Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/16-НД НИЙТЛЭГДСЭН

"Шүүх хурлыг хаалттай явуулбал өмнөх шийдвэрийн дагуу болох байх гэж эмзэглэж байна"

Г.Мөрөн, iKon.mn
2017 оны 6 сарын 16
iKon.MN

С.Зоригийн амийг хөнөөсөн Ц.Амгаланбаатар нарт холбогдох эрүүгийн хэргийн Хяналтын шатны шүүх хурал өнөөдөр Улсын Дээд Шүүхэд болох байсан боловч өмгөөлөгчийн хүсэлтээр хойшилсон юм.

Ялтан Т.Чимгээгийн өмгөөлөгч гадаад руу явж тогтмол эмчилгээ хийлгэдэг аж. 

"Дээд шүүхийн арван хүний тав нь хуулиндаа үнэнч яваасай гэж хүсэж байна"

 
Гэрэл зургийг Mpa.mn

Энэ талаар Т.Чимгээгийн нөхөр С.Бямбасүрэн “Манай өмгөөлөгч жилд нэг удаа гадаад руу эмчилгээнд явдаг. Нэгдүгээр сард явах байсан ч шүүх хурлаас болоод эмчилгээнд явж чадаагүй.

Ингээд тавдугаар сард эмчилгээндээ явж, шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан. Тавдугаар сарын 12-нд эхнэртэйгээ уулзсан.

Эхнэр минь уулзах болгондоо уйлж гарч ирдэг. Юм ярьж чадахгүй “Намайг эндээс аваач, юун төлөө энд хоригдож байгаа билээ” гэж хэлээд л уйлдаг.

Үнэхээр үнэн ялдаг л юм бол Дээд шүүхийн арван хүний тав нь хуулиндаа үнэнч яваасай гэж хүсэж байна” гэв.

"Шүүх хурлыг нээлттэй, олон түмнийхээ нүдэн дээр явуулах хэрэгтэй"

 
Гэрэл зургийг Mpa.mn

Б.Содномдаржаагийн ээж “Энэ хэргийн талаар найман настай хүүхдээс наян настай өвгөд эмгэд хүртэл мэдэж байгаа.

Энэ хурлыг нээлттэй  олон түмнийхээ нүдэн дээр хийлгэх хэрэгтэй. Үүнд Дээд Шүүх л бидэнд туслах хэрэгтэй байна.

Хаалттай явуулбал өмнөх хурлын шийдвэрийн дагуу болох байх гэж эмзэглэж байна. Шүүх хурлыг нээлттэй явуулах саналыг бид олон удаа өгсөн.

Хүүтэйгээ хүнд дэглэмт хорих ангид орсноос нь хойш уулзаагүй байгаа. Сэтгэл санаа нь ямар байгааг мэдэхгүй байна” хэмээв.

Шүүх хурал зургаадугаар сарын 28-ны өглөө 09:00 цагт болохоор товлогдсон юм.