Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/16-НД НИЙТЛЭГДСЭН

БАЙР СУУРЬ: Монгол, Орос, Хятадын худалдаа, эдийн засгийн XIII чуулганы үр дүн

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2017 оны 6 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Монгол, Орос, Хятадын худалдаа, эдийн засгийн XIII нэгдсэн чуулганы үр дүнгийн талаар өнөөдөр Монгол, Орос, Хятадын төлөөлөгчид мэдээлэл хийлээ.

Энэ удаагийн чуулга уулзалтад ОХУ-ын 14 бүс нутгийн Худалдаа, аж үйлдвэрийн танхимын нийт 60 төлөөлөгч, БНХАУ-ын 10 бүс нутгийн Худалдаа аж үйлдвэрийн танхимын нийт 50 төлөөлөгч хүрэлцэн ирж, оролцжээ.

"Чуулганаар эдийн засгийн коридорыг тойрсон асуудлыг түлхүү хэлэлцлээ"

 

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав “Хурлын үеэр Монгол Улсын эдийн засгийн нөхцөл сайжирч байгааг даган хөрөнгө оруулалт, техник технологи, санхүүгийн хамтын ажиллагаанд хамтран ажиллах хүсэл тэмүүлэл манай бизнесмэнүүдэд байгаа нь харагдлаа.

Чуулганаар эдийн засгийн коридорыг тойрсон асуудлыг түлхүү хэлэлцлээ. Мөн салбар хоорондын уулзалт, гэрээ хэлэлцээрийг амжилттай зохион байгуулсан.

Өнөөдрийн хуралдааны үр дүнд бизнесийн уулзалтууд маш амжилттай явагдаж, 300 гаруй бизнесмэн санал бодлоо солилцлоо” гэлээ.

"Монгол Улстай хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллавал ирээдүйтэй байна"

 

ОХУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын дарга С.Н.Катырин “Төлөөлөгчид маань хоёр компанитай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. 14 санамж бичгийг баталлаа. 

Бидний ажлын гол зорилт бол танхимууд болон бизнесмэнүүдийн хооронд холбоо тогтооход чиглэж байсан. Чуулганаар энэ зорилгодоо хүрсэн гэж бодож байна.

Энэ удаагийн чуулганыг маш сайн зохион байгуулсан МҮХАҮТ-нд талархснаа илэрхийлье.

Бид Монгол Улстай хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллавал ирээдүйтэй байна гэж харж байгаа. Мөн эрчим хүчний салбарт хамтран ажиллахад чиглэж байна.

Гурван улсын гол чухалчилж байгаа асуудал бол бусад зах зээлд чанартай бүтээгдэхүүн гаргах юм” гэв.

"Чуулганы үр дүн гурван улсын эдийн засаг, бүс нутгийн харилцаанд маш сайн нөлөө үзүүлнэ"

 

БНХАУ-ын Олон улсын худалдааг дэмжих хорооны орлогч дарга Чэнь Жоу 13 дахь жилдээ гурван улсын энэхүү чуулганыг амжилттай зохион байгуулж байна.

Хятадын талаас оролцож байгаа бүс нутгийн төлөөлөл Монгол Улстай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан.

Энэхүү нэгдсэн чуулганы дүнд гурван улсын танхим хоорондын харилцаа, гурван улсын эдийн засаг, бүс нутгийн харилцаанд маш сайн нөлөө үзүүлнэ гэж бодож байна.

Уг арга хэмжээг МҮХАҮТ-аас маш нарийн дэгтэй зохион байгуулсан” хэмээв.


Уулзалтын хүрээнд “Монгол, ОХУ, БНХАУ-ын хил орчмын худалдаа болон бүс нутгийн хамтын ажиллагааны хөгжлийн механизм", “Танхимууд орон нутгийн Засгийн газартай хамтын ажиллагааны дэвшилтэт шинэлэг саналаар туршлага солилцох нь” зэрэг бизнес хэлэлцүүлэг болжээ.

Түүнчлэн уул уурхай, хүнд үйлдвэрлэл, эрчим хүч, газрын тосны импорт, барилга, тээвэр, мэдээллийн технологи, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, аялал жуулчлал, ногоон бизнес зэрэг асуудлаар салбар хуралдаанууд болж тодорхой саналууд яригджээ.

Монгол, Орос, Хятадын худалдаа, эдийн засгийн XIV нэгдсэн чуулган ирэх жил БНХАУ-д зохион байгуулагдах юм байна.