Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/14-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Номтойбаяр: 2018 оны нэгдүгээр сараас ТЭТГЭВЭР НЭМЭХ шийдвэр гаргалаа

ikon.mn
2017 оны 6 сарын 14
iKon.MN

Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын сайд Н.Номтойбаяр цаг үеийн асуудлаар Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамны хурлын танхимд өнөөдөр мэдээлэл хийлээ.

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/682209678631270/

Сайд Н.Номтойбаяр "Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас өмнө Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу мэдээлэл өгч байна.  2016 онд хямралтай маш хүнд Засгийн газрыг хүлээн авсан. Ерөнхий сайд Засгийг удирдаж эхэлснээр сайн үр дүнгүүд гарч эхэлсэн.

Өнгөрсөн Даваа гарагийн Хөдөлмөр нийгмийн зөвшлийн Үндэсний хороо хуралдсан. Хуралдааны үндсэн дээр 2018 оны нэгдүгээр сар гэхэд тэтгэврийг нэмэх шийдвэр гаргасан. 

Гэхдээ тэтгэврийг нэмэхдээ бага тэтгэвэр авч байгаа иргэдийн тэтгэврийг өндөр хувиар нэмэх, өндөр тэтгэвэр авч байгаа иргэдийн тэтгэврийг бага хувиар нэмэх зарчмыг баримтална.

Хоёрдугаарт, цалин нэмэх асуудал чухлаар тавигдаж байгаа. 2013 оноос хойш цалин нэмэгдээгүй, цалин тэтгэврийн худалдан авах чадамж үнэхээр бага байгаа.

Хүн амын орлогын 86 хувийг бүрдүүлж байгаа тэтгэвэр тэтгэмж, цалинг нэмж эдийн засагт ногоон гэрэл асахын хэрээр төсвийн алдагдлаа нөхөх, тооцоолсноор тэтгэврийг ямартай ч нэмэх шийдвэр гаргаж байгаа юм.

Хэд орчим төгрөгийг тэтгэвэр нэмэхэд тавих вэ гэдэг асуудал бол чухал. Урьдчилсан байдлаар дунджаар 150 орчим тэрбум тэтгэврийг дээр хэлсэн зарчмаар нэмэгдүүлнэ.

Өнөөдрийн байдлаар төрийн албан хаагчдийн тоо 186,100 байна. Харин Монгол Улсын хүн ам 3.1 сая байна.

Тэгэхээр бид цалин нэмнэ гэхээс илүүтэйгээр Хөдөлмөр нийгмийн хамгааллын Үндэсний хорооны төлөвлөгөөт ажлын хүрээнд 3.1 сая иргэддээ төрийн үйлчилгээ үзүүлэхэд хэчнээн төрийн албан хаагч байх ёстой юм бэ гэдэг тооцоо судалгааг гаргана. Өнгөрсөн 27 жилийн турш энэ тооцоо алдагдсан.

Тэгэхээр төр ямар ажлыг хийх вэ, ямар ажлыг төрийн бус байгууллагуудаар гүйцэтгүүлэх вэ гэдгийг судалж үзэж байж, цалин нэмж худалдан авах чадварыг дээшлүүлнэ.

Цалинг 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө нэмэх боломж байхгүй. Гэхдээ бид цалинг нэмэх талын бодлогыг баримталж ажиллах болно.

Төрийн албан хаагчдыг цомхотгон, чадавхжуулж цалинг нэмнэ
 
Гэрэл зургийг mpa.mn

Судалгаагаар манай яам, Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан Ажлын хэсэг шийдвэр гарган, төрийн албан хаагчдыг цомхотгон, чадавхжуулж цалинг нэмэгдүүлэх юм. 

Хэчнээн төрийн албан хаагч хасагдах вэ гэдгийг ХНХЯ, Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулан энэ долоо хоногтоо багтан Ажлын хэсэг байгуулж, судалгааг хийнэ. 

Мөн цалингийн тогтолцооны асуудал бий, хүн хэдий чинээ хөдөлмөрийн бүтээмжтэй байна тэр хэрээрээ урамшуулал тооцогддог байх судалгааны ажлыг БСШУСЯ, ЭМЯ-тай хамтран эхлүүлсэн.

150 тэрбум төгрөгөөр тэтгэврийг нэмэгдүүлнэ. Судалгааны хэсгийнхэн буюу яамны зүгээс 600,00 айлын амжиргааны түвшний судалгааг хийж, үзүүлэлтүүдийг гаргаж дууссан. 

Энэ бүх тооцооллын үндсэн дээр хэдэн хэдэн ангилалаар шугам татана.

Дараа нь хэчнээн ахмадын тэтгэврийг хэдэн хувиар нэмэгдүүлэх талаар тодорхой мэдээлэл гарна. Энэ бүхний боломжийг урьдчилсан байдлаар 150 тэрбум төгрөг гэж харж байгаа.

Үүнийг шийдвэрлэх үйл явц маш тодорхой. Тун удахгүй Засгийн газар 2018 оны төсвийг хэлэлцэнэ. Засгийн газар УИХ-д ямартай ч 2018 онд тэтгэвэр нэмэгдүүлэх байдлаар төсвийг өргөн барина.

Гэхдээ энэ зөвхөн УИХ, Засгийн газар, Байнгын хороо дангаар шийддэг асуудал биш. Хөдөлмөр нийгмийн гурван талт улсын зөвшил буюу Үндэсний хорооны байр суурь саналыг харгалзаж шийдвэрлэдэг зохицуулалттай" гэв.