Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/22-НД НИЙТЛЭГДСЭН

"Монгол дахь Италийн Элчин сайдын яамнаас Итали болон Шенгений орнуудын виз олгож эхэллээ"

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2017 оны 6 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Бүгд Найрамдах Итали улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.

Зургаадугаар сарын 19-нд буюу энэ долоо хоногийн Даваа гарагаас Монголчууд Итали улс руу зорчихдоо заавал Бээжин явахгүйгээр Монгол дахь Элчин сайдын яаманд нь хандаж виз авах боломжтой болсон байна.

Бид үүнтэй холбоотой Элчин сайд Андре Дэ Фэлипээс товч тодруулга авсан юм.


-БНИУ-аас Монголд суугаа Элчин сайдын яаманд шууд хандаж виз авах боломжтой болжээ. Визний төрөл, хугацааны талаар мэдээлэл өгнө үү?

-Италийн Элчин сайдын яамнаас Итали болон Шенгений орнуудын визийг олгоно. Визний төрлийн хувьд аялал жуулчлал, эмчилгээ, бизнес, сургууль, хувийн хэргээр зорчих гээд бүгд хамаарна.

Явж буй зорилго нь өөр өөр учраас визний хугацаа үүнийг дагаад өөр байна. Виз мэдүүлснээс хойш ажлын гурав хоногийн дараа бэлэн болох зохицуулалтыг манайх хийж байгаа.

-Визний хураамж ямар байгаа вэ. Мөн цаг авахдаа яах вэ?

-Визний хураамж ч мөн адил явж буй зорилго, төрлөөсөө хамаараад өөр өөр байна. Манай Элчин сайдын яаманд онлайнаар хандах, эсвэл утсаар ярьж цаг авч болно.

Вэб сайт: http://www.ambulaanbaatar.esteri.it/ambasciata_ulaanbaatar/en/

Хаяг: ICC Tower 14 дүгээр давхарт

-Өмнө нь Монгол иргэд Итали улсын виз мэдүүлэхдээ хаана ханддаг байсан бэ?

-Манай Элчин сайдын яам виз олгож эхлэхээс өмнө Монгол иргэд Бээжинд байгаа Италийн Элчин сайдын яаманд очиж виз мэдүүлдэг байсан. Харин албан шугамаар явж байгаа хүмүүс Улаанбаатарт буй Германы Элчин сайдын яаманд хандаж визээ авдаг байсан.

 
Гэрэл зургийг Mpa.mn

Энэ Даваа гарагаас эхлээд /06.19/ Монгол иргэд Бээжин явах шаардлагагүй, Улаанбаатарт байгаа Италийн Элчин сайдын яаманд хандаад визээ авах бүрэн боломжтой боллоо.

Ингэснээр хоёр улсын иргэд хоорондын болон хувийн хэвшлийн байгууллагуудын харилцааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

-Италид Монгол оюутнуудыг тэтгэлгээр сургана гэсэн мэдээлэл байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Италийн сургуулиудаас олгож байгаа тэтгэлгийн нөхцөл нь сургуулиудаасаа хамаараад өөр өөр байна. Манай Гадаад Харилцааны Яамнаас олгож буй тэтгэлгийн хувьд сургуулийн төлбөр болон байрны төлбөрийг нь хариуцаж байгаа. Энэ жилдээ гурван оюутанд олгоно. Ирэх жилүүдэд хэдэн оюутанд олгох талаар одоо хэлэхэд хэцүү байна.

Учир нь Монгол Улсад анх удаа нээгдсэн дипломат төлөөлөгчийн газар учраас цөөн тоогоор эхлээд, яваандаа суралцах сонирхолтой оюутнууд олон байвал би цааш нь асуудал тавихад хялбар болно.

Би хувьдаа Италид суралцах Монгол оюутны тоо олон болоосой гэж хүсэж байна. Тиймээс Монголын боловсролын байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа. Цаашид ч хамтран ажиллах болно.