Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/14-НД НИЙТЛЭГДСЭН

М.Болдсайхан: Шалгалтын сэдэв даалгавар задрах, нууцлал алдагдах боломжгүй

Б.Туул
2017 оны 6 сарын 14
Зууны мэдээ
Зураг зураг

Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалтаар эхэлнэ. Шалгалтын бэлтгэл ажил болон элсэгчид юу анхаарах талаар Боловсролын үнэлгээний төвийн элсэлтийн шалгалт хариуцсан ахлах мэргэжилтэн М.Болдсайхантай ярилцлаа.

элсэлтийн ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫГ 40,388 хүүхэд өгнө

-Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр эхэлнэ. Нийт хэчнээн хүүхэд шалгалт өгөхөөр бүртгүүлсэн бэ?

-Элсэгчдийн цахим бүртгэл дөрөвдүгээр сарын 13-ны өдөр дууссан. Энэ жил элсэлтийн ерөнхий шалгалтыг 40,388 хүүхэд өгөхөөр бүртгүүлсэн. Үүнээс 87 хувь нь 2017 оны төгсөгчид байна. Элсэгчид 10 хичээлээс давхардсан тоогоор 172 мянган шалгалт өгөхөөр бүртгүүлсэн.

-Шалгалтын бэлтгэл ажил бүрэн хангагдсан уу?

-Шалгалтын сэдэв, даалгаварт экспертүүдийн дүгнэлт хийгээд бэлэн болсон. Шалгалтын материалыг хүүхдийн тоогоор бэлтгэж, аймаг, дүүргээр нь хайрцаглаж, лацдаад орон нутаг руу илгээхэд бэлэн болгоод байна. Элсэлтийн шалгалт зохион байгуулахад улсын хэмжээнд давхардсан тоогоор 8,000 орчим хүн ажилладаг. Элсэлтийн шалгалтын зургаадугаар сарын 14-18-ны өдөр авахаар бэлтгэл ажлыг бүрэн хангасан. Улаанбаатар хотод шалгалт авах 27 төв, хөдөө орон нутагт 22 төвд элсэлтийн шалгалт авахаар байраа тоноглож бэлдээд байна. Шалгалтын байруудыг хяналтын камер, сүлжээ сарниулагч, метал илрүүлэгч, сонсох төхөөрөмж зэрэг багажаар тоноглосон. 

ЭЛСЭГЧИД ДӨРВӨН ТӨРЛИЙН БИЧИГ БАРИМТ БҮРДҮҮЛЖ ИРНЭ

-Элсэгчид маань бүртгэлийн хуудсаа баталгаажуулж дууссан байх. Энэ нь ямар учиртай баталгаажуулалт вэ. Мөн шалгалтад орох хүүхдүүд ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?

-Элсэлтийн шалгалтад орохын өмнө хүүхдүүд дөрвөн төрлийн бичиг баримт бүрдүүлэх учиртайн нэг нь бүртгэлийн хуудсыг баталгаажуулах ажил. Бүртгэлийн хуудсыг тухайн хүүхэд хэчнээн шалгалт өгөхөөр бүртгүүлсэн болон хувийн бусад мэдээллийг баталгаажуулах ёстой.

2017 онд ЕБС төгссөн хүүхдүүд өөрийн сургуулийнхаа захирлаар, харин үүнээс өмнө төгссөн шалгуулагчид Боловсролын үнэлгээний төвд бүртгүүлж баталгаажуулсан байх ёстой. Энэ нь тухайн хүүхдийн бичиг баримтын тулгалт хийж, үүнээс өөр хүүхэд шалгалтад орохгүй гэж баталгаажуулж байгаа хэрэг.

Бүрдүүлэх ёстой хоёр дахь материал нь суудлын хуваарь буюу тухайн шалгуулагч шалгалтын аль байранд, аль ангид, хэдэн цагт, хэдэн тоот ширээнд сууж, ямар шалгалт өгөхийг заасан баримт бичиг.

Гуравдугаарт, иргэний үнэмлэхтэй ирнэ. Иргэний үнэмлэх авах насанд хүрээгүй болон иргэний үнэмлэхээ үрэгдүүлсэн бол сүүлийн гурван сард авхуулсан чээж зураг, оршин суугаа хорооны тодорхойлолттой ирж болно.

Дөрөвдүгээрт, бүрэн дунд боловсролын үнэмлэх гэсэн дөрвөн бичиг баримтыг авч ирнэ.

