Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/27-НД НИЙТЛЭГДСЭН

Сальвадор Далигийн шарилыг гаргаж, эцэг тогтоох шинжилгээ хийхээр болжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 6 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Нэрт зураач, сюрреализмийн томоохон төлөөлөгч Сальвадор Дали 1989 онд 85 насандаа зүрхний өвчнөөр бурхны оронд заларсан юм.

Тэгвэл үүнээс 28 жилийн дараа нэрт зураачийн шарилыг булшнаас нь гарган ирж, шинжлээд эцэг тогтоох шийдвэрийг шүүхээс гаргалаа.

1956 онд Жирона хотод төрсөн, хөзрийн мэргэч Мариа Пилар Абел Мартинез хэмээх эмэгтэй өөрийнх нь эх Сальвадор Далитай 1955 онд явалддаг байсан тухай өмнө нь хэвлэлд ярьж байв.

Түүний эх Антониа тухайн үед Далигийн гэрийн ойролцоох Каталонийн Кадакес хотод гэрийн үйлчлэгчээр ажиллаж байжээ. Антониа хатагтай нэрт зураачтай дотно харилцаатай байсан гэнэ. Энэ тухайгаа ч охиндоо үе үе ярьдаг байсан аж. Ингээд 2015 онд Абел нэрт зураачийн охин мөн гэдгээ батлуулах гэж Испаний шүүхэд хандсан нь өнөөдөр үр дүнд хүрч байгаа юм. Шүүхээс нэрт зураачийн шарилыг булшнаас нь гаргаж, ДНХ шинжилгээ авах шийдвэр гаргажээ. Шүүхийн шийдвэрийг давж заалдах боломжтой ба ингээгүй тохиолдолд долдугаар сард багтаан шинжилгээ хийх гэнэ.

1955 онд Дали 20 жил хамт амьдарсан Гала буюу Елена Диарановтай хэдийнээ гэрлээд байсан юм. Хэдийгээр Дали энэхүү гэрлэлтээ “төгс хослол” гэж нэрлэдэг байсан ч тэдний дунд хачин жигтэй харилцаа хадгалагдаж байсан гэдэг. Тухайлбал 1998 онд Vanity Fair сэтгүүлд тэдний хооронд уламжлалт бус дурлалын харилцаа байсан, өөр эмэгтэй, эрэгтэй хүмүүс дунд нь байсан тухай бичиж байв. Далигийн үл хөдлөх хөрөнгө Испанид хадгалагдаж байгаа.

Хэрвээ Абел охин нь болохоо баталж чадвал нэрт зураачийн үлдээсэн хөрөнгөөс эзэмших эрхтэй болох юм.

 

Эх сурвалж: Quartz