Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/25-НД НИЙТЛЭГДСЭН

Гишүүн орнуудад Монголын сонгуулийн туршлагыг өргөнөөр сурталчилна гэв

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 6 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны удирдлага Азийн сонгуулийн байгууллагуудын холбооны даргаар сонгогдон ажиллаж буй Филиппин улсын Сонгуулийн Хорооны дарга ноён Ж.Андрэ Д.Баутиста тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзав.

Тэрбээр Монгол Улсад анх удаа ирж сонгуулийн ажиглалт хийхдээ, сонгуулийн санал хураалтын дүнг мэдээлж, дамжуулдаг, сонгуулийн автоматжуулсан системийг хэрхэн ашиглаж буй арга туршлагатай танилцах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

Тус улс 2016 онд болсон сонгуулийн үеэр 54 сая сонгогчидтой байж. Тэр үеэр 92 мянган санал авах байр ажиллаж байсан байна.

Филиппин улсын сонгуульд нэр дэвшигчид 3 удаа мэтгэлцдэг, дахин сонгууль явуулдаггүй зэрэг онцлогтой ажээ. Филиппин улсын сонгуулийн байгууллага дараагийн үеийн сонгуулийн автоматжуулсан системийг нэвтрүүлэх гэж байна.

Тийм учраас сонгуулийн автоматжуулсан системийг хэрэглэж буй монголын туршлагыг сонирхож байна гэдгээ тэрээр хэллээ. Филиппин улс манайхтай ижил төстэй санал авах, тоолох төхөөрөмжийг 2011 оноос хэрэглэж ирсэн байна.

Ноён Ж.Андрэ Д.Баутиста Монгол Улсад ирээд нэр дэвшигчдийн мэтгэлцээнийг ажиглаж, өнөөдөр санал авах зарим байрны үйл ажиллагаатай, мөн зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авч буйтай танилцах гэж байна гэдгээ хэллээ.

Уулзалтын үеэр Азийн сонгуулийн байгууллагуудын холбооны дарга, Филиппин улсын Сонгуулийн Хорооны дарга ноён Ж.Андрэ Д.Баутиста Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэнг Филиппин улсад айлчилахыг урив. Урилгыг талархан хүлээн авав.

 

Мөн өдөр Сонгуулийн Ерөнхий Хорооны удирдлага Дэлхийн сонгуулийн байгууллагуудын холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Монгол Улс өдгөө эгнээндээ 140 гаруй улсыг нэгтгэсэн Дэлхийн сонгуулийн байгууллагуудын холбоо үүсч байгуулагдсан цагаас эхлэн түүний үйл ажиллагаанд маш сайн оролцож ачааг нь үүрэлцэж байгааг төлөөлөгчдийн ахлагч ноён Сэон Хүн Бак тэмдэгллээ.

Гишүүн орнуудын сонгуулийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах тэдэнд дэмжлэг туслалцаа үзүүлэх зорилгын хүрээнд хүрэлцэн ирсэн тухай тэрээр дурьдаад Монгол Улс сонгуулийн автоматжуулсан системийг нэлээд амжилттай хэрэглэж байгаа бөгөөд бусад гишүүн орнуудад танай туршлагыг мэдээлж танилцуулах, хүчтэй өргөн сурталчлах бодолтой байна.

Түүнээс гадна Дэлхийн сонгуулийн байгууллагуудын холбоо Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо хамтран ажиллах тэргүүлэх боломж байгаа билээ.

Энэ хүрээнд техник, технологийн дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна гэдгээ илэрхийллээ.

Тус Холбоо нь дэлхий нийтэд ардчиллыг, олон улсын сонгуулийн байгууллагуудын хоорондын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, сонгуульд ажиллагсдын чадавхийг нэмэгдүүлэх зорилготой ажээ.

 

Эх сурвалж: Сонгуулийн Ерөнхий Хороо

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.