Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/27-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Баярмаа: Шинэчилсэн журмаар бичил уурхайчид 3,500 см3 тоног төхөөрөмж ашиглахаар зохицуулсан

Н.Батзаяа, Монголын мэдээ
2017 оны 6 сарын 27
Монголын мэдээ
Зураг зураг

Өнгөрсөн тавдугаар сард Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмыг шинэчлэн баталсан билээ. Үүнтэй холбогдуулан “Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо”-ны гүйцэтгэх захирал Д.Баярмаатай ярилцлаа.

-Юуны өмнө “Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо”-ны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу. Танай холбоонд одоогийн байдлаар хэчнээн бичил уурхайчид бүртгэлтэй байна вэ?

-“Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо” 2013 оны тавдугаар сарын 2-нд байгууллагдснаас хойш орон нутагт бичил уурхайн үйл ажиллагаа явуулж буй гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалах, бодлого боловсруулагчдад тэдний дуу хоолойг хүргэх, хариуцлагатай бичил уурхайн талаар олон нийтэд эерэг ойлголт өгөх зэргээр үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулж байна. 1990-ээд оны сүүл, 2000 оны эхээр улс орон зах зээлийн нийгэмд шилжихэд улсын үйлдвэрүүд хаалгаа барьж, үйлдвэрийн олон ажилчин ажилгүй, орлогогүй болж хоцорсон.

Тухайн үед ажилгүйдлийн тоо огцом нэмэгдсэн. Мөн 2000-аад оны эхээр улсын хэмжээнд жил дараалсан хүндхэн зуд турхан болж, олон малчид амьжиргааны эх үүсвэр болсон малаа алдсан. Эдгээр шалтгаануудын улмаас гэр бүл, үр хүүхдээ тэжээж, амьжиргаагаа залгуулах гэсэн иргэд хувиараа ашигт малтмал олборлож эхэлсэн байдаг. Тэдгээр иргэд нь хүмүүсийн хэлж заншсанаар “нинжа” нар. Сүүлийн үед “нинжа” нарыг хувиараа ашигт малтмал олборлогч буюу “ХАМО” иргэд гэж нэрлэж байна. “ХАМО” болон “бичил уурхай эрхлэгчид” маш их ялгаатай.

Бичил уурхайчид бол холбогдох хууль журмын хүрээнд зохион байгуулалтад орж, тухайн сумынхаа Засаг даргатай гэрээ байгуулан, албан ёсоор дүгнэлт нь гарсан газар аюулгүй байдлаа хангаж ажиллаж байгаа хүмүүсийг хэлнэ. Мөн тухайн газартаа олборлолт явуулаад, нөхөн сэргээлтээ өөрсдөө хийн буцааж хүлээлгэн өгдөг. Хариуцлагатай бичил уурхайчдын талаар олон сайн туршлага бий болоод байна.

Манай “Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо” (МБУНДХ) нь өөрийн сургагч багш нартай ба сургагч багш нараараа дамжуулан гишүүн бичил уурхайчдадаа үйлчилгээ үзүүлэхээс гадна ХАМО иргэдийг зохион байгуулалтад оруулах, албажуулах талаар тэдэнд хүрч ажиллаж байна. Өнгөрсөн 2016 оны хувьд бид бүхэн нийт 4,000 гаруй ХАМО иргэдэд хүрч сургалт явуулан, холбогдох мэдээ, мэдээллийг өгсөн.

Одоогийн байдлаар манай дээвэр холбоонд гишүүнчлэлтэй 15 аймгийн 45 сумын 69 бичил уурхайн байгууллагын 6,000 гаруй бичил уурхайчин байдаг. Манай дээвэр холбооны гишүүдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа.

-Өнгөрсөн тавдугаар сард Засгийн газрын 151 дүгээр тогтоолоор Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам шинэчлэгдэн батлагдлаа. Энэхүү журам бичил уурхайчдын үйл ажиллагаанд хэр өгөөжтэй журам болов?

-Маш их өгөөжтэй журам батлагдлаа гэж бичил уурхайчид харж байна. Учир нь тус журмын өөрчлөлтөд бичил уурхайчдынхаа саналыг авч манай МБУНДХ-оос холбогдох төрийн байгууллагуудад хүргэж ажиллаж ирсэн. Бичил уурхайчдын санал энэ шинэчлэгдсэн журамд орж батлагдлаа. Уул уурхай хүнд үйлдвэрийн яаман дээр байгуулагдсан журмыг шинэчлэн сайжруулах ажлын хэсэгт бичил уурхайчдын төлөөллийг оруулан бидэнд өөрсдийн санал бодлоо хуваалцаж нөхцөл байдлаа ойлгуулахад дэмжиж ажилласан бүх байгууллага, хүмүүстээ баярласнаа илэрхийлж байна.

