Уншиж байна ...
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/20-НД НИЙТЛЭГДСЭН

"Насны хишиг"-ийн хоёр дахь ээлжийг энэ сарын 25-наас олгож эхэлнэ

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2017 оны 6 сарын 20
iKon.MN
 
Гэрэл зургийг Mpa.mn

Ахмад настнуудад олгодог “Насны хишиг”-ийн хоёр дахь ээлжийн олголт хийгдэх гэж байна. Үүнтэй холбогдуулан Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Ерөнхий Газрын дэд дарга Т.Бадрахбаяраас дараах зүйлийг тодрууллаа.


-"Насны хишиг"-ийн хоёрдугаар ээлжийн олголт хэзээ эхлэх вэ?

-Жилд хоёр удаа олгохоор хуульчилсан байгаа. Эхний ээлжийнхийг Цагаан сарын өмнө 114,000 ахмадад олгосон.

Харин Үндэсний их баяр наадмын өмнө олгох “Насны хишиг”-ийн хоёр дахь ээлжийг журмын дагуу зургаадугаар сарын 25-наас долоодугаар сарын 1-ний хооронд олгоно.

Цагаан сараар авч байсан ахмадуудын нэр мэдээллийн баазад орчихсон учраас мөнгө нь шууд дансанд нь орно.

Цагаан сараас хойш буюу хоёрдугаар сарын 21-нээс долоодугаар сарын 11-ний дотор 65 нас хүрч байгаа ахмадууд сум, хорооныхоо нийгмийн ажилтнуудад очиж, бүртгэлээ хамрагдаж, "Насны хишиг"-ээ авах юм.

Долоодугаар сарын 25-н гэхэд бүх ахмадын дансанд “Насны хишиг”-ийн олголт орсон байх болно.

-Долоодугаар сарын 11-нээс хойш 65 нас хүрсэн ахмадууд ирэх жилийн олголтод хамрагдах уу?

-Ирэх оны Цагаан сарын өмнө хамрагдана. Хуулиараа долоодугаар сарын 11-нд 65 хүрсэн байвал одоо олгогдоно. Түүнээс хойш төрсөн байвал дараа жилийн Цагаан сараас “Насны хишиг”-ээ авна гэсэн үг юм.

-Одоогоор хэдэн хүнд хэдэн төгрөг олгох тооцоо байна?

-Улсын хэмжээнд 2017 онд 120,000 орчим ахмадад 20.4 тэрбум төгрөгийг олгохоор төсөвт төлөвлөгдсөн байгаа. Үүний эхний ээлж нь Цагаан сарын өмнө 114,000 ахмадад 9.5 тэрбум төгрөг олгогдсон.

Хоёр дахь ээлжинд урьдчилсан дүнгээр 118,000 орчим ахмадад 10.2 тэрбум төгрөгийн “Насны хишиг” олгогдохоор байна.

Журмын дагуу 65-70, 70-79, 80-89, 90-ээс дээш гэсэн дөрвөн насны интервалтайгаар, 80,000, 100,000, 150,000, 250,000 төгрөгийн олголт хийгдэх юм.

-“Насны хишиг” авахад ямар, ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?

-Ахмадууд маань иргэний үнэмлэхтэйгээ сум, хороондоо очиж, өргөдлийн маягт бөглөж, олголтод бүрэн хамрагдана.

Үүний дараа өөрийнх нь нэрийн данс руу буюу Хөдөлмөр, нийгмийн халамжийн газартай гэрээ бүхий Хаанбанк, Төрийн банк, Капитал банкны аль нэг салбар дахь тухайн ахмадын нэрийн дансанд олголт хийгдэнэ.

Тэгэхээр ахмадууд маань өөрөө банканд дараалал үүсгэн хүлээх болон бусад нэмэлт баримт бичиг бүрдүүлэх шаардлагагүй.