Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/21-НД НИЙТЛЭГДСЭН

"Дасгал сургуулилт болон оновчтой шим тэжээлийн аргаар өвчтэй хүнийг эдгээж болдог"

ikon.mn
2017 оны 6 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Herbalife компанийн Хүнс Тэжээлийн Зөвлөлийн гишүүн Хүний их эмч, Доктор (Ph.D) Жулиан Альварез Гарсия манай улсад энэ сарын 17-18-ны өдрүүдэд зочилж ажилласан юм.

Тэрбээр айлчлалынхаа үеэр Монгол Улсад эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэхэд түлхэц үзүүлэх хүнс тэжээлийн боловсрол, спортын гэмтэл бэртэл болон тамирчны хооллолт сэдвээр эрүүл мэнд болон спортын эмч мэргэжилтнүүдэд сургалт явууллаа.

Спортын анагаах ухаан, спортын физиологийн чиглэлээр мэргэшсэн тэрээр хүндийг өргөлт, триатлон буюу гурван төрөлт, уулын дугуй, хөл бөмбөг сагсан бөмбөг зэрэг спортын олон төрлөөр мэргэжлийн болон үндэсний баг, тамирчдад 25 гаруй жилийн турш зөвлөгөө өгч ажиллажээ.

Түүнчлэн Доктор Гарсиа нь айлчлалынхаа хүрээнд Монголын хөл бөмбөгийн холбоотой хамтран Монголын хөл бөмбөгийн баг тамирчдад спортын эмчилгээ, тоглолтын үеэрх бэртэл гэмтэл болон шим тэжээлийн талаар сургалт зохион байгуулсан юм. Уг сургалтад Herbalife Nutrition компанийн хамтран ажилладаг Эрчим хөлбөмбөгийн клуб болон хөлбөмбөгийн үндэсний лигийн бүх багийн эмч, дасгалжуулагч нар хамрагджээ.

Түүний Монголд хийж буй анхны айлчлалын үеэр эрүүл амьдралын хэв маяг болон шим тэжээлийн талаар хэсэгхэн хором ярилцлаа.

- Сайн байна уу. Монголд тавтай морилно уу. Юуны өмнө танаас өөрийн тань тухай ерөнхий асуулт асууя. Спортын анагаах ухаанаар хэдэн жил ажиллаж байгаа вэ? Энэ чиглэлээр ажиллахыг сонгосон талаараа сонирхуулна уу?

- Энэ өдрийн мэнд хүргэе. Би анагаахын сургуулийг төгссөнөөс хойш 30 жил болж байна. Энэхүү 30 жилийнхээ 25-аас илүү хугацаанд нь спортын анагаах ухаанаар мэргэшиж ажиллаж байна. 

Яагаад би энэ чиглэлээр ажиллахаар сонгосон гэхээр анагаахын сургуульд сурж буй оюутнууд ихэвчлэн өвчний талаар үздэг . Харин би өвчний тухай судалж мэдэхээс илүүтэй хүн эрүүл байна гэж юуг хэлдэг, эрүүл байхын тулд яах ёстойг сонирхдог байсан. Тухайн үед анагаахын сургуулийн хөтөлбөрт ихэвчлэн өвчний тухай, түүнийг анагаах тухай заадаг байсан хэдий ч хүн эрүүл байхын тулд дасгал хөдөлгөөн хийж, спортоор хичээллэх хэрэгтэй гэсэн зөв дадал хэвшлийн тухай бараг заадаггүй байсан.

Одоогийн миний спортын анагаах ухааны тухай сурсан мэдлэг анагаахын сургуулиас олж авсан мэдлэг биш, харин түүнээс хойших ажиллаж байх явцдаа хуримтлуулсан туршлага юм. 

Мөн би хүнс тэжээлийн мэргэжилтэнээр зэрэг хамгаалж ажиллаж байгаа. Энэхүү мэдлэгийг ч бас анагаахын сургуулиас хойш олж авсан. Яагаад энэ чиглэлийг сонгосон гэхээр би хүмүүсийг эрүүл байхад нь туслахыг хүсдэг.  Мөн дасгал сургуулилт болон оновчтой шим тэжээлийн аргаар өвчтэй хүнийг анагааж эдгээж болдог. Ялангуяа чихрийн шижин, хэт таргалалт, зүрх судасны өвчтэй хүмүүст дасгал сургуулилт, оновчтой шим тэжээл хэрэглэх нь эм болдог. 

