Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/13-НД НИЙТЛЭГДСЭН

Сайд Ц.Мөнх-Оргил АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Х.Макмастертай Цагаан ордонд уулзав

ikon.mn
2017 оны 6 сарын 13
iKon.MN
Зураг зураг

АНУ-д албан ёсны айлчлал хийж буй Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил 2017 оны 6 дугаар сарын 12-нд АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх, дэслэгч генерал Х.Макмастертай Цагаан ордонд уулзав.

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Монгол Улс өөрийн чухал гуравдагч хөрш АНУ-тай иж бүрэн түншлэлийн түвшинд хүрсэн харилцаагаа бэхжүүлж, хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр бодит алхмууд хийх эрмэлзэлтэй байгаагаа тэмдэглэв.

Хоёр орны энхийг сахиулагчид бүс нутаг, олон улсын аюулгүй, тогтвортой байдлыг хангахын төлөө мөр зэрэгцэн ажиллаж ирснийг талууд тэмдэглэж, Монгол Улс нь Афганистан Улс дахь “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд үргэлжлүүлэн оролцох болсныг нотлов.

Х.Макмастер Афганистан Улс болон олон улсын энхийг сахиулах үйл ажиллагаанд оруулж буй манай улсын хувь нэмэр, хүчин чармайлтыг өндрөөр үнэлж, “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд үргэлжлүүлэн оролцох шийдвэр гаргасанд талархал илэрхийллээ.

Мөн тэрбээр Монгол Улс, АНУ-ын хооронд тогтоосон найрсаг харилцааг бэхжүүлж, улс төр, батлан хамгаалахын хамтын ажиллагааг идэвхжүүлэхийн зэрэгцээ худалдаа, хөрөнгө оруулалтыг өргөжүүлэн хөгжүүлэх, соёл, боловсролын салбарын хамтын ажиллагаа, иргэд хоорондын хэлхээ холбоог гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь хоёр талын харилцаанд чухал түлхэц болохыг тэмдэглэв.

Уулзалтад Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Б.Алтангэрэл, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ж.Гаалт, Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Азийг хариуцсан захирал  Мэтт Потинжер нар байлцав.

Мөн Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Мянганы сорилтын корпорацийн Гүйцэтгэх захирлын үүргийг гүйцэтгэгч Жонатан Нэштай уулзаж, Монгол Улсын Засгийн газар, МСК-ийн хооронд байгуулах хоёр дахь компакт гэрээний явцын талаар санал солилцов.

АНУ-ЫН ЭНХТАЙВНЫ КОРПУС МОНГОЛ УЛСАД САЙН ДУРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДЭМЖИЖ АЖИЛЛАНА

 

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил 2017 оны 6 дугаар сарын 12-нд Энхтайвны корпусын Захирлын үүрэг гүйцэтгэгч хатагтай Ш.Кроулитай уулзаж, хамтын ажиллагааны талаар ярилцав.

Сайд Ц.Мөнх-Оргил АНУ-ын Энхтайвны корпус нь өнгөрсөн 25 жилийн хугацаанд Монголд сайн дурын ажилтнуудаа илгээн ажиллуулж, Монгол Улсын  нийгмийн хөгжилд түүний дотор эрүүл мэнд, боловсролын салбар чиглэлд ажиллуулан чухал үүрэг гүйцэтгэж ирснийг онцолж, талархал илэрхийлэв.

Хатагтай Ш.Кроули Монгол Улсын Засгийн газар сайн дурын ажилтнуудад дэмжлэг үзүүлж, нягт хамтран ажиллаж ирсэнд талархал илэрхийлж, манай талын хүсэлтийн дагуу Монголд сайн дурын үйл ажиллагааг дэмжих төсөл эхлүүлж байгааг дурдав. Энэхүү шинэ төслийн хүрээнд Энхтайвны корпус нь сайн дурын үйл ажиллагааны туршлагаа Монгол Улсын Засгийн газартай хуваалцаж, манай улсад сайн дураар үйл ажиллагаанд оролцох орчинг дэмжих зорилго бүхий бүтцийг бий болгоход хоёр тал хамтран ажиллах юм.

Улмаар Монголд ажилласан туршлагатай сайн дурын ажилтан Монголын онцлог хэрэгцээнд нийцсэн үндэсний сайн дурын үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулахад шаардагдах судалгааг хийж,  хөтөлбөрийн загварыг гаргах юм. Мөн АНУ-ын дотоодод хэрэгжүүлдэг сайн дурынхны байгууллага болох “Americorps”-ын туршлагыг судалж, хамтран ажиллах боломжийг эрэлхийлэхээр тохиров.

Энхтайвны корпусын үйл ажиллагаа Монголд эхэлсний 25 жилийн ой 2016 онд тохиосон бөгөөд энэ хугацаанд тус байгууллагын 1,200 гаруй сайн дурын ажилтан Монгол Улсын өнцөг булан бүрд ажиллажээ.

Энхтