Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/22-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улс Белиз Улстай дипломат харилцаа тогтоох тухай албан мэдээнд гарын үсэг зурлаа

ikon.mn
2017 оны 6 сарын 22
iKon.MN
Зураг зураг

НҮБ-ын гишүүн бүх улстай дипломат харилцаа тогтоох зорилтын хүрээнд Монгол Улс Белиз Улстай 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Нью-Йорк хотноо дипломат харилцаа тогтоох тухай хамтарсан албан мэдээнд талууд гарын үсэг зурлаа.

Хоёр улс найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэх хоёр талын эрмэлзлийг удирдлага болгож, Дипломат харилцааны тухай Венийн конвенц, НҮБ-ын Дүрэм, олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээг баримтлахаа тохиролцов.

Дипломат харилцаа тогтоох тухай хамтарсан албан мэдээнд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд, Белиз Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч Луис Мишел Янг нар гарын үсэг зурав.

Ийнхүү Белиз Улстай дипломат харилцаа тогтоосноор хоёр талын болон олон улсын байгууллагуудын хүрээнд харилцан дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах боломж нээгдэж байна гэдэгт санал нэгтэй байгаагаа талууд илэрхийлэв.

 

Белиз нь НҮБ-ын гишүүн, парламентын засаглалтай улс юм. Төрийн тэргүүн нь Их Британийн хатан хаан II Элизабет бөгөөд амбан захирагчаар төлөөлүүлэн удирддаг. 

1964 оны 1 сард Америкийн эх газар дахь Их Британийн сүүлчийн колони Британийн Гондурас өөртөө засах эрх бүхий колонийн статустай болсон бөгөөд 1973 онд Белиз хэмээх нэртэй болжээ.

1981 онд Их британий хамтын нөхөрлөлийн орнуудын холбооны хүрээнд тусгаар тогтносон байна. Белиз нь Карибын холбоо /CARICOM/, Sistema de Integración Centroamericana (SICA) гишүүн орон юм хэмээн mn.wikipedia.org-д дурьджээ.

 

Эх сурвалж: ГХЯ