтол нь тууштай зүтгэнэ.

Энэ зөвхөн С.Ганбаатарын сонгуулийн үйл ажиллагаа байсангүй. Бүх ард түмний минь сонгуулийн ажил байлаа.

Бид хамгийн шударга өрсөлдсөн. Бид цусны асуудал, гэр бүлийн асуудалд нэг ч үг дуугараагүй.

Эцэст нь хэлэхэд олон зуун шадар туслах, ямар ч цалин хөлс мөнгө төгрөг гэлгүй бидэнд тусалж байсан ухуулагч, анд нартаа баярлаж байна.

Та бүхний олон жилийн хүч хөдөлмөр, тэмцлийг бид үр дүнд хүргэх болно. Хамгийн гол зүйл бол нурах байшин дотроо өөрсдөө нурж байгаа гэдгээ МАНАН хүлээн зөвшөөрлөө. Бид ялна.

СЕХ 35,000 амьгүй албатыг СЕХ бий болгосон. Бид СЕХ-нд хандаж, саналыг тоолох болно. Дараа дараагийн олон сонгууль Монголын ард түмний төлөө байх баталгааны төлөө тэмцэх болно.

50 сая воны талаарх учир утгагүй гүтгэлгээ зогсоо. Гадаад хүнийг Монгол төрд оруулж, жүжиг тавьж байна. Ингэж миний давуу талыг тодруулж яах нь вэ. Тэгэхээр Цагдаа Монголын ард түмний татвараар ажилладаг.

Цагдаагийн удирдлагууд өнөөдөр луйварчдын гар хөл болсон байдлыг таслан зогсоох хэрэгтэй" гэв.

Ц.Оюунбаатар: Сонгуулийн саналыг, нэг хоёр аймгийн саналыг зориуд дарж, луйвардах ажлыг СЕХ хийлээ

МАХН-ын гишүү Ц.Оюунбаатар “Сонгуулийн дүнд шууд нөлөөлж, 10,000 гаруй саналаар илүүрхэж байтал хэдхэн цагийн дотор МАН тэргүүлчихлээ. Үүнд бид СЕХ-г буруутгаж байна.

Манай нэр дэвшигч 21 аймгаас 10-т нь ялалт байгуулсан. Улаанбаатарын ихэнх дүүрэгт амжилттай оролцсон. Ийм байхад Сонгуулийн саналыг, нэг хоёр аймгийн саналаар зориуд дарж, луйвардах ажлыг СЕХ хийлээ.

Бид Үндсэн хуульд заасан эрхийн хүрээнд, зохион байгуулалттайгаар тэмцэх болно” гэв.