Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/21-НД НИЙТЛЭГДСЭН

"Нийслэлийн өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд тодорхой ахиц гарсан хуулийн төсөл батлагдана"

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2017 оны 6 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд цаг үеийн асуудлаар өнөөдөр Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд мэдээлэл хийлээ.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас өчигдөр УИХ-д Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барьсан. Шинэчилсэн найруулгад ямар, ямар зохицуулалтыг тусгасан байгаа талаар Нийслэлийн Засаг дарга танилцууллаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “1994 оноос мөрдөгдөж байсан хуулийн зохицуулалт өнөөдөр зарим талаараа үүргээ алдаж байгаа.

Шинэ зохицуулалтуудыг зайлшгүй оруулах шаардлага байгаа юм. Өнөөдөр Улаанбаатар хотод хүн амын тоо Монгол Улсын бараг 50 хувь болсон.

Улаанбаатар хот Монгол Улсын нийгэм эдийн засгийн амьдралд 60-70 хувийн үүрэг гүйцэтгэж байна.

Дотоодын нийт бүтээгдэхүүний 64.5 хувийн Нийслэл хот үйлдвэрлэх жишээтэй. Тэгэхээр хотын энэ байдлыг үндэслэн Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэх нь зүйтэй гэсэн саналыг боловсруулаад бид Засгийн газарт өргөн барьсан.

Энэ хуулийг УИХ-д маш хурдан хугацаанд хэлэлцэж, Нийслэлийн өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд тодорхой ахиц гарсан хуулийн төсөл батлагдана гэдэгт итгэлтэй байна” хэмээн тайлбарлалаа.

Хуулийн төслийн шинэчилсэн найруулгад

  • Нийслэлийн удирдлагын нийслэлийн хөгжлийн талаар баримтлах бодлого,
  • Нийслэлийн  удирдлага, зохицуулалтын үндсэн зарчмыг шинээр томьёолох,
  • Хуулийн төслийн зорилтод Нийслэлийн оршин суугчийн эрх, үүргийг нэмж оруулах,
  • Нийслэлийн хэт төвлөрлийг сааруулж, олон төвт, суурьшлын оновчтой тогголцоонд суурилсан хот байгуулах, дэд төв, дагуул хотуудыг хөгжүүлэх үйл ажиллагааг төрөөс татварын бодлогоор зохицуулах талаар хуулийн төсөлд тодорхой зохицуулах,
  • Нийслэлийн  авто замын сүлжээ, авто тээврийн зохицуулалт зэргийг тусгасан байна.