-Шалгалтын дүнг хэзээ гаргах вэ?

-Элсэлтийн ерөнхий шалгалт дууссаны дараа зургаадугаар сарын 19-ний өдрөөс шалгалтын хуудсыг засах ажил эхэлнэ. Ингээд долоодугаар сарын 1-ний өдөр гэхэд шалгалтын бүх материалыг засаж дуусаад, Боловсролын үнэлгээний төвийн www.eec.mn сайтад байршуулж, дүн оноог нийтэд зарлана. Дүн оноог зарлахтай зэрэгцэн их, дээд сургуулиудын онлайн бүртгэл эхэлдэг.

Элсэлтийн ШАЛГАЛТЫН МАТЕРИАЛ ЗАДРАХ БОЛОМЖГҮЙ

-Математикийн улсын шалгалтын материал задарлаа. Элсэлтийн шалгалтын материалын нууцлалыг хангах тал дээр хэрхэн анхаарч байна вэ?

-Улсын шалгалт, элсэлтийн шалгалт хоёр өөр зорилготой, хоёр өөр шалгалт. Үүнийг зарим хүн ялгахгүй байх шиг. Шалгалт авдаг арга хэлбэр нь ч өөр юм. Улсын шалгалтын сэдвийг Боловсролын үнэлгээний төв боловсруулаад тухайн сургуулийн сургалтын менежерүүдтэй нууцлалын гэрээ байгуулаад шалгалтын өмнө хүлээлгэж өгдөг. Сургууль нь шалгалтыг зохион байгуулдаг.

Гэтэл энэ жил нэг сургуулийн сургалтын менежер шалгалт эхлэхээс хоёр цагийн өмнө шалгалтын сэдэв, даалгаврыг өөрийн фэйсбүүкээр зарласан нь энэ шалгалтын нэр хүндийг унагаасан, иргэдийн итгэлийг хөсөрдүүлсэн хэрэг болсон. Тэгвэл элсэлтийн ерөнхий шалгалтын сэдэв боловсруулахаас эхлээд шалгалт зохион байгуулах, эцсийн дүн гарах хүртэл бүх үйл явцыг Боловсролын үнэлгээний төв дангаараа бүрэн хариуцаж ажилладаг ялгаатай.

Жишээ нь сэдэв даалгаврыг Улаанбаатар хотоос зайдуу, гар утас, интернэтийн сүлжээ барихгүй, гаднын хүн нэвтрэх боломжгүй, тухайн постод ажиллаж байгаа хүн гадагшаа дураараа сэлгүүцэх боломжгүй нөхцөлд, цагдаагийн хамгаалалтын дор зохиодог. Ийм учраас сэдэв задрах тохиолдол гарч байгаагүй, гарах ч боломжгүй юм. Мөн шалгалтын сэдвийг хүүхэд бүрийн тоогоор хэвлэж, лацдаж ломбоддог. Шалгалт авах 49 байр руу нийт 350 орчим хайрцаг материал явуулна.

Тэр хайрцаг бүрийг лацдаж, битүүмжилдэг. Мөн шалгалтын сэдэв даалгаврыг Тагнуулын ерөнхий газрын Тусгай шуудангийн алба материалыг сэдэв зохиосон газраас тоо ёсоор нь хүлээж аваад, шалгалтын байруудад хүлээлгэж өгдөг. Ийм нарийн хяналтын дор явагддаг учир шалгалтын материал задрах боломжгүй юм. Үүнд иргэд итгэлтэй байх хэрэгтэй.

ЭЛСЭГЧИД ЮУГ АНХААРАХ ВЭ?

-Элсэлтийн шалгалт өгөх хүүхдүүд хар, хөх өнгийн үзгэн бал хэрэглэхээс эхлээд анхаарах зүйл бас багагүй байдаг. Тиймээс та энэ талаарх мэдээллийг өгөөч?

-Xар хөх өнгийн үзгэн болон тосон балаар хариултын хуудсыг бөглөнө. 2015 онд гарсан нэг тохиолдлыг санаж байна. Нэг хүүхэд хангалтгүй дүн авлаа гэж материалаа үзэх өргөдөл гаргасан. Материалыг нь татаад үзэхэд тэр хүүхэд арилдаг балаар Хариултын хуудсыг будсан байсан. Арилдаг балаар будсан учир машинд уншигдаагүй. Хүүхдүүдийн гаргадаг бас нэг алдаа бол солонгордог, саатай бал маш их хэрэглэдэг. Тэр балыг машин бас уншдаггүй. Иймд хар болон хөх өнгийн үзгэн, эсвэл тосон балтай ирэх хэрэгтэйг дахин сануулмаар байна.