Үүнийг бичил уурхайчид бид маш том амжилт гэж харж байна. Одоо бид өөрсдөө журмын хүрээнд үйл ажиллагаагаа улам хариуцлагажуулж ажиллах ёстой. Шинэчлэгдэн батлагдсан энэхүү журмын хүрээнд бичил уурхай эрхлэгч этгээд нь Иргэний хуулийн 35.1-д заасан нөхөрлөл, 36.4-т заасан хоршооны хэлбэрээр зохион байгуулагдсан хуулийн этгээд, мөн хуулийн 481.1-д заасан бүртгэгдээгүй нөхөрлөлийн хэлбэртэй байна гэсэн байгаа. Хоршоо болон нөхөрлөлийн зохион байгуулалтад орж хуулийн этгээд болсноор өөр төрлийн бизнес эрхлэх, санхүүгийн байгууллагатай харилцах зэрэг давуу талууд нэмэгдэж байгаа юм.

Мөн бүртгэгдээгүй нөхөрлөл нь өмнө нь таваас доошгүй хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагддаг байсан бол энэ шинэчлэгдсэн журмаараа есөөс доошгүй хүн байгуулдаг болсон нь мөн нэг давуу тал болоод байна. Бичил уурхайчдын хамгийн ихээр талархан хүлээн авч байгаа нэг өөрчлөлт бол бичил уурхайд ашиглагдах тоног төхөөрөмжийн хүчин чадал долоо дахин нэмэгдсэн явдал юм. Бичил уурхайд ашиглах тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх талаар бичил уурхайчид маань олон жил ярьж, саналаа холбогдох байгууллагуудад хүргэж ирсэн.

Өмнө нь 500 см3 багтаамжтай дотоод шаталтат хөдөлгүүр бүхий тоног төхөөрөмж ашигладаг байсан. Харин одоо шинэчлэгдсэн журмын хүрээнд нөхөрлөл, хоршооны зохион байгуулалтад орсон бичил уурхай эрхлэгч хуулийн этгээд нь ашигт малтмал олборлохдоо 3500 см3 хүртэлх багтаамжтай дотоод шаталтат хөдөлгүүр бүхий хоёроос доошгүй механизмыг ашиглах боломжтой боллоо. Бичил уурхай эрхлэх нь харьцангуй хүнд хөдөлмөр. Бичил уурхайчдын саналыг тусгасан, эрх ашгийг хүндэлсэн хэд хэдэн заалтууд орсон шинэчлэгдсэн журам батлагдсанд бид бүхэн маш их баяртай байна.

Түүнчлэн өмнө нь тухайн сумынхаа Засаг даргаар уламжлан бичил уурхайн зориулалтаар газар авах хүсэлтээ бүртгэгдээгүй нөхөрлөлийн гишүүд Ашигт малтмал, газрын тосны газарт явуулдаг байсан. Одоогийн шинэчлэгдсэн журмаар тухайн орон нутагт зохион байгуулалтад орсон (дээр дурьдсанчлан бүртгэгдээгүй нөхөрлөл, нөхөрлөл, хоршоо) бичил уурхайчид саналаа сумын Засаг даргаар дамжуулан аймгийн Засаг даргад хүсэлтээ хүргүүлнэ.

Тухайн аймгийн Засаг дарга бичил уурхайн зориулалтаар ашиглах газрын хүсэлтээ холбогдох дагалдах материалуудын хамт Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлнэ. Хэрэв АМГТГ-аас боломжтой гэсэн дүгнэлт гарвал, уг дүгнэлтийг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцэн ажлын 10 хоногийн дотор шийдвэр гаргадаг болсон. Үүний дараагаар орон нутагт байгаа зохион байгуулалтад орсон бичил уурхайчидтай гэрээ хийснээр тухайн газрын бичил уурхайн зориулалтаар ашиглах боломж бүрдэнэ. Бичил уурхайд хариуцлагын тогтолцоо их чухал. Үүнийг ч гэсэн шинэ журамдаа тусгасан байна лээ.  

Хэрвээ та хууль, журмын хүрээнд бичил уурхайгаар ашигт малтмал олборлож байгаа л бол тухайн орон нутгийнхаа эдийн засагт хувь нэмрээ оруулж татвараа төлөх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн байдлаа хангаж ажиллах, олборлосон газраа эргээд нөхөн сэргээх зэргийг хариуцлагатайгаар хийх л хэрэгтэй.

-Бичил уурхайн талаарх иргэдийн ойлголт муу байдаг гэлээ. Үүнээс болж хуулийн дагуу бичил уурхайгаар ашигт малтмал олборлогчдын үйл ажиллагаанд саад учруулсан тохиолдол байдаг уу.

