Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/22-НД НИЙТЛЭГДСЭН

Хойд Солонгос Дональд Трампыг “сэтгэцийн өвчтэй хүн” гэж нэрлэлээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 6 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Шоронд хоригдож байсан америк оюутан Отто Уормбер нас барж, АНУ-Хойд Солонгосын харилцаа хүндрээд байгаа энэ үед Пёньяны төв хэвлэл Дональд Трампыг “сэтгэцийн өвчтэй хүн” гэж нэрлэлээ.

Тус улсын төрийн төв хэвлэл Родон Синмун сонин өнөөдрийн дугаартаа АНУ-ын ерөнхийлөгчийг дотооддоо тун хүнд байдалтай байгааг дурдаад түүнийг өөрөөсөө олон нийтийн анхаарлыг хөндийрүүлэхийн тулд Хойд Солонгостой сөргөөцөлдөж байна гэж шүүмжилжээ.

“Өмнөд Солонгос ‘сэтгэцийн өвчтэй’ Трампыг дагаж гүйхээ болих хэрэгтэй. Ингэхгүй бол тэднийг зөвхөн гамшиг хүлээж байна” гэж тус нийтлэлд бичсэн байна.

Өнгөрсөн оноос эхлэн олон удаагийн цөмийн болон пуужингийн туршилт явуулснаас шалтгаалан доройтоод байсан Вашингтон-Пёньяны харилцаа сүүлд тус улсад хоригдож байгаад суллагдсан оюутан залуугийн үхлээс хойш улам муудаад байгаа юм.

Отто Уормберийн үхлийн дараа Дональд Трамп Хойд Солонгосыг “харгис бурангуй дэглэм” гэж нэрлээд “наад захын хүний эрхийг хүндэлдэггүй тус дэглэмийн гарт гэмгүй хүмүүсийн амийг дахин хэлмэгдүүлэхгүй байх”-ын төлөө ажиллана гэж мэдэгдэж байлаа.

Түүний үгийг Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Ин бас давтаж, оюутны эмгэнэлт үхэлд Хойд Солонгос хариуцлага хүлээх ёстой гэж мэдэгдсэн юм. Тэрээр ирэх долоо хоногт Цагаан ордонд зочилж Трамптай анх удаа нүүр тулан уулзах гэж байгаа.

Өнгөрсөн сард сонгуульд ялалт байгуулсан Мүүн Жэ Ин уг нь Пёньянтай харилцах харилцаандаа зөөлөн бодлого барихаа зарласан нь өмнөх ерөнхийлөгч Пак Гын Хэгийн хатуу бодлогын эсрэг байр суурь юм.

Отто Уормберийн үхлийн маргааш буюу өнгөрсөн Мягмар гарагт АНУ-ын зэвсэгт хүчний хоёр B-1 бөмбөгдөгч онгоц Солонгосын хойгийн тэнгэрт сургуулийн нислэг үйлдсэн нь Хойд Солонгост зэвсгийн сүр хүчээ үзүүлсэн сүүлчийн тохиолдол байлаа.

 

Эх сурвалж: AFP