Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/15-НД НИЙТЛЭГДСЭН

Хятад хэлний оноосон нэрийг бичихэд дагаж мөрдөх албан ёсны журамтай боллоо

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2017 оны 6 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

"Хятад хэлний үеийн галиг- Монгол хэлээр галиглах журам"  гарын авлагын нээлт өнөөдөр Мэдээлэл Технологийн Үндэсний Паркад боллоо.

Манай Улсад хятад хэлээс монгол хэлэнд орчуулахад тохиолддог нэг том бэрхшээл бол оноосон нэрийг галиглах асуудал юм.

Энэхүү асуудлыг нэг мөр болгохоор Монгол, хятад хэлний орчуулагчдын холбооноос “Хятад хэлний үеийн галиг-Монгол хэлээр галиглах журам”-ыг хэвлүүлэн гаргажээ.

"Бид хэл шинжлэлийн үндэслэлтэйгээр хятад хэлний оноосон нэрийг бичих журмыг нэг мөр болголоо"

 
Гэрэл зургийг Mpa.mn

Монгол, хятад хэлний орчуулагчдын холбооны Монгол талын дарга М.ЧимэдцэеэХүмүүс өөрийн дураар бичиж, галигладаг, энэ нь нэг мөр болоогүй байсан.

Тиймээс хятад судлалын эрдэмтдийн хамтын хөдөлмөрийн үр дүнд хятад оноосон нэрийг монгол кирил үсгээр хэрхэн галиглахыг нэг мөр болгон журамлаж байна.

Тухайлбал, Хятад улсын дарга Ши Жиньпиний нэрийг өнөөдөр Монголд зургаан янзаар бичиж байна. Тэгэхээр бид хэл шинжлэлийн үндэслэлтэйгээр хятад хэлээрх газар усны нэр, хүний нэрийг бичих журмыг нэг мөр болголоо.

Энэ журмыг Төрийн Хэлний Бодлогын Үндэсний Зөвлөлөөс албан ёсоор баталсан. Ингэснээр Монголд дагаж мөрдөх албан ёсны журам бий болж байна гэсэн үг.

Одоогоор энэ журмын дагуу Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн алба болон Гадаад Харилцааны Яам оноосон нэрсийг бичдэг болж байгаа.

Томоохон байгууллагууд түүчээлэн үлгэр жишээ үзүүлж байгаа нь Монгол хэлний тухай хуулийг хэрэгжүүлж байгаа сайн хэрэг юм” хэмээв.

"Монгол хэл шинжлэл, хэвлэл мэдээлэл, орчуулга судлалтай холбогдох хүмүүс энэ ажилд оролцсон"

 
Гэрэл зургийг Mpa.mn

Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн зөвлөх профессор Л.Маналжав “Энэхүү журмыг боловсруулахад маш олон эрдэмтэн судлаач оролцсон.

Монгол хэл шинжлэл, хэвлэл мэдээлэл, орчуулга судлалтай холбогдох хүмүүс энэ ажилд оролцсон. Олон эрдэмтний саналыг нэгтэж, энэ журмыг гаргалаа.

Ерөнхийдөө, гадаад үгийг хэрхэн галиглаж бичих зарчим тогтсон стандарттай байх ёстой. Үүнийг бид энэ удаад тогтоож өглөө гэж бодож байна.

Хятад судлал хувьд Монгол Улс дахь Шинжлэх ухааны эртний сонгодог салбар. Эртнээс нааш бид хөрш оршин сууж, олон талаараа холбогдож ирсэн.

Монголчуудын тухай Монгол бичгээрх маш олон баримт материал, сурвалж, бичгийн дурсгал Хятад улсад байна. Шинээр олдсоор ч байна.

Тэгэхээр үүнийг унших, тайлах явдал Монголын хятад судлаачид, Хятадын монгол судлаачдын хамтын хүчээр хийх ёстой ажил” гэв.

Энэхүү хятад хэлний оноосон нэрийн бичлэгийг нэг мөр болгох журмыг албан байгууллага, ялангуяа хэвлэл мэдээллийн байгууллагад тарааж, дэлгэрүүлэх ажлыг хийж байгаа юм байна.