Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/15-НД НИЙТЛЭГДСЭН

"Сонгогч шилжих бол санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө хүсэлтээ харьяа санал авах байранд бичгээр гаргаж өгнө"

ikon.mn
2017 оны 6 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуультай холбоотой асуудлаар Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний бүртгэлийн газрын дарга Д.Энхцэцэгээс зарим зүйлийг тодрууллаа.

- Танай байгууллага сонгогчдын нэрийн жагсаалтыг  аймаг, дүүргийн сонгуулийн хороогоор дамжуулан санал авах байруудад хүргүүллээ.  Сонгогчдын нэрийн жагсаалтыг үйлдэхэд  ямар үйл ажиллагааг хийж гүйцэтгэдэг вэ?

-Сонгуулийн тухай хуулийн  23.1 дэх хэсэгт заасны дагуу Сум, дүүргийн Хурлын Тэргүүлэгчдэд иргэдийн байнга оршин суугаа газрын мэдээллийн санг үндэслэн тухайн нэгжид харьяалах сонгогчдын тоон мэдээллийг 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүргүүлснээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтыг үйлдэх үйл ажиллагаа орон даяар эхэлсэн.

Сонгуулийн нутаг, дэвсгэр төвийг шинэчлэн тогтоох тухай сум, дүүргийн Иргэдийн хурлын тогтоол гарсны дараа тус газар нь иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд хэсгийн дугаарыг тогтоодог. Энэ удаагийн сонгуулиар 1,983 сонгуулийн хэсэг ажиллаж байна. 

Улсын хэмжээнд 1,983 сонгуулийн хэсэгт 2,032094 сонгогч бүртгэгдснээс 44,833 сонгуулийн эрх бүхий иргэнд “түр хасав” тэмдэглэгээ хийж, гадаад улсад санал өгөхөөр бүртгүүлсэн 7,209 сонгуулийн эрх бүхий иргэний   сонгогчдын нэрийн жагсаалтыг салбар комисст хүргүүлсэн. 

- Сонгогчдын нэрийн жагсаалтыг санал авах байранд хүргүүлснээс хойш өөрчлөлт ордог уу?

- Сонгуулийн тухай хуульд сонгогч шилжих бол санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө буюу энэ тухай хүсэлтээ өөрийн байнга оршин суугаа газрын харьяа санал авах байранд бичгээр гаргах бөгөөд санал авах байр энэ тухай улсын бүртгэлийн холбогдох байгууллагад мэдэгдэнэ.

Сонгогч шилжсэн бол шилжин очсон газрынхаа санал авах байранд санал авах өдрөөс арваас доошгүй хоногийн өмнө шилжих хуудсаа өгөх юм. Түүнийг санал авах байр улсын бүртгэлийн холбогдох байгууллагад хүргүүлнэ гэж тус тус зааснаар шилжин ирсэн, шилжин явсан сонгогчийн мэдээллийг сонгогчдын нэрийн жагсаалтад тусгах шаардлагатай тул санал авах байранд хүргүүлсэн сонгогчдын нэрийн жагсаалтад хуулийн дагуу өөрчлөлт ордог.

Сонгогчийн шилжих хүсэлтийг хүлээн авах хуулийн хугацаа  2017 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 24.00 цагаар тасалбар болсон.

Харин сонгогч шилжин ирснээ санал авах байранд  2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 00.00 цагаас өмнө бүртгүүлэхийг анхаарах хэрэгтэй. 

- Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ хэрхэн мэдэх вэ?

- Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын албан ёсны www.burtgel.mn цахим хуудсанд хандаж, регистрийн дугаараар хайлт хийж, өөрийн мэдээллээ шалгаж болно. Мөн сонгогч байнга оршин суугаа газрынхаа сонгуулийн хэсгийн санал авах байранд очиж, сонгогчдын нэрийн жагсаалт дахь өөрийн мэдээлэлтэй танилцах боломжтой.

- Иргэд сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй эсвэл буруу бүртгүүлсэн тохиолдолд яах вэ?

- Сонгуулийн тухай хуулийн 64.1 дэх хэсэгт зааснаар сонгогч өөрийн болон өөрийн гэр бүлийн аль нэг гишүүний нэр сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй буюу буруу бүртгэгдсэн бол гомдол гаргаж болно. Гэхдээ гомдлыг санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө гаргах ёстой байдаг. 

- Гадаадад 60 хоногоос дээш хугацаагаар зорчсон гэдэг үндэслэлээр “Түр хасав” тэмдэглэгээтэй сонгогч санал авах өдөр Монголдоо ирсэн байвал саналаа яаж өгөх вэ?

- Улсын бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан сонгогчдын нэрийн жагсаалтад “Түр хасав” гэсэн нэмэлт тэмдэглэгээ хийлгэсэн иргэний сонгогчдын нэрийн жагсаалтад нэмэлт тэмдэглэгээ хийлгэсэн шалтгаан нь арилсан тохиолдолд санал авах өдрөөс өмнө болон санал авах өдөр тухайн сонгогчийн өөрийнх нь хүсэлт, үндэсний гадаад паспорт, холбогдох бусад нотлох баримтыг үндэслэн сонгогчдын нэрийн жагсаалт дахь зохих тэмдэглэгээг хүчингүй болгон тухайн сонгогчийн бүртгэлийг сэргээдэг. Иймээс сонгогч та хэдийд ч сонгогчийн бүртгэлээ сэргээхээр бол санал авах байранд хандаж болно. 

- Санал авах өдөр сонгогчийн мэдээллийг хэрхэн шалгаж, бүртгэлийн хуудас олгох вэ? 

- Сонгогч санал авах өдөр хурууны хээгээ улсын бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтанд шалгуулж, бүртгэлийн хуудас авснаар санал өгөх бололцоогоор хангагдана. 

 

Эх сурвалж: Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.