Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/19-НД НИЙТЛЭГДСЭН

СОНГУУЛИЙН МОНИТОРИНГ: Аль телевизээр ХЭНИЙГ хамгийн их НЭВТРҮҮЛЖ байна вэ?

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2017 оны 6 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

"Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээ”-ний гишүүн байгууллага болох “Глоб интернэшнл төв” болон “Бодлогод залуусын хяналт” ТББ-аас өнөөдөр 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны үеэр телевизүүдэд хийгдсэн мониторингийн талаар хэвлэлийн бага хурал хийлээ.

Иргэний нийгмийн байгууллагуудаас МУ-ын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн сурталчилгаанд телевизийн мониторинг хийж Сонгуулийн тухай хууль болон СЕХ, ХХЗХ-ноос хамтран баталсан журмын хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байгаа юм байна.

Телевизийн мониторингд МҮОНТ, TV9, 25 дугаар суваг, С1, UBS гэсэн 5 телевизийг хамруулахаар сонгожээ.

Дээрх телевизүүдийг сонгохдоо Хэвлэлийн хүрээлэн, Максима ХХК-ны 2016 оны судалгаанд суурилж, олон нийтийн санхүүжилт ашигладаг, хамгийн хүртээмжтэй, орон даяар цацагддаг, агаарын долгион ашигладаг, үзэгчдийн тоо, рейтинг өндөр, цаг үеийн мэдээний хөтөлбөр нэвтрүүлдэг, зах зээлд 4-өөс дээш жил оршин тогтносон, нэр дэвшигчийн хамаарал зэрэг шалгуурыг үндэслэсэн байна.

"Нэр дэвшигчид телевизүүдэд ойролцоогоор 1 тэрбум төгрөг зарцуулаад байна"
 
Гэрэл зургийг MPA.mn

Телевизэд зарцуулсан мөнгөн зардлын талаар “Бодлогод залуусын хяналт” ТББ-ын Гүйцэтгэх захирал Ц.Мандхайхатан мэдээлэл өглөө. Тэрбээр “Улс төрийн намууд сонгуулийн хугацаанд шилэн данстай байж, сонгуулийн кампанит ажлын зарцуулалтаа ил тод, олон нийтэд мэдээлэх ёстой. Гэхдээ өнөөдрийг хүртэлх хугацаанд ямар нэгэн мэдээлэл, тайлангаа ил тод болгож тавиагүй байна. Өнгөрсөн хугацаанд улс төрийн намууд санхүүгийн ямар зардлууд гаргах гэж байгааг бид баримтжуулах гэж оролдож байна.

C1, 25 дугаар суваг, UBS, TV9 телевизүүдийн Сонгуулийн Ерөнхий Хороонд хүргүүлсэн үнийн санал дээр тулгуурлаж ерөнхий дундаж зардлыг гаргалаа. Энэ гэхдээ хатуу зүйл биш бидэнд ирүүлсэн мэдээллийг үндэслэн гаргасан тоо юм.

Ямар ч байсан өнгөрсөн 9 хоногийн хугацаанд хэвлэл, мэдээлэлд 1 тэрбум орчим төгрөгийг гурван нэр дэвшигч зарцуулсан гэдэг ерөнхий тооцоо хийлээ. Мөн айл, өрхүүдээр тарааж өгч буй хэвлэмэл материалын зардал дунджаар нэг удаагийнх нь 1 тэрбум төгрөг болж байна.

Телевизийн сурталчилгаанд зарцуулсан мөнгөн дүнг задалбал

  • Х.Баттулга 371 сая,
  • С.Ганбаатар 248 сая,
  • М.Энхболд 356 сая төгрөг байна. 

Ямар ч байсан 2 тэрбум төгрөгийг улс төрийн намууд гаргаад байгаа. Бид Сонгуулийн дараа үүнийгээ тайландаа тусгаж байна уу гэдэгт хяналт тавина” гэв.

Мониторингийн үр дүнгээс:

Энэ талаар “Глоб Интернэшнл төв”-ийн судлаач Б.Онон танилцуулга хийлээ.

 
Гэрэл зургийг MPA.mn

 

  • Тайлангийн хугацаанд 5 телевизийн нийт эфирийн 7%-ийг сонгуультай холбоотой мэдээлэл эзэлж байна.
     
  • МҮОНТ нэр дэвшигчдэд ялгавартай цаг хуваарилжээ. Тухайлбал АН-аас нэр дэвшигч Х.Баттулга нэр дэвшигчидтэй холбоотой мэдээллийн 40%-ийг эзэлсэн бол МАХН-ын нэр дэвшигч С.Ганбаатарт 33%, МАН-аас нэр дэвшигч М.Энхболдод хамгийн бага буюу 27%- тай тэнцэх цаг оногджээ. Арилжааны телевизүүдийн цаг хуваарилалтад өөрчлөлт орсон боловч өнгө аясын хувьд эрс ялгаатай мэдээлж байна.
     
