Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/26-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Амарбаясгалан: Би сонгуулиа өгчихөөд гурван удаа гараа угаахад хурууны тэмдэглэгээ арилаагүй байна

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 6 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Ардын Намын сонгуулийн штабаас өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.

Монгол Ардын Намын ЕНБД Д.Амарбаясгалан "Хуруун дээр тэмдэглэгээ тавих шаардлагатай хэмээн Ардчилсан намаас санал гаргасны дагуу Сонгуулийн Ерөнхий хороо хүлээн авсан. Гэтэл өнөөдөр Ардчилсан намаас хурууны тэмдэглэгээг угаахаар арилдаг гэж ярьж байна. Би өнөөдөр сонгуулиа өгчихөөд гурван удаа гараа угаахад хурууны тэмдэглэгээ арилаагүй байна.

Мөн сүүлийн үед хөдөө явж буй тээврийн хэрэгслээс олдож буй мөнгөнүүд Ардчилсан намыг санал худалдаж авч байгаа гэдгийг нотолж буй юм. Тухайлбал хоёр хоногийн өмнө Говь-Алтай аймгийн Милл хаус компанийн машинд тэрбум 80 сая төгрөг байсан. Ардчилсан намаас энэ талаар таван янзын тайлбар хийсэн.

Жишээ нь сэтгүүлч Мөнхбаясгалан үүнийг ухуулагч нарын мөнгө гэсэн, АСА Дагвадорж аварга ч мөн ажилчдын мөнгө цалин хэмээсэн, харин Туваан үүнийг улсын хэмжээнд ажиллаж байгаа ажиглагч нарын цалин хөлс хэмээн ярьсан. Яагаад Ардчилсан нам улсын хэмжээнд ажиллаж байгаа ажиглагч нарын мөнгийг өгч байгаа юм бэ?

Эндээс үзэхэд Ардчилсан нам сонгууль эхэлснээс хойш иргэд сонгогчдын саналыг худалдаж авах үйлдэл хийж байна.

Ардчилсан нам энэ удаагийн сонгуульд амжилтгүй оролцоно гэдгээ мэдэж байгаа учраас ийм үйлдлүүд хийж байна гэж бид дүгнэж байна" гэв.

Ж.Мөнхбат: Нийгэмд үймээн самуун, бужигнаан, бухимдал үүсгэх эрсдэлтэй байгааг ард түмэн, иргэд, сонгогчиддоо анхааруулж байна

 
Гэрэл зургийг mpa.mn

ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат "Нэр дэвшигч Х.Баттулгын сонгуулийн төв штабын ажилчид, менежер, хэвлэлийн төлөөлөгчид нь нийгмийг зүй бус, үймээн самуунд уруу татсан зүйл цахим сүлжээгээр маш их цацаж байгаа.

Энэ нь юу гэсэн үг гэхээр хэрэв сонгууль Ардчилсан намд сөрөг байдалтайгаар болох юм бол нийгэмд үймээн самуун, бужигнаан, бухимдал үүсгэх эрсдэлтэй байгааг ард түмэн, иргэд, сонгогчиддоо албан ёсоор анхааруулж байна" гэлээ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.