Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/23-НД НИЙТЛЭГДСЭН

Үндэсний үйлдвэрлэгч "Сүү" ХК жилийн хугацаатай, 17.5 хувийн хүүтэй БОНД ГАРГАЛАА

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 6 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын ууган үйлдвэр “Сүү” ХК-ийн хувьцаагаар баталгаажсан 6 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий, 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, нэг жилийн хугацаатай, жилийн 17.5 хувийн хүүтэй, хугацааны эцэст нэрлэсэн үнийг хүүгийн хамтаар эргэн төлөх “СҮҮ БОНД”-ыг Монголын Хөрөнгийн Биржээр нээлттэй арилжаалахыг 2017 оны 06-р сарын 22-ны өдөр Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл олгов.

Бондын үндсэн андеррайтераар “Голомт Капитал ҮЦК” ХХК, туслах андеррайтераар “Тэнгэр Капитал ҮЦК” ХХК, “Ард Капитал Групп ҮЦК” ХХК нар ажиллаж байна. Үнэт цаасны захиалгыг 6 дугаар сарын 29 хүртэл авч анхдагч зах зээлийн арилжааг явуулах юм.
 

СҮҮ БОНД нь 2011 оноос хойших Монголын хөрөнгийн биржээр нээлттэй гарч буй хамгийн өндөр үнийн дүнтэй бонд болж байгаа юм. Энэ нь дотоодын хөрөнгийн зах зээлд эерэг дохио болж Монголын хөрөнгө оруулалтын орчин сайжирч байгааг харуулж байна.

Монголын хөрөнгийн биржээр хамгийн сүүлд 2015 онд “Эрчим инженеринг” ХХК-ийн 500 сая төгрөгийн “Эрчим Бонд” гарч байсан ба үүний өмнө 2011 онд “Жаст Агро” ХХК-ийн 4.4 тэрбум төгрөгийн “Мах Бонд” биржээр дамжин арилжиж байв.

Сүү ХК нь хөрөнгийн зах зээлд чиглэсэн бодлогынхоо хүрээнд 2016 онд нэгж хувьцаагаа 1,000 хуваасан бөгөөд үүний үр дүнд компанийн хувьцаа эзэмшигчдийн тоо 2.5 дахин, хувьцааны арилжааны дүн 3 дахин, арилжааны идэвх 7 дахин нэмэгдсэн байна. Мөн цаашид энэхүү нээлттэй бондоос гадна хувьцаа эзэмшигчдэд чиглэсэн олон хөтөлбөр хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байна.
 
Голомт Капитал ҮЦК ХХК нь Голомт Банкны 100% хөрөнгө оруулалттай охин компани бөгөөд үнэт цаасны брокер, андеррайтерийн үйл ажиллагааг Монголын Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрлийн хүрээнд явуулдаг Монголын томоохон ҮЦК-ийн нэг юм. Үйл ажиллагаагаа эхлээд 5 жил болж байгаа тус ҮЦК нь 2015 онд Монголын анхны даатгагдсан бонд “Эрчим Бонд”-ыг амжилттай гаргаж байжээ.