Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/26-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Оюунбаатар: Бид жагсаал цуглаан хийх эрхээ эдэлнэ

Г.Мөрөн, iKon.mn
2017 оны 6 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Монгол Ардын Хувьсгалт Намаас 19:00 цагт шуурхай хэвлэлийн бага хурал зарлаж, мэдээлэл хийлээ.

МАХН-ын Сонгуулийн штабын дарга Ц.Оюунбаатар “Сонгуулийн үйл ажиллагаа улс орон даяар явагдаж байна.

Гэхдээ Сонгуулийн үйл ажиллагаа хууль зөрчиж байгаа явдал хавтгайрч, зарим тохиолдолд хурц байдалд хүрээд байна.

МАН-аас иргэдийн саналыг мөнгөөр худалдаж авч, төрийн эрхийг хууль бусаар авах гэмт хэргийн шинжтэй үйлдлийг асар их хэмжээгээр гаргаж байна.

МАН иргэдийн саналыг 10,000, 50,000, 100,000 төгрөгөөр худалдаж авах явдал хэрээс хэтэрлээ.

Бид бололцооныхоо хэрээр энэ байдлыг мөрдөж, үүний эсрэг тэмцэж байгаа. Сонгууль гэдэг зүйл утга учраа алдаж, авлигал төрийн хэмжээнд очжээ.

Мөн нэг айлын нэр дээр илүү хүнийг бүртгэж, санал өгүүлсэн тохиолдол гараад байна. Тухайлбал, Дөчин Мянгатад нэг айлд гурван хүнийг нэмж санал өгсөн явдал гарсан. 

Бид сонгуулийн энэхүү луйврыг эсэргүүцэж, тэмцэх болно. Жагсаал цуглаан хийх эрхээ эдэлнэ.

Ард иргэддээ хандаж хэлэхэд саналаа, Монголынхоо төрийг битгий худалдаарай.

Эх орон, тусгаар тогтнолоо бодож, нэр төртэйгөөр, шударгаар саналаа өгөөрэй гэж ард иргэддээ уриалъя” гэлээ. 

Хуульд ухуулагч нарын цалин гэдэг зүйл байхгүй

 

МАХН-ын хуулийн хэсгийн ахлагч Л.Мөнхсайхан "Сая МАН-аас хэвлэлийн бага хурал зарлаж хэрээ хэрээнийхээ харыг гайхав гэгчээр манайх нэр цэвэр байхад АН мөнгө тараагаад тэр нь баригдлаа мэтээр ярьж байна.

Баянгол дүүрэг дээр мөнгө тараасныг АН-ын хүмүүс илрүүлж цагдаагийн газарт шалгуулж байгаа.

Нэг тэрбум 80 сая төгрөгийг Ховд, Увс, Баян-өлгий аймгуудад хаяглачихсан. Нэг хүнд 20,000 төгрөг өгөхөөр хуваарилсан байгаа юм.

Улсын хэмжээнд ерөнхийлөгчид нэр дэвшигч 4 мянган шадар туслах, 10,000 ухуулагч ажиллуулах боломжтой.

Өөрөөр хэлбэл нийтдээ  улсын хэмжээнд нэг нэр дэвшигч 14,000 мянган шадар туслах, ухуулагч ажиллуулах эрхтэй. 

Тэгэхэд АН-ын удирдлага таван өөр мэдэгдэл хийж байна. АН-ын дарга бид ухуулагч нарынхаа цалинг өгөх гээд явж байсан гэж тайлбарладаг.

Хуульд ухуулагч нарын цалин гэдэг зүйл байхгүй.

АН, МАН-ын төлөөллүүд Баянхонгор аймагт МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарын нэрийг татуулсан учраас манайд саналаа өгөөрэй гэж зарласан тохиолдол хүртэл гарсан.

Эрүүгийн цагдаагийн газарт зургаадугаар сарын 23-ны өдөр энэ талаар бичиг өгсөн. Сонгуулийн Ерөнхий Хороо энэ мэт хууль зөрчсөн үйлдлийг таслан зогсоогооч" гэв. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.