-Тийм тохиолдол олон бий. Ер нь хаана алт гарна, тэр сургаар тухайн газарт бөөгнөрөл үүсэх нь элбэг. Хэн бөөгнөрөл үүсгэж байна вэ гэвэл өмнө нь миний хэлсэнчлэн нөгөө зохион байгуулалтад ороогүй, хаа дуртай газраа ухаж явдаг, эргээд нөхөн сэргээлтээ хийдэггүй нинжа буюу ХАМО иргэд ихэнхдээ байдаг. Тэдгээр ХАМО иргэдийн хариуцлагагүй, хууль бус үйл ажиллагаа нь холбогдох хууль журмын хүрээнд тухайн нэг газартаа тогтвортой үйл ажиллагаа явуулж буй бичил уурхайчдыг буруугаар ойлгоход нөлөөлдөг.

Тиймээс бөөгнөрөл үүссэн газарт төр өөрөө хяналтын механизмаа чангатгах хэрэгтэй. Ирэх долоодугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Зөрчлийн тухай хуулийн 6.11 дүгээр зүйлийн 5 дахь заалтад “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлохтой холбогдсон харилцааг зохицуулах талаар тогтоосон журмыг зөрчсөн бол хүнийг далан таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг долоон зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байна. Миний хувьд бичил уурхайчид ч гэсэн өөрсдөө бас хариуцлагатай үйл ажиллагаа явуулах ёстой. Ер нь хаана хаанаа хариуцлагын тогтолцоог л сайжруулах хэрэгтэй байгаа юм.

-Байгаль орчны нөхөн сэргээлтийн ажлыг хийх шаардлагатай гэлээ. Бичил уурхайчид нөхөн сэргээлтийг ажлыг хэр гүйцэтгэдэг вэ?

-Манай МБУНДХ нь Швейцарын хөгжлийн агентлагаас санхүүжүүлж Азийн сангаас хэрэгжүүлсэн “Байгаль орчныг хамгаалахад талуудын оролцоог бэхжүүлэх нь II” төсөлтэй хамтран ажилласан. Тус төслийн хүрээнд манай дээвэр холбооны гишүүн 10-аад бичил уурхайчид өртөг багатай аргачлалаар нөхөн сэргээлт хийх талаар сургагч багшаар  бэлтгэгдсэн. Бэлтгэгдсэн сургагч багш нар маань орон нутагт бичил уурхайчдадаа сургалт зохион байгуулсан.

Аргачлалынхаа дагуу бичил уурхай эрхлэгчид 210 га талбайд нөхөн сэргээлтийн ажлыг хийж гүйцэтгэлээ. Техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийж, тухайн орон нутагтаа хүлээлгэн өгсөн. Гэхдээ манай бичил уурхайчдын нөхөн сэргээлт хийн хүлээлгэж өгсөн газарт хууль бусаар компани, хувь хүмүүс дайрч орох асуудлууд нэлээдгүй гарч байлаа. Дээвэр холбооны зүгээс тухайн үед хэвлэлийн бага хурал хийж, хууль бус үйлдлийг таслан зогсоож байсан.

-Сорьцын асуудлаас болж бичил уурхайчид ченжүүдээр дамжуулж олборлосон алтаа Монголбанканд өгдөг. Уг асуудлыг шийдэх ямар боломж байна вэ?

-Монголбанкны эрдэнэсийн санд олборлосон алтаа шууд тушаах механизмыг бүрдүүлж байна. 2016 онд улсын хэмжээнд Монголбанканд 18.3 тонн алт тушаасан байдаг. Түүний 10.3 тонныг иргэд тушаасан юм билээ. Харин иргэдийн ихэнх хувийг бичил уурхай эрхлэгчид эзэлж байгаа шүү дээ. Өөрийн чинь хэлсэнчлэн ченжүүдээр дамжуулан Монголбанканд алтаа тушаадаг байдлыг өөрчлөх хэрэгтэй байгаа юм. Энэ асуудал бол бичил уурхайчдын хувьд нэн тэргүүнд тулгарч буй асуудлуудын нэг.

Бичил уурхайгаар олборлож буй алтны нийлүүлэлтийн сүлжээг албажуулах талаар анхаарах цаг болсон. Энэ талаар төр засаг анхааралдаа авч холбогдох бодлого, хөтөлбөртөө оруулж эхэлсэн байна. Алтаа сорьцлуулахын тулд бичил уурхайчид заавал Улаанбаатар хотноо ирэх хэрэгтэй болж байгаа юм. Учир нь Монгол банк зөвхөн Үнэт метал, сорьцын хяналтын газраар сорьцлуулсан  алт авдаг.

Тэр байгууллага маань зөвхөн Улаанбаатар хотод байдаг. Иймд алт сорьцлох албан ёсны газруудыг орон нутагт эхний ээлжид бүсчилсэн байдлаар байгуулах нь зүйтэй болов уу. Мөн хаана аль аймагт олон бичил уурхайчид үйл ажиллагаа явуулж байна гэдгийг бас харгалзан үзэх байх л даа.

Зураг