Үүнээс гадна анагаахын шинжлэх ухаанд урьдчилан сэргийлэх буюу хүмүүсийн боловсролоор дамжуулан нөлөөлөх гэсэн чиглэл сүүлийн үед гарч ирээд буй. Ийм ч учраас би Herbalife-д ажиллахаар шийдсэн юм. Herbalife-д зөвлөхөөр ажиллаж байгаагийн үндсэн дээр би өөрийн бодол, саналыг илүү олон хүмүүст дэлхий даяар хүргэх боломж олдож байгаа юм.

-Herbalife компанид хэзээ ажилд орсон бэ? Өнгөрсөн хугацаанд Herbalife компанид оруулсан хувь нэмэр?

-Би 11 жилийн өмнөөс Herbalife компанид зөвлөхөөр ажиллаж байгаа. Энэ нь Herbalife-н компанийн ажилтан гэсэн үг биш. Манайд зөвхөн шим тэжээлийн эрдэмтдийн зөвлөл гэж байдаг.  Би энэ зөвлөлийн гишүүн. Зөвлөлд бусад орнуудын энэ чиглэлээр мэргэшиж ажилласан эрдэмтэн докторууд байдаг. 

Бидний зүгээс компанид хэрхэн хувь нэмэр оруулдаг гэхээр бүтээгдэхүүнийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр бүтээх, мэдээллийг олон нийтэд хүргэх тал дээр хувь нэмэр оруулж ажилладаг.  Мөн бид сургалтуудыг хийхэд тус дэм болдог. Herbalife-н гишүүд бүгд анагаахын мэдлэгтэй байдаггүй, ихэвчлэн бүтээгдэхүүнээ зарж борлуулах үүрэгтэй байдаг учраас эрдэмтэд бидний үүрэг нь гишүүддээ зааж зөвлөх байдаг юм.

Дасгал сургуулилт болон оновчтой шим тэжээлийн аргаар өвчтэй хүнийг эдгээж болдог

-Спортын анагаах ухааны эмчийн хувьд та бүх төрлийн тамирчидтай хамтарч ажилладаг уу? Спорт болгон өөр болохоор, холбогдох гэмтэл бэртэл, шаардагдах анагаах ухааны мэдлэгийн цар хүрээ ч мөн өөр өөр байдаг болов уу?

-Тийм ээ. Би ер нь бүх төрлийн спортын  тамирчидтай хамтарч ажиллаж байсан. Зарим спортын төрлийн тамирчидтай илүү ойр ажилладаг. Тухайлбал, хөл бөмбөг, сагсан бөмбөг, триатлон, хүндийг өргөлтийн тамирчидтай илүү ойр байдаг. Мэдээж спорт болгоны өөрийн гэсэн онцлог, ялгаанууд байна.

Эмч нар өвчтөнүүдэд эрүүл амьдралын хэв маягийг заан, зөвлөгөө өгдөг. Гэтэл өөрөө тэрхүү зөвлөгөөний эсрэг үйлдлийг хийдэг байж болохгүй. Би үйлчлүүлэгчдэдээ үлгэр дуурайл болохын тулд спортоор хичээллэдэг. 

-Та өөрөө ямар спортод хамгийн их дуртай вэ?

-Би сэлүүрт завины спортод дуртай. Өөрөө ч үүгээрээ хичээллэдэг. Сэлүүрт завины спортоор хичээллэхэд хүний булчин их хөгждөг, мөн зүрхний үйл ажиллагаа сайжирдаг. Түүнчлэн, бусад спортыг бодоход сэлүүрт завины төрөл нь бэртэл, гэмтэл авах нь бага.

-Тамирчдын амжилтад шим тэжээл, хоол хүнс  ямар ач холбогдолтой вэ? 

- Зарим тамирчдын хувьд шим тэжээллэг хоол хүнсээ хэрэглэж чадахгүйгээс болж спортод үзүүлэх амжилт нь мууддаг. Харин зөв шим тэжээлтэй хоол хүнс  хэрэглэсэнээр тухайн тамирчны амжилт сайжирдаг. Энэ нь тэдэнд дасгал сургуулилтаа хийхэд түлхэц болж өгдөг. Тиймээс тамирчид хоол хүнс, шим тэжээлээ зөв хэмжээгээр, тохируулж хэрэглэж байх хэрэгтэй юм.

-Herbalife-ын бүтээгдэхүүнүүдийг тураах, жин хасах зорилготой хүмүүс хэрэглэдэг гэж ихэвчлэн ойлгодог. Herbalife-ын бүтээгдэхүүнүүдийг турах зорилгогүйгээр ердийн хүмүүс хэрэглэх ашиг тус байдаг уу?

