Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/21-НД НИЙТЛЭГДСЭН

"Төрийн 500 гаруй төрлийн үйлчилгээг үнэлэх ухаалаг аппликэйшн 9 дүгээр сард бэлэн болно"

ikon.mn
2017 оны 6 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Нээлттэй засгийн түншлэлийн Ажлын хэсгийн анхдугаар хуралдаан өчигдөр боллоо.

Ажлын хэсэгт төр засгийн болон олон улсын байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгмийн төлөөллүүд багтаж байгаа юм. 

Тус ажлын хэсэг нь Монгол Улсын “Нээлттэй засгийн түншлэл”-ийн 2016-2018 оны үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөөний биелэлтийн явцыг дүгнэх, цаашид хэрэгжилтийг ханган ажиллах үүрэгтэй бөгөөд хуралдааны үеэр гишүүд өөрсдийн чиглэлээр хийж хэрэгжүүлж буй ажлаа танилцууллаа.

Хуралдааныг нээж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, Ажлын хэсгийн дарга У.Бямбасүрэн хэлэхдээ “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”-д тусгагдсан засаглалыг бэхжүүлэх зорилтуудад тулгуурлаж Нээлттэй засгийн түншлэлийн ил тод байдлыг хангах, авилгатай тэмцэх, шинэ технологийг нэвтрүүлж ашиглах, иргэдийн оролцоог дэмжин Төр, хувийн хэвшил, иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл, олон улсын байгууллагууд түншлэх нь төр засгийн үйлчилгээг ил тод, хариуцлагатай байлгах, авилгаас ангид байх нөхцөлийг бүрдүүлэхэд өндөр ач холбогдолтой гэдгийг онцлон тэмдэглэх ёстой” гэлээ. 

Нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран Улаанбаатар хот дахь төрийн 500 гаруй төрлийн үйлчилгээг үнэлэх ухаалаг аппликейшний хөгжүүлэлт хийж байгаа бөгөөд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн өргөдөл гомдлын хэсэгтэй холбох холболтууд үргэлжлэн 9 сард нээлтээ хийхээр бэлтгэл ажлын ханган ажиллаж байна гэж ажлын хэсгийн гишүүн, иргэний нийгмийн төлөөлөгч Ардчиллын боловсролын төвийн захирал Г.Ундрал танилцууллаа.

Ажлын хэсгийн үйл ажиллагааг идэвхжүүлэх чиглэлээр гишүүд байр сууриа илэрхийлэн хэлэлцүүлэг өрнүүлж, ажлын хэсгийн хуралдааныг тогтмолжуулах, зорилтуудыг хэрэгжүүлэхэд хамтын ажиллагааг илүү нягтаршуулах зэрэг асуудлуудыг хэлэлцэн тохиролцсон юм.

Монгол Улс хоёр дахь “Үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөө”-гөө Нээлттэй засгийн түншлэлээс тодорхойлсон 5 үндсэн сорилтоос 4 сорилтын хүрээнд 13 зорилтот үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр зорьж байгаагаас “Иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах Засгийн газрын 11-11” төвийн гар утасны аппликэйшн”, “Шилэн дансны системийг сайжруулах” гэсэн хоёр зорилт өмнөх “Үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөө”-өөс үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, улам боловсронгуй болгохоор тусгажээ.

“Нээлттэй засгийн түншлэл”-ийн зарчим, шалгуурт нийцсэн “Улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдлыг хангах эрх зүйн орчныг бий болгох”, “Уул уурхайн салбар дахь бенефициал өмчлөлийн талаарх мэдээллийн ил тод байдал” зэрэг зорилт, арга хэмжээг дэвшүүлэн ажиллаж байгаа аж.