-Элсэлтийн шалгалтынхаа дүн, оноонд эргэлзсэн хүүхэд материалаа хянаж үзэх боломжтой юу?

-Хариултын хуудсан дээр ямар хариу дугуйлсныг л машин уншдаг учир засалтад эргэлзэх юмгүй. Харин хүүхэд өөрөө зөв бодоод, хариултын хуудсыг буруу бөглөсөн байх тохиолдол бий. Жишээлбэл, хариултын хуудсанд дадлага хийгээгүйгээс 11-ийн С-г бөглөх гэж байгаад 12-ын С-г бөглөчихсөн байх тохиолдол бий. Эсвэл шалгалтын дэвтэр дээрээ С гэсэн хариуг гаргаад, бөглөхдөө Д-г бөглөсөн байдаг. Энэ мэт асуудал гарвал шалгалтын хуудас, хариултын хуудсыг тулгаж үзээд энэ алдаагаа мэддэг.

-Шалгуулагчид шалгалтын байрандаа хэдэн цагт очсон байх хэрэгтэй вэ?

-Шалгалтын байранд шалгалт эхлэхээс нэг цагийн өмнө очсон байх хэрэгтэй. Шалгалт эхлэхээс арван минутын өмнө суудлаа эзэлж, материалаа шалгаж байх ёстой. Ингээд шалгалтын байрны хаалга барина. Энэ үед шалгуулагчид болон хянагч багш нар гар утас, холбоо барих хэрэгсэлгүй байдаг учир шалгалтандаа сайн бэлдээд, өөртөө найдаж шалгалтаа сайн өгөөрэй гэж захимаар байна. Шалгалтын байранд хуулах оролдлого хийх, гар утас ашиглах боломжгүй.

-Элсэлтийн шалгалтын дүн гарах хүртэл шалгуулагчид 10 хоног хүлээх болдог. Техникийн дэвшлийг ашиглаад шуурхай засах боломжийг судалж байна уу?

-Элсэлтийн шалгалтыг автомат машинаар засдаг. Харин зургаадугаар сарын 14-ний өдөр болох Монгол хэлний шалгалтыг багш нар гараар засдаг. Багш нарын зассан материалыг хооронд нь сольж, дахин тулгаж хянуулдаг. Ирэх жилээс бид шалгалтын шилэн технологийг нэвтрүүлэхээр зорьж байна. Энэ нь хүүхэд шалгалт өгсөн даруйдаа дүнгээ мэддэг болно гэсэн үг.

Улсын хэмжээнд шалгалт авах 49 байр болгонд материал засагч машиныг суурилуулна. Хянагч багш шалгалтын хуудсыг нэгдсэн журмаар хураан авч битүүмжлээд, хүүхдүүдэд харуулж байгаад шалгах машинаар уншуулна. Тэгж шалгах үйл явцыг хүүхдүүд өөрсдөө болон гадаа дэлгэцээр эцэг, эх нь харж болно. Үүнийг бид шилэн технологи гэж нэрлэж байгаа юм.

-Монгол хэл, бичгийн шалгалтад 400-гаас дээш оноо авсан бол элсэлтийн ерөнхий шалгалтад орох босго оноотой байсныг энэ жилээс эхлэн хүчингүй болголоо.

-Монгол хэл, бичгийн шалгалт босго оноотой байхад хүүхдүүд маш сайн бэлдэж байсан. Үүнийгээ дагаад хүүхдүүдийн эх хэлний мэдлэг мэдэгдэхүйц сайжирсан. Гэтэл энэ жилийн хувьд  БСШУСЯ-наас босго оноо тогтоох эрхзүйн үндэсгүй гэж үзээд босго оноог хүчингүй болголоо. Энэ нь нэгэнт эхэлсэн сайн ажлаасаа ухарсан шийдвэр болсон.

Гэсэн хэдий ч үүнийг шийдвэрлүүлэхийн тулд УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хороонд энэ тал дээр дэмжих талаар албан бичиг илгээсэн. Ирэх жил энэ асуудал шийдэгдвэл эх хэлний боловсролыг дээшлүүлэхэд том дэвшил гарна.

Зураг