Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/15-НД НИЙТЛЭГДСЭН

ТАНИЛЦ: Гурван нэр дэвшигч УУЛ УУРХАЙ, ТӨМӨР ЗАМЫН асуудалд ямар байр суурь баримтлах вэ?

Ч.Болортуяа
2017 оны 6 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

 - СОНГОГЧИЙН БОЛОВСРОЛД - 

Сонгогчид нэр дэвшигчдийн сонгоход нөлөөлдөг хамгийн гол хүчин зүйлийн нэг нь Мөрийн хөтөлбөр гэж үздэг талаарх судалгааг бид танилцуулсан. Тэгвэл сонгогчдын хувьд хамгийн чухал баримт бичгийн нэг болдог мөрийн хөтөлбөрийн харьцуулалтаар бид дөрөв дэх буюу сүүлийн цувралаа уншигч та бүхэндээ танилцуулж байна. 

Нэр дэвшигчдийн боловсруулсан мөрийн хөтөлбөртэй нэг бүрчлэн танилцаж цар хүрээний хувьд харьцуулж болохуйц 19 асуудлаар амлалтуудыг нь харьцуулж байгаа юм. 

Өнөөдөр та бүхэндээ гурван нэр дэвшигчийн:

  • 16. Шинжлэх ухаан, Технологи, инновацийг хэрхэн дэмжих вэ?
  • 17. Хөдөө орон нутгийн хөгжлийг хэрхэн дэмжих вэ?
  • 18. Уул уурхайн салбарт ямар бодлого баримтлах вэ?
  • 19. Төмөр замын асуудалд ямар байр суурьтай байх вэ? гэсэн сүүлийн дөрвөн асуултын хүрээн дэх харьцуулалтыг хүргэж байна. 
Жишээ болгон сонирхуулахад, төмөр замын талаар гэхэд нэр дэвшигч М.Энхболд "Улаанбаатар хотыг тойрон гарах төмөр зам барих Засгийн газрын үйл ажиллагааг бодлогоор дэмжинэ" гэсэн бол Х.Баттулга нэр дэвшигч "Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогоор баталсан дотоодын төмөр замын нэгдсэн сүлжээг байгуулж, хоёр хөршийн болон дэлхийн зах зээл рүү чиглэсэн төмөр замын чиглэлүүдийг барьж байгуулах бодлогыг дэмжиж ажиллах" зэрэг зорилтыг мөрийн хөтөлбөрүүддээ тусгажээ. 

Өмнөх гурван харьцуулалттай доорх холбоосуудаар орж танилцах боломжтой. Мөн нэр дэвшигч бүрийн мөрийн хөтөлбөртэй бүрэн эхээр нь танилцаж тулгалт хийж болно. 

  1. ТАНИЛЦ: Гурван нэр дэвшигчийн МӨРИЙН ХӨТӨЛБӨРИЙН ХАРЬЦУУЛАЛТ - 1
  2. ТАНИЛЦ: Гурван нэр дэвшигчийн МӨРИЙН ХӨТӨЛБӨРИЙН ХАРЬЦУУЛАЛТ - 2
  3. ТАНИЛЦ: Гурван нэр дэвшигчийн МӨРИЙН ХӨТӨЛБӨРИЙН ХАРЬЦУУЛАЛТ - 3

 

16. Шинжлэх ухаан, Технологи, инновацийг хэрхэн дэмжих вэ?
М.ЭНХБОЛД Х.БАТТУЛГА С.ГАНБААТАР 

• Хүүхэд багачуудыг үндэсний соёл, монгол дархлаатай иргэн болгон хүмүүжүүлэх, чөлөөтэй уран бүтээл туурвих, шинэ технологитой танилцан бодит сургалтад хамрагдаж, туршлага хуримтлуулахыг  дэмжинэ.

• Шинжлэх ухаан, технологийн салбарын санхүүжилтийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээг бүс нутгийн дундаж жишигт ойртуулах эрх зүйн орчин бүрдүүлнэ. Технологи, мэдлэг бий болгох, импортлох тогтолцоог бүрдүүлэх зорилгоор төр, хувийн хэвшил хамтарсан аливаа санал санаачилгыг дэмжиж, шилдэг инноваторуудыг төр, бизнесийн салбарт ажиллуулах хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгоно.

• Мэдээллийн технологи, ХАА-н чиглэлээр дэлхийн тэргүүлэх технологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, эдийн засгийн эргэлтэд оруулах төслийг дэмжиж, УИХ, Засгийн газарт чиглэл болгоно.

• Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн нэгдмэл байдлыг хангах, инновацийг хөгжүүлэх ажлыг  бодлогоор дэмжин, ажлын байрыг тогтвортой нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана.

 

Мөрийн хөтөлбөрийг бүрэн эхээр нь ЭНД дарж уншина уу.

• Шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарын хүний нөөцийг бүрдүүлэх, мэдлэгт суурилсан үйлдвэрлэл хөгжүүлэх бүх санаачилгыг дэмжих;

• Анагаах ухааны сүүлийн үеийн дэвшилтэт технологид суурилсан эрүүл мэндийн салбарын шинэчлэлийг дэмжиж, монгол хүн эх орондоо дэлхийн түвшний оношилгоо эмчилгээ хийлгэх боломж бололцоог бүрдүүлэхийг дэмжих;

• Бэлчээрийн даацад тохируулан малын тоог чанарт шилжүүлэх, ашиг шим, хүртээмжийг сайжруулах, удмын санг хамгаалах, үржил селекцийн ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй явуулах, эрүүлжүүлэх, био технологийн ололтыг нэвтрүүлэх, шинэ үүлдэр бий болгох,мал эмнэлэг, үржлийн нэгжүүдийг чадавхжуулах, бэлчээрийг усжуулах, малчдын эдийн засгийг дэмжсэн малжуулах санаачилгыг дэмжин ажиллах;

• Гадаад худалдаа, хөрөнгө оруулагчдын аж ахуйн үйл ажиллагааг хөнгөвчилсөн технологи, үйлдвэрлэлийн чөлөөт бүсийг хууль тогтоомжид нийцүүлэн байгуулахыг дэмжих;

• Монгол Улсын түүх соёл, уламжлалыг дэлхийн хэмжээнд түгээн дэлгэрүүлэхэд анхаарал тавьж, уламжлалт болон тоон технологиор бүтээсэн уран бүтээл, агуулга контентийг (дүрст бүтээл, дуу хөгжим, бусад оюуны бүтээлүүд) олон улсын зах зээлд экспортлох санаачилга, төсөл, хөтөлбөрийг дэмжиж ажиллах;

• Эдийн засгийнхаа бүтцийг шинэчлэн олон тулгууртай болгох бодлого хэрэгжүүлж, инновацид суурилсан аж үйлдвэрийг хөгжүүлэх замаар эдийн засгийн өсөлтийг хүртээмжтэй болгон, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд тэргүүн зэргийн ач холбогдол өгч ажиллана. 2016 оны 2 сарын 5-ний өдөр УИХ-ын №19 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” хөтөлбөрийг дэмжин ажиллана.

Мөрийн хөтөлбөрийг бүрэн эхээр нь ЭНД дарж уншина уу.

Таарах утга олдоогүй. Тус нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөртэй бүрэн эхээр ЭНД дарж танилцаж тулгах боломжтой 
17. Хөдөө орон нутгийн хөгжлийг хэрхэн дэмжих вэ?
М.ЭНХБОЛД Х.БАТТУЛГА С.ГАНБААТАР 

• Монгол Улсын эдийн засгийн уул уурхайн салбараас хэт хамаарлыг бууруулах чиглэлээр хөдөө аж ахуй, аялал жуулчлал, үйлдвэрлэл, эрчим хүчний салбарыг дэмжих бодлогыг бодит ажил болгохыг Засгийн газраас шаардаж ажиллана. 

• Атрын аяны хүрсэн төвшинг ахиулах, малын гаралтай түүхий эдийн үнийг тогтворжуулах бодлогод анхаарна. Хөдөө орон нутагт амьдардаг иргэдээ татвар, зээлийн бодлогоор дэмжинэ.

• Аялал жуулчлалыг бүс нутгийн онцлогт тохируулж бүсчлэн хөгжүүлэх, орон нутгийн эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн бүхий л үйл ажиллагааг дэмжиж ажиллана. 

• Мал сүргийн удмын санг хамгаалах, гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах зорилгоор улсын мал эмнэлгийн тогтолцоог сэргээн хөгжүүлэх талаар Засгийн газарт чиглэл хүргүүлнэ.

Мөрийн хөтөлбөрийг бүрэн эхээр нь ЭНД дарж уншина уу.

• Малчид, тариаланчдын орлогын эх үүсвэр болсон хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үнэгүйдлийг арилгахад чиглэсэн бодлого, аж амьдралын нөхцөлийг сайжруулахад чиглэсэн санал санаачилгуудыг дэмжин ажиллах;

• Улсын хөгжлийг орон нутгаас эхлүүлж, нутгийн өөрөө удирдах ёс, иргэдийн оролцоог дэмжих нь Ерөнхийлөгчийн үйл ажиллагааны үндсэн чиглэл байна.

• Агаарын бохирдлыг бууруулах бодлого нь эн тэргүүний зорилт байна. Иргэдийн эрүүл, аюулгүй ажиллаж, амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх, боловсрол, соёл, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үйлчилгээг газар зүйн байршлаас үл хамааран адил тэгш нөхцөлөөр хүргэх боломжийг хангах хот байгуулалт, орон нутгийн хөгжлийн бодлогыг дэмжиж ажиллана.

