Эх орны ирээдүй оюутан залуусын гарт бий. Тиймээс Голомт банкны хамт олон оюунлаг залуусыг дэмжих, сурч боловсрох, харилцан туршлага солилцох, сайн анд нөхөд болох үйлсийг дэмждэг “Оюутны эрдэм шинжилгээ”-ний хурлаа 16 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.
Энэ жилийн хувьд оюутнууд эдийн засаг нийгмийн томоохон сэдвээр мэтгэлцсэнгүй. Харин хүн бүрт зайлшгүй хэрэгцээтэй санхүүгийн боловсролын мэдлэгээрээ видео контент бэлтгэн өрсөлдсөн юм. Мөн энэ жил сургууль болон курсын хязгаарлалт тогтоогоогүй учир банк санхүү эдийн засгаас бусад чиглэлээр суралцаж буй оюутнууд ч идэвхитэй хамрагдаж чадсанаараа онцлогтой байв.
Энэ удаагийн Оюутны эрдэм шинжилгээний хуралд МУИС, АШУҮИС, ХУИС, ШУТИС зэрэг 31 их дээд сургуулийн 153 оюутны бүрэлдэхүүнтэй 74 багийн 39 бүтээл ирсэн юм.
Голомт банкны зүгээс иргэдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх зорилтын хүрээнд хуримтлалын ач тус, хувьцаа ба бонд тэдгээрийн ялгаа, зээлийн хүү юунаас тогтдог вэ? зэрэг эдийн засгийн онолын мэдлэгийг энгийн ойлгомжтой хэлбэрээр бэлтгэх даалгавар өгсөн бөгөөд багуудын хувьд хошин, жүжигчилсэн, инфографик ашигласан, хөдөлгөөнт зурган гэх мэт төрлөөр видеогоо бүтээжээ.
Шилдэг бүтээлийг шалгаруулахдаа шинэлэг сэтгэлгээ, бүтээлч хандлага, эдийн засгийн онол ашиглалт, зохиомж зэргийг харгалзан үзсэн байна.
Шилдэг бүтээлүүд Голомт банкны www.edu.golomtbank.com болон www.golomtbank.com сайтад тавигдаж олны хүртээл болно.
ГОЛОМТ БАНК