Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/19-НД НИЙТЛЭГДСЭН

Сингапурын тэргүүн гэр бүлд үүссэн хагарал

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 6 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Зүүн гараас Ли Сиен Ян, ерөнхий сайд Ли Сиен Лүн, Ли Вэй Лин

Сингапурыг үүсгэн байгуулсан эцэг гэгддэг Ли Куан Юг нас барснаас хойш хоёр жил орчмын дараа түүний үр хүүхдүүдийн дунд үүссэн хагарал олны дунд ил болжээ.

Малайзийн нэгэн ядуу хот байсан Сингапурыг $300 тэрбумын эдийн засагтай, санхүүгийн том төв болгосон гавьяа талийгаач ерөнхий сайдад зүй ёсоор оногддог юм. Тэрээр ийм үр дүнд хүрэхийн тулд бусдын шүүмжлэлийг дарж, нэг хүний хатуу засаглал тогтоож байсан гэгддэг.

Тэгвэл талийгаач удирдагчийн охин, алдартай тархины мэс засалч Ли Вэй Лин өөрийн том ах, ерөнхий сайд Ли Сиен Лүнийг эрх мэдлээ буруугаар ашиглаж байна хэмээн шүүмжилсэн нь удирдагчдын эсрэг дуу хоолой ховор сонсогддог Сингапурт сонин содон үзэгдэл болоод байна.

Тэрээр хэдхэн хоногийн өмнө хувийн фэйсбүүк хуудсандаа ерөнхий сайд ахыгаа дүү нарынхаа эсрэг эрх мэдлийн хүчийг ашиглаж байгааг дурдаж, цаашлаад түүнийг жирийн Сингапур хүмүүст ч ийм хандлага гаргах аюул байгааг анхааруулсан юм.

Ли Вэй Лин мэдэгдэл гаргахдаа бага ах Ли Сиен Янтай хамтарсан байна. Ли Сиен Ян нь Сингапурын Иргэний Нислэгийн Газрын даргаар ажилладаг.

Гэр бүлийн хагарал өнгөрсөн оноос хөшигний цаана өрнөж байгаад сая ил болсон нь энэ юм. Дүү нарын мэдэгдэлд ерөнхий сайдыг “хувийн улс төрийн амбицаа гүйцээхийн тулд эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж байна” гэж шүүмжилжээ.

Ерөнхий сайд Ли Сиен Лүн болон түүний эхнэр, Сингапурын баялгийн сан Темасек Холдингсийн гүйцэтгэх захирал Хо Чинь нар “сайн эцгийн нэр хүндийг” ашиглан өөрсдийн 30 настай хүү Ли Хонгид улс төрийн карьераа залгамжлуулахаар оролдож байна гэж буруутгасан байна.

Фэйсбүүкийн мэдэгдэлд тухайн үед Шотландад гэр бүлээрээ амарч байсан ерөнхий сайд хариу мэдэгдэл хийсэн юм. “Тэдний хийсэн мэдэгдэлд би гүнээ харамсаж байна. Хо Чинь бид хоёр эдгээр гүтгэлгийг, тэр дотроо хүүгийнхээ улс төрийн амбицтай холбоотой яриаг няцааж байна” гэжээ.

Гэвч дараа нь түүний эрэгтэй дүү Ли Сиен Ян эхнэрийн хамт Сингапураас явж байгаагаа  зарлаад, үүнд түүний ахын дарамт нөлөөлж байна гэсэн юм.

Түүний мэдэгдэлд “Уг нь би Сингапураас явах хүсэлгүй байна. Явах болсон цорын ганц шалтгаан бол Сиен Лүн юм” гэж бичсэн байна.

Бүх маргааны эхлэл нь талийгаач Ли Куан Югийн ихэнх насаа өнгөрөөсөн амины сууцтай холбоотой гэгддэг. Талийгаач удирдагч өөрийн амьдарч байсан сууцыг нас барсных нь дараа буулгахыг гэрээслэсэн юм.

Гэвч одоогийн ерөнхий сайд Ли Сиен Лүн эцгийнхээ гэрээслэлийг зөрчиж, сууцыг түүхэн дурсгал болгож үлдээхээр шийджээ. Гэтэл хоёр дүү нь түүнийг эцгийнхээ нэр төрийг улс төрийн амбицдаа ашиглах гэж байна гэж эсэргүүцсэн аж.

2015 онд эцгийгээ нас барсны дараахан сонгуульд ялалт байгуулж, ерөнхий сайдаар томилогдсон Ли Сиен Лүн засгийн газрын бүх шийдвэр, түүний дотор түүхт байшингийн асуудалд өөрөө оролцоогүй гэдгээ хариу мэдэгдээд байгаа юм.

Ийнхүү хагас зууны турш Сингапурыг удирдсан Ли Куан Югийн уламжлуулсан улс төрийн өв үргэлжилж чадах эсэх нь эргэлзээтэй болж эхэллээ.

 

Эх сурвалж: The Sydney Morning Herald