Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/22-НД НИЙТЛЭГДСЭН

Жорж Клуни текилагийн үйлдвэрээ $1 тэрбумд зарахаар болжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 6 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Согтууруулах ундааны үйлдвэрлэлийн тэргүүлэгч компани Diageo PLC өндөр чанартай текила үйлдвэрлэдэг Casamigos компанийг $700 саяар худалдаж авахаар болжээ.

Ингэснээр дэлхийн хамгийн том спиртийн ундаа үйлдвэрлэгч хамгийн хурдтай өсөн нэмэгдэж байгаа текила ундааны зах зээлд орж байгаа юм. Өнгөрсөн онд дэлхий даяар текилагийн зах зээл 5.3 хувиар нэмэгдсэн байна. Харьцуулбал нийт спиртлэг ундааны салбарын зах зээлийн өсөлт 0.04 хувь байсан юм.

Casamigos компанийг 2013 онд байгуулалцсан хүмүүсийн нэг бол Холливүүдийн нэрт жүжигчин Жорж Клуни ажээ. Diageo компани ирэх 10 жилийн хугацаанд бизнесийн үр дүнгээс хамаараад $300 саяыг үүсгэн байгуулагчдад нэмж төлөхөөр тохирсон байна. Ингээд гэрээний дүн нийтдээ $1 тэрбум болж байгаа юм.

Casamigos өнгөрсөн онд 120,000 авдар текила зарсны ихэнх нь АНУ-д зарагджээ. Энэ онд тэд борлуулалтаа 170,000 авдарт хүргэхээр төлөвлөсөн байна. Жорж Клунитай хамтран тус компанийг байгуулсан бусад хүмүүс нь топ модель Синди Крауфордын нөхөр Рэнд Гербер, үл хөдлөх хөрөнгийн магнат Майк Мэлдман нар юм.

Diageo компани сүүлийн жилүүдэд Smirnoff, Captain Morgan зэрэг брэндүүдийнхээ зах зээлийг жижиг тоглогчдод алдаж эхлээд байгаа тул Casamigos-ийг авснаараа зах зээлд тэргүүлэх байр сууриа хадгалахыг зорьж байгаа аж.

Тэд зөвхөн АНУ биш, Баруун Европ зэрэг шинэ зах зээлүүдэд текила ундааг хүргэх зорилготой байгаа гэнэ. Casamigos-ийн текилагийн нэг лонх нь $45-$55 хооронд үнэтэй гурван хувилбартай.

Diageo компанийн Хойд Америкийг хариуцсан захирал Дэйрдр Махлан “Энэ ундааны төрөл нь Хойд Америкаас бусад зах зээлд харьцангуй шинэ бүтээгдэхүүн тул Casamigos-д асар их боломж байгаа гэж харж байгаа” хэмээн ярьжээ.

Тус компани 2015 онд Ирландын вискиний Bushmills брэндийг худалдаж авсан. Дараа нь Peligroso, DeLeon гэсэн хоёр текила үйлдвэрлэгчийг авсан юм. Гэхдээ тэдгээр нь жилд 10,000 авдраас ихгүй хэмжээний борлуулалт хийдэг жижиг тоглогчид юм байна.

 

Эх сурвалж: The Wall Street Journal