  • Мониторингийн нэгдүгээр үед “TV9” телевизийн мэдээлэлд МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарын мэдээлэл, “С1” телевизийн мэдээлэлд АН-аас нэр дэвшигч Х.Баттулгын мэдээлэл, “UBS" телевизэд МАН-аас нэр дэвшигч М.Энхболдын мэдээлэл давамгайлж байсан бол мониторингийн хоёрдугаар үед энэ байр өөрчлөгдөн МАН-ын нэр дэвшигч М.Энхболдын мэдээлэл “TV9” телевизэд 45% хувиар, “С1” телевизэд 51%-иар давамгайлжээ. Харин АН-аас нэр дэвшигч Х.Баттулгын мэдээлэл UBS телевизэд 36%, 25 дугаар суваг телевизэд 46%-ийг эзэлсэн юм.
     
  • МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарын мэдээлэл арилжааны бусад телевизүүдэд 28-33%-ийг эзэлсэн бол С1 телевиз дөнгөж 1%-тай тэнцэх цаг оноожээ.
     
  • Төвийг сахисан өнгө аястай мэдээлэл улам бүр буурч сөрөг хандлагатай мэдээлэл нэмэгдэж байна. МҮОНТ-ийн төвийг сахисан өнгө аястай мэдээлэл буурч 17% болов. Таван телевизийн дунджаар магтаж сайшаасан өнгө аястай мэдээлэл 67%-иар давамгайлж байна. МҮОНТ-ийн мэдээллийн 68% нь эерэг хандлагатай байсан бол “UBS” телевизийн мэдээллийн 93% нь магтаж сайшаасан өнгө аястай байсан нь хамгийн өндөр үзүүлэлт юм. Харин “С1” телевизийн сөрөг өнгө аястай мэдээлэл хоёр дахин нэмэгдэж 50% хүрэв.
     
  • Таван телевизийн дунджаар захиалгатай, төлбөртэй нэвтрүүлгийн цаг 5 орчим пунктээр буурч 52.8% болов. МҮОНТ-ийн нийт сонгуулийн холбогдолтой мэдээллийн 71%-ийг захиалгат нэвтрүүлгийн цаг эзэлж байна. Арилжааны телевизүүдээс хамгийн их захиалгатай, төлбөртэй нэвтрүүлгийг “UBS” телевиз нэвтрүүлсэн нь 67% болжээ.
     
  • Арилжааны телевизүүдэд далд сурталчилгааны шинжийг агуулсан мэдээллийн цаг буурсан бол МҮОНТ-д далд сурталчилгааны шинжийг агуулсан мэдээлэл шинээр илэрч 6%-д хүрэв. С1 телевизийн далд сурталчилгааны шинжийг агуулсан мэдээлэл өмнөх үеэс буурсан боловч 35%-ийг эзэлж байгаа нь бусад телевизүүдтэй харьцуулахад хамгийн өндөр үзүүлэлт юм. Далд сурталчилгааг хэлбэрийн хувьд авч үзвэл Сонгуулийн тухай хуулийн 70.12-т заасныг зөрчсөн, хуулийн зүйл заалтад тусгагдаагүй ч, олон улсын хэм хэмжээгээр далд сурталчилгааны хэв шинжийг агуулсан мэдээлэл ихээр илрэв.
     
  • Сонгогчдын боловсролд зориулсан мэдээллийн хэмжээ арилжааны телевизүүдэд нэмэгдэв. Харин МҮОНТ-ийн сонгогчдын боловсролд зориулсан мэдээлэл буурч 23%-д хүрчээ. Хамгийн их сонгогчдын боловсролд зориулсан мэдээллийг С1 телевиз бэлтгэсэн нь тус телевизийн нийт сонгуультай холбоотой мэдээллийн 44%-ийг эзэлж байна. Сонгогчдын боловсролд зориулсан мэдээллийг агуулгын хувьд ангилан үзвэл гол төлөв гурван нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааны кампанит ажил явагдаж буйтай холбоотой байна. Тухайлбал нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг хараат бус, хөндлөнгийн шинжээчээр тайлбарлуулж, үнэлэлт дүгнэлт хийлгэсэн, нэр дэвшигчдийн төлөөлөл тэгш эрхтэйгээр мэтгэлцсэн зэрэг мэдээлэл дутмаг байна.
     
  • Сонгуулийн тухай хуулинд заасан цагийн хязгаарлалт буюу 82.5-т заасныг зөрчсөн тохиолдол илрээгүй. Харин 82.6, 82.14 дахь заалтуудыг зөрчих тохиолдол огцом нэмэгдэж байна.