Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/22-НД НИЙТЛЭГДСЭН

Оросын батлан хамгаалахын сайдын сууж явсан онгоцыг NATO-гийн сөнөөгч онгоц “сүрдүүлжээ”

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 6 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Балтийн тэнгисийн дундын бүсэд ОХУ-ын батлан хамгаалахын сайд Сергей Шойгугийн зорчиж явсан онгоцыг NATO-гийн F-16 сөнөөгч онгоц дагаж “айлгасан” явдал өчигдөр тохиолджээ.

Сайдын онгоцыг хамгаалж явсан Оросын Су-27 сөнөөгч онгоц удалгүй түүнийг шахаж холдуулсан байна. Шойгу сайд далайн чанадад орших ОХУ-ын муж болох Калининградад аюулгүй байдлын сэдвээр албаныхантай уулзахаар явж байсан гэнэ.

Сайдын онгоцонд зорчиж явсан сэтгүүлчид энэхүү үйл явдлыг камерт буулгах, анх мэдээлжээ.

NATO-гийн онгоц Оросын иргэний нисэх онгоцонд ойртох үед Су-27 сөнөөгч түүнд ойртож, далавчаа хазайлган зэвсгээ харуулсны дараа F-16 онгоц холдон явсан байна.

Балтийн тэнгисийн усан дээр Оросын гурван онгоц нисэж явсныг дагаснаа NATO сүүлд хүлээн зөвшөөрчээ. Тэд онгоцонд ОХУ-ын сайд явааг мэдээгүй гэнэ.

“Онгоцнууд агаарын хяналтын системд хариу өгөхгүй, өөрсдийгөө таниулаагүй учраас NATO-гийн сөнөөгч онгоц тэдний хэн болохыг тодруулахаар ойртсон. Энэ бол онгоцонд хэн яваагаас үл хамааран үйлддэг NATO-гийн стандарт ажиллагаа юм” гэж мэдэгдэлд дурджээ.

Дараа нь Шойгуг Калининградаас буцахад нь хэд хэдэн Су-34 онгоц нэмж дагалдан хамгаалсан байна. Энэ үед NATO-гийн мөн хэд хэдэн онгоц сайдын онгоцонд ойртолгүйгээр зайнаас дагалдаж ниссэн гэнэ.

Сүүлийн үед ОХУ ба NATO-гийн онгоцнууд Балтийн тэнгисийн дээр тулгарах нь улам бүр ойрхон давтагдсаар байгаа юм. Балтийн эргийн улсуудыг Оросын түрэмгийллээс сэргийлэхийн тулд Польш, Литва зэрэг улсуудад умард Атлантын эвслийн орнууд цэрэг зэвсгээ бөөгнөрүүлээд байгаа нь хүйтэн дайны үеэс хойш Европт бий болсон хамгийн том тулгаралтад тооцогдож байна.

 

Эх сурвалж: Russia Today