-Herbalife бол шим тэжээл үйлдвэрлэдэг компани. Энэ утгаараа хүн болгоныг хүнс тэжээлээ оновчтой сонгож хэрэглэхэд нь тусалдаг. Хэрвээ тухайн хүн жингээ хаях шаардлагатай байгаа бол жин хаяхад туслах хэрэгтэй бүтээгдэхүүнүүдээс сонгож хэрэглэж болно. Мөн жин, булчингаа нэмэх хүсэлтэй хүмүүст ч зориулсан бүтээгдэхүүнүүд байдаг. Хэрэв зүрх судасны системээ сайжруулах хэрэгтэй бол үүнд мөн санал болгох бүтээгдэхүүнүүд байгаа. 

Тэгэхээр ер нь энэхүү хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүдийг их олон зорилгоор ашиглах боломжтой. Үйлчлүүлэгчид өөрсдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүнүүдээ авч хэрэглэх хэрэгтэй.

Хүний булчин чанга байх тусам урт насалдаг

-Herbalife-ийн бүтээгдэхүүнийг хэрэглэхээ больсны дараа өмнөх үр дүнг хүлээдэг ч санаснаар болдоггүй. Энэ тохиолдолд яах ёстой вэ?

-Агааржуулагчтай үед сэрүүхэн, сайхан ч эвдрэхээр нь халууцдагтай л адилхан нөхцөл үүсдэг. Гэхдээ Herbalife компанийн бүтээгдэхүүнийг өөр хүнсээр орлуулах бүрэн боломжтой. Мөн тэдгээр жимс ногоо тийм ч өндөр үнэтэй биш. Манай бүтээгдэхүүн ч боломжийн үнэтэй.

-Жирэмсэн эхчүүд Herbalife-н бүтээгдэхүүнийг хэрэглэж болох уу?

-Жирэмсэн эхчүүд өөрсдөө дур мэдэн Herbalife-ийн бүтээгдэхүүн хэрэглэж болохгүй. Ихэнх тохиолдолд зөвшөөрдөг ч заавал эмчээсээ асуух хэрэгтэй.

- Herbalife энгийн иргэд болон тамирчдад зориулж хоёр төрлийн уураг үйлдвэрлэдэг. Гэхдээ энгийн иргэд фитнессээс гараад тамирчдад зориулсан уураг уудаг. Энэ нь элэг бөөрөнд муу гэсэн яриа бий. Энэ талаар тодруулбал?

-Уураг ихэдсэнээс болж хүний элэг болон зүрхэнд сөрөг нөлөөтэй гэх яриа их олон жилийн өмнөөс гарсан. Энэ бол худлаа зүйл.  Энэ худлаа яриа нь юунаас болсон гэхээр нэг хэсэг бодибилдинг АНУ-д их хөгжиж байсан. Тэр үед бодибилдингийн тамирчид их хэмжээний уураг уудаг байсан. Мөн уурагаас гадна тэд өөр хоёр төрлийн эм уудаг байсан. Нэг нь элгийг муутгадаг анаболитикийн даавар. Харин тэмцээнд орохдоо диуретик буюу шингэн хөөдөг бодисуудыг уудаг. Ингэснээр биеийн шингэн бууж булчин илүү товойж харагддаг ч бөөр мууддаг. Эдгээр хоёр эмийг тамирчид нууцаар хэрэглэдэг байсан, учир нь энэ нь эмчийн заавраар олгодог эм.

Ингээд тамирчдын элэг бөөр муудаж эмнэлэгт очиход эмч нар “Та ямар бүтээгдэхүүн хэрэглэдэг байсан бэ” гэж асууна. Мэдээж хэрэг тамирчид зөвхөн уураг л хэрэглэсэн гэж хэлнэ. Ингээд хүмүүс уураг муу, элэг бөөрийг гэмтээдэг гэсэн ойлголттой болсон юм.

Гэхдээ шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа хийхэд уураг нь элэг бөөрөнд сөрөг нөлөөгүй гэсэн хариу гарсан. 

Мөн зарим элэг бөөрний өвчтэй хүмүүс биед хэрэглэх уургийнхаа хэмжээг багасгах шаардлагатай байдаг. Тийм ч учраас тухайн хүн ямар нэгэн эд эрхтний эмгэгтэй бол бүтээгдэхүүн хэрэглэхээсээ өмнө эмчээс заавал зөвлөгөө авах хэрэгтэй юм. Хэрэв ямар нэгэн өвчингүй бол асуудал байхгүй. Хүний бие зохих хэмжээнээс их уураг хүлээн авбал илүүдэл уургийг биеэс гаргачихдаг.

