Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/20-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Ганболд: Р.Чойномын бүтээл өөрийнх нь хүсэл тэмүүлэл байдаг

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 6 сарын 20
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

Төрийн шагналт яруу найрагч Р. Чойномын мэндэлсний 80 жилийн ойн хүрээнд өнөөдөр "Өд” сангаас"Чойном 80" эрдэм шинжилгээний бага хурал болон “Р.Чойном” зохиол бүтээлийн 13 боть ном, “Эрх чөлөө”, “Уур минь хүрч байна” хос цомгийн нээлтийг зохион байгууллаа.

"Өд" сангийн тэргүүн Д.Ганболд "Р.Чойномын зохиол бүтээл нь өөрийнх нь хүсэл тэмүүлэл, яруу найргийн чөлөөт сэтгэлгээний дуулал байдаг. Тиймээс Р.Чойномын зохиол бүтээлүүдийг өнөөгийн залуучууд унших хэрэгтэй" хэмээн онцоллоо.

Номын тухайд:

  • I-II боть нь шүлэг,
  • III-IV боть нь найраглал,
  • V-VI боть нь шүлэглэсэн тууж, роман,
  • VII-VIII боть нь өгүүллэг, тууж, роман,
  • IX боть нь орчуулгын бүтээл,
  • X боть нь захидал,
  • XI боть нь дурсамж, хууч яриа,
  • XII боть нь сурвалжлага, ярилцлага,
  • XIII боть нь судлал шинжлэл гэсэн бүтэцтэй ажээ.

Үнийн хувьд нэг ботийг нь 40,000 төгрөгөөр худалдаалах аж. 

Эдгээр ботиудыг соёлын гавьяат зүтгэлтэн яруу найрагч Д.Цэдэв, Л.Дашням, Ж.Нэргүй, Л.Нямаа, зохиолч А.Шартолгой, доктор С.Байгальсайхан, судлаач О.Содномпил, "Өд" сангийн тэргүүн, доктор Д.Ганболд нар шүүж редакторлажээ.

Р.Чойномын уран бүтээлийн өвийг хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, судлах, судалгаа шинжилгээний ажлыг дэмжих зорилгоор үйл ажиллагаа явуулдаг “Өд” сан нь 2000 оноос эхлэн нэрт найрагчийн зохиол бүтээлийг хэвлэж эхэлсэн аж. Түүнээс хойш 25 цуврал ном хэвлэгдсэн учир тэдгээр номоо ботилох хэмжээнд хүрсэн гэж үзээд уг 13 боть номыг бүтээжээ.

 
Гэрэл зургийг mpa.mn

"Эрх чөлөө" цомогт багтсан 23, "Уур минь хүрч байна" цомогт батгсан 23, нийт 46 шүлгийг ардын жүжигчин П.Цэрэндагва, төрийн соёрхолт Д.Сосорбарам, гавьяат жүжигчин Г.Равдан, Л.Чаминчулуун, Д.Жагдаг, соёлын гавьяат зүтгэлтэн нэвтрүүлэгч Г.Чулуунбат, Ж.Бямбаа, соёлын тэргүүний ажилтан жүжигчин Б.Нармандах, Ц.Цэрэнболд, яруу найрагч Н.Минжинсайхан нар уншиж амьдруулжээ.

Цомгийн хөгжмийн найруулгыг соёлын тэргүүний ажилтан Д.Сүхбаатар, Я.Батсайхан нар хийсэн бол "Анорад" компани хэвлэсэн байна.