• Орон нутаг, аймаг сумын төвүүдийг тухайн бүс нутгийнхаа онцлог давуу талуудад тулгуурлан аялал жуулчлал, үйлдвэрлэл, үйлчилгээг тэтгэн эдийн засгийн хувьд бие даан хөгжих боломжийг төрийн бодлогоор тууштай дэмжих;


• Орон нутгаас төвлөрүүлсэн татварын тодорхой хувийг тухайн нутагт нь зориулах, зарцуулалтыг ил тод болгох, орон нутгийг бүсчлэн хөгжүүлэх бодлого, санаачилгыг дэмжих;

• Төрийн захиргааны байгууллагуудыг оновчтой байршуулах, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулсан хүртээмжит бодлогыг дэмжиж ажиллах;

Мөрийн хөтөлбөрийг бүрэн эхээр нь ЭНД дарж уншина уу.

Хөдөө аж ахуйн салбарыг тэргүүлэх салбар болгон хөгжүүлцгээе!
18. Уул уурхайн салбарт ямар бодлого баримтлах вэ?
М.ЭНХБОЛД Х.БАТТУЛГА С.ГАНБААТАР 

Уул уурхайн болон дагалдах дэд бүтцийн томоохон төсөл дэх төр, иргэдийн оролцоог оновчтой болгох, төслүүдийг цаг алдахгүй эхлүүлэхэд анхаарч, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллана. 

Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орж, орхигдсон газар нутгийг нөхөн сэргээх ажлыг буруутай этгээдээр бүрэн хийлгэх бодлого баримтална.

Мөрийн хөтөлбөрийг бүрэн эхээр нь ЭНД дарж уншина уу. 

• Байгалийн баялаг ашигласнаас олох орлогыг тусгай санд хуримтлуулан уул уурхайн бус салбарын хөгжил, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлд зарцуулах бодлогыг санаачилж эрх зүйн орчныг бүрдүүлэх;

• Монгол Улсын иргэн бүр байгалийн баялгийг тэгш, шударгаар эзэмших, хувь хүртэх, үр өгөөжийг нь ашиглах боломжийг хуулиар хамгаалах бодлого, үйл ажиллагаа, санал, санаачилгыг дэмжих;

• Монгол Улсын эдийн засаг дахь “Хүрэн эдийн засаг”-ийн хувийн жинг тогтвортой бууруулж, байгальд ээлтэй, экологийн тэнцвэрт байдлыг хадгалсан, нөхөн сэргээлт хийх бүрэн боломжтой, ил тод, хариуцлагатай уул уурхайг дэмжих;

• Эрдэс баялгийн салбарыг хөгжүүлэхдээ үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд нийцүүлэн улс төр, бизнесийн бүлэглэлийн ашиг сонирхлын зөрчилдөөний талбар болгохоос сэргийлж, баялгийг хууль бусаар өмчлөх аливаа үйлдэл эс үйлдэхүйтэй тууштай тэмцэж, эрх зүйн орчныг бүрдүүлэх;

Мөрийн хөтөлбөрийг бүрэн эхээр нь ЭНД дарж уншина уу.

Монгол хүн Монгол эх орныхоо эзэн нь байна.

Монгол хүн Монголдоо жинхэнэ эзэн нь байх ёстой. Энэ бол Монгол орныхоо байгалийн баялагт эзэн суух ёстой гэсэн үг. Байгалийн баялгаа ард түмэндээ авч өгөхийг зорих нь эх оронч үзэл мөн.

Оюутолгой гэж олон жил ярьж, тэмцэж яваа минь үүнтэй шууд холбоотой. Тавантолгойг тавиад туучихаж болохгүй, тасдаад тараачихаж хэрэггүй гэж ахин дахин хэлж байгаа минь үүнтэй холбоотой.

Мөрийн хөтөлбөрийг бүрэн эхээр нь ЭНД дарж уншина уу.

19. Төмөр замын асуудалд ямар байр суурьтай байх вэ?
М.ЭНХБОЛД Х.БАТТУЛГА С.ГАНБААТАР 

Улаанбаатар хотын тээврийн хөдөлгөөний түгжрэлийг   бууруулах, хүн, ачаа тээврийн шинэ чиглэл бий болгох зорилгоор хотыг тойрон гарах  төмөр зам барих Засгийн газрын үйл ажиллагааг бодлогоор дэмжинэ.
 

Мөрийн хөтөлбөрийг бүрэн эхээр нь ЭНД дарж уншина уу.

• Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогоор баталсан дотоодын төмөр замын нэгдсэн сүлжээг байгуулж, хоёр хөршийн болон дэлхийн зах зээл рүү чиглэсэн төмөр замын чиглэлүүдийг барьж байгуулах бодлогыг дэмжиж ажиллах;

• Монгол Улсыг олон улсын агаарын болон автозам, төмөр замын дамжин өнгөрөх тээврийн зангилаа болгох, бүс нутгийн эдийн засгийн интеграцид нэгдэн ороход үндэсний язгуур эрх ашгийг эрхэмлэн манлайлан оролцох;

Мөрийн хөтөлбөрийг бүрэн эхээр нь ЭНД дарж уншина уу.

Таарах утга олдоогүй. Тус нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөртэй бүрэн эхээр ЭНД дарж танилцаж тулгах боломжтой 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.