Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/25-НД НИЙТЛЭГДСЭН

"Улсын хэмжээнд санал авах 1,983 хэсгийг байгуулж, бэлтгэл ажлыг бүрэн хангасан"

Г.Мөрөн, iKon.mn
2017 оны 6 сарын 25
iKon.MN
 
Гэрэл зургийг Mpa.mn

Сонгуулийн Ерөнхий Хорооноос өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуультай холбоотой мэдээлэл хийлээ.

Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажил бүрэн хангагдаж, санал авах үйл ажиллагааг явуулахад бэлэн болсон талаар албаныхан мэдээлсэн юм.

Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн “Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажил бүрэн хангагдсан. Энэ удаагийн сонгуулийг Монгол Улсын Үндсэн Хууль, Сонгуулийн төв байгууллагын тухай хууль, Сонгуулийн тухай хууль, Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн дагуу зохион байгуулж явуулна.

Бэлтгэл ажлын хүрээнд аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороод, төв салбар комиссууд, мэдээлэл технологийн багууд зэрэг сонгуулийн бүх байгууллага хуулийн хугацаанд байгуулагдсан. Энэ байгууллагуудад нийтдээ 25,000 гаруй төрийн албан хаагч ажиллаж байна.

Улсын хэмжээнд сонгогчдын саналыг авах 1,983 хэсэг буюу санал авах байрыг зохион байгуулж, сонгогчдын саналыг авах бүх бэлтгэл ажлыг хийж дууссан.

Мөн сонгогчдын нэрийн жагсаалт бүрэн эцэслэж гарсан. Өнөөдрийн байдлаар 1,978,298 сонгогч саналаа өгөхөөр бүртгэгдээд байна.

“Түр хасав” тэмдэглэгээтэй буюу шоронд ял эдэлж байгаа болон 60-аас дээш хоног гадаадад зорчсон 44,724 сонгогч байгаа. Энэ хүмүүс хэрэв санал авах өдөр ирвэл “Түр хасав” тэмдэглэгээнээс хасаж, саналыг нь өгүүлэх боломжтой.

Сонгуулийг гадаадын ажиглагчид, хэвлэл мэдээллийн байгууллага өргөн бүрэлдэхүүнтэйгээр ажиглаж байна. Урт хугацааны ажиглагчид сарын өмнөөс ирсэн.

 
Гэрэл зургийг Mpa.mn

Одоогоор 37 орны 123 ажиглагч бүртгүүлж, эрхээ авсан. Үүнээс гадна Дэлхийн сонгуулийн байгууллагуудын холбооноос төлөөлөгчид, Азийн сонгуулиудын холбооны Ерөнхийлөгч, Европын парламентын ажиглагчид, Европын аюулгүй байдал, Хамтын ажиллагааны байгууллагын ажиглагчид өргөн бүрэлдэхүүнтэйгээр ирсэн байна.

Гадаадын ажиглагчдаас гадна 17,947 ажиглагч намуудаас бүртгүүлэн, эрхээ авсан байгаа.

Үндсэн санал авах ажиллагаа маргааш явагдана. Саналын хуудас тусгай нууцлалтай, нэгдсэн дугаартай, нэр дэвшигчийн зурагтай. Дүн мэдээг 22:00 цагаас хойш, дэлгэцээр шууд дамжуулан үзүүлнэ.

Дэлгэцэнд гурван нэр дэвшигчийн зургийг байршуулж, доор нь минут, секундээр саналын дүнг танилцуулна. 1,983 саналын байрнаас ирж байгаа дүн мэдээ шууд дэлгэцэн дээр гарна гэсэн үг. Мөн аймаг, дүүргүүдийн санал харагдана.

Сонгуулийн ирцийн мэдээг 12:00, 17:00, 22:00 цагт СЕХ-нд хүлээн авч, нэгтгэсний хойно нэг цагийн дараа олон нийтэд мэдээлнэ” хэмээн тайлбарлалаа.

Санал авах байранд саналын хуудас, сонгогчдын бүртгэлийн хуудас, санал авах тоолох, дүн мэдээг дамжуулах тоног төхөөрөмжүүд бүрэн хүргэдсэн бөгөөд одоогийн байдлаар цагдаагийн хамгаалалтад байгаа юм байна. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.