Уургийн хэмжээний хувьд хүнд тийм ч их уураг хэрэгтэй биш юм. Харин уурагны чанар чухал, мөн өдөр болгон жигд хэрэглэж чадаж байгаа эсэх нь бас чухал юм.
Тухайлбал, өглөөний хоолондоо уураг хэрэглэхгүй, оройн хоолондоо хоёр порцоор хэрэглэвэл энэ нь буруу болно. Учир нь хүний биед нүүрс ус авсан хэмжээгээр элэг, булчинд хадгалагдан үлддэг бол уураг тийм биш.

Илүүдэл нүүрс ус өөх тос болж хувирдаг бол уураг гадагшилчихдаг. Тэгэхээр тамирчид энгийн иргэдтэй ижил хэмжээний уургийг өдөрт авдаг гэсэн үг юм. Гэхдээ дасгал хийсний дараа нөхөн сэргээх уургийн коктейль уух нь зөв. Мөн уургийн найрлагаа харж, сонгоно. Булчингаа төлжүүлэх эсвэл дасгал хийн, алдсан эрч хүчээ нөхөхийн тулд өөр өөр уураг хэрэглээрэй.

-Та өдөр тутмынхаа хооллолтоос танилцуулахгүй юу?

-Би өглөө 07:00-07:30 цагийн хооронд босдог. Босмогцоо өглөөний хоол идэлгүй шууд дасгалаа хийдэг. Өглөө эрчтэй дасгал хийх нь зүрхэнд тустай.  Тэгээд алдсан шингэнээ нөхөх зорилгоор цай уудаг. Мягмар, пүрэв гарагуудад усанд сэлдэг. 45 минутад 2,000м сэлдэг. Даваа, Баасан гарагт 6 км гүйдэг. Лхагва, Бямба гарагт гэртээ байдаг сэлүүрт завины машинаар 30 минут хичээллэдэг. Дасгал хийсний дараа заавал коктейль уудаг. Өглөөний цайндаа уургийн батончик, жимс иддэг.

Испаничууд өдрийн хоолоо 13.30-14.00-ийн хооронд их хожуу иддэг л дээ. Өдрийн хоолондоо би самартай салат, туна загас, бяслаг иддэг. Манай орон чидун жимсний орон учраас чидун жимсний тосыг өдөр бүр хэрэглэнэ. Загасны мах Омега 3 агуулдаг учраас сайн идэх хэрэгтэй. Орой дахин дасгал хийж, нөхөн сэргээх үйлчилгээтэй коктэйл уудаг.  Заримдаа хөнгөн дасгал сургуулилт хийсэн тохиолдолд йогурт араас нь уудаг. Оройн хоолондоо голдуу загас, өөх тосгүй тараг, ногоо иддэг. Өдөрт 3-4 литр ус уудаг.

-Хүн ер нь эрүүл амьдрахын тулд ямар дадал зуршил бий болгож, яаж хооллож байх хэрэгтэй вэ?

-Herbalife компанийн Бие Даасан Гишүүдийн клубуудын тоо өсөж байгаагаас Монголчууд өөрсдийн эрүүл мэнд, шим тэжээлдээ ихээхэн анхаарал хандуулдаг болж байгааг олж харж байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага дасгал хөдөлгөөн тогтмол хийхийг зөвлөдөг бол АНУ-ын Анагаахын коллеж дор хаяж хоёр өдөрт нэг удаа, өөрт тохирсон дасгал хийхийг зөвлөж байна. Учир нь бидний булчин чанга байх тусам урт насалдаг.

Ямар ч дасгал хийлгүй идээд байвал тэр хүний бие дэх өөх тос нэмэгддэг. Өөх онцгой үүрэгтэй. Энэ нь биднийг өлсгөлөнгөөс хамгаалдаг. Хоол хүнсний хомсдолтой үед буюу олон зуун жилийн өмнө хүмүүст өөх тос маш их хэрэгтэй байв. Харин одоо бид хоолны арвин сонголттой болсон. Мөн тогтмол цагт хооллох боломж бүрдлээ.

Өдөр тутамдаа хүмүүс уураг, нүүрс ус, В витамин, давс агуулсан хоол хүнс сонгох нь чухал. Мөн ус сайн уух хэрэгтэй. 

-Ярилцсанд баярлалаа.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.