Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/19-НД НИЙТЛЭГДСЭН

"Мазаалай хиймэл дагуул өдөрт 5-6 удаа Монгол Улсын газар нутаг дээгүүр явна"

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 6 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын анхны хиймэл дагуул болох "Мазаалайг" Монгол Улсын Их Сургуулийн багш, судлаач Д.Эрдэнэбаатар, Т.Төртогтох, Д.Амартүвшин нар бүтээж тэрбумтан Илон Маскийн "SpaceX” компанийн “Фалкон 9” пуужингаар сансарт гаргахаар гэрээ хийж АНУ-ын Флорида муж дахь Кеннедигийн нэрэмжит сансрын буудлаас манай орны цагаар энэ сарын 04-нд өглөөний 05:07 минутад амжилттай хөөргөсөн түүхэн үйл явдал тохиосон билээ.

Харин ОУСС-аас Мазаалай хиймэл дагуулыг задгай сансарт чөлөөлөх буюу Монгол Улсын анхны хиймэл дагуул өөрийн тойрог замдаа орж ажиллаж эхлэх түүхэн үйл явдал нь энэ оны долоодугаар сарын 7-нд болохоор урьдчилсан байдлаар товлогджээ. Энэ үеэр анхны сигнал хүлээж авах, Монгол Улсын төрийн дууллыг Мазаалай хиймэл дагуулаас эгшиглүүлэх юм.

Фалкон-9 пуужин нь Драгон хэмээх сансрын хөлгийг дэлхийн тойрог замд оруулах бөгөөд Драгон хөлөг нь Олон Улсын сансрын станцтай холбогдож Монголчуудын бүтээсэн анхны “Мазаалай” хиймэл дагуулыг тээвэрлэж явах юм.

Фалкон-9 пуужин нь Кайп Канавераль дах агаарын хүчний баазад дэлхийгээс ниссэн шигээ эргэж буусан ажээ. Харин "Мазаалай" хиймэл дагуул cap орчмын дараа Олон Улсын сансрын станцаас салж өөрийн тойрог замд орон үүргээ гүйцэтгэж эхлэх учиртай. Тэрхүү түүхэн цаг мөчөөс Монгол хүний оюун ухаан, уран гараар бүтсэн Монгол улсын анхны хиймэл дагуул сансрын уудамд Монгол улсынхаа тусгаар тогтнолыг баталгаажуулах аж. Хиймэл дагуул нь өдөрт 5-6 удаа Монгол Улсын газар нутаг дээгүүр явах юм.

Монголын анхны хиймэл дагуулыг удирдах бүтээхэд Монгол Улсын Засгийн Газар, Улсын Онцгой Комисс, Онцгой Байдлын Ерөнхий Газар дэмжин оролцсон байна. Мөн уг хиймэл дагуулыг удирдах газрын станцыг Монголын ард түмэн, МУИС-ийн Оюутны холбоо, Оюутан конгресс, оюутан залуус, эрдэмтэн багш, ажилчдын хандив дэмжлэгээр бүтээн байгуулжээ.

Өнөөдөр Монголын анхны хиймэл дагуулыг хөөргөхөд хандив өргөсөн аж ахуйн нэгж байгууллага, хүмүүст МУИС-аас батламж бичиг гардуулах ёслолын үйл ажиллагааг зохион байгууллаа.

Я.Төмөрбаатар: Мазаалай хиймэл дагуул нь эдийн засгийн хувьд асар их үр ашигтай

 
Гэрэл зургийг mpa.mn

МУИС-ийн захирал, доктор Я.Төмөрбаатар "Мазаалай хиймэл дагуул нь эдийн засгийн хувьд асар их үр ашигтай. Монгол улсад сансар, огторгуй хиймэл дагуулыг хөгжүүлэх нь эдийн засгийн хувьд өндөр ач холбогдолтой.

Манай улс хэрэв сансраас өндөр нарийвчлалтай мэдээлэл бодит хугацаанд авч чадвал ой хээрийн гал түймэр, эрэл хайгуул, цас зуд, аюулт шуурга. аянгат бороо, үер зэрэг байгалийн гамшгийн үед тэдгээрээс урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах тал дээр асар их үр ашигтай.

Мөн цөлжилт, ойн ургамлын өвчнөөс сэргийлэх, ургамлын гарц. хөрсний чийгшил зэрэг хөдөө аж ахуйд нэн үнэтэй мэдээллийг цаг хугацаанд нь авч дамжуулбал малчид, тариаланчдаас эхлэн шийдвэр гаргагчдад үнэтэй мониторингийн мэдээлэл болно. Эдгээр мэдээллийг өөрсдийн хүссэн хугацаандаа, хүссэн газар нутгийн хүрээнд авч чаддаг байх нь улс орны хувьд онцгой ач холбогдолтой. 

Энэхүү хиймэл дагуулыг хөөргөхөд Монгол Улсын шадар сайд ивээлдээ авч улсын нөөцөөс 145 сая төгрөгийн хөрөнгө гаргаж өгсөн. Түүнчлэн хиймэл дагуулыг хөөргөхөд менежментийн баг ажилласан. Маш олон хүн хандив өргөсөн. Тиймээс хандив өргөсөн бүх хувь хүн, байгууллага, аж ахуйн нэгжүүд, их, дээд сургуулиуддаа талархсанаа илэрхийлье" гэв.

Мазаалай хиймэл дагуул нь үндсэн дөрвөн туршилтыг гүйцэтгэнэ

“Мазаалай” хиймэл дагуул нь 400 км-ийн өндрөөс өндөр нягтаршилтай камерыг ашиглан 100 метрийн нарийвчлалтай дэлхийн болон эх орныхоо зургийг сансраас хэсэгчлэн авч илгээнэ. 437MHz давтамжтай радио долгионоор дуут дохио болон Монгол Улсын Төрийн Дуулал сансраас эгшиглүүлнэ.

Үүнээс гадна шинжлэх ухааны дөрвөн туршилт хийх юм. Үүнд,

  1. Олон улсын газрын станцуудын өндөр синхрончлол бүхий сүлжээ үүсгэн төсөлд оролцож байгаа 7 орны газрын станцын тусламжтай урвуу GPS аргаар байрлал тогтоох,
  2. Байрлалыг нарийн тогтоосноор дагуулын хурдны өөрчлөлтийг тогтоож
  3. Улмаар түүний шалтгаан болсон агаарын нягт тодорхойлох,
  4. Дэлхийн нам орбит дахь сансрын цацраг идэвхийг судлах үүрэгтэй.

Хиймэл дагуулын хамгийн чухал ач холбогдол нь Монгол Улс сансарт өөрийн орон зайтай болж байгаагаар тусгаар тогтносон улсын баталгаа, билэг тэмдэг болж байгаа явдалд оршиж буй.

 

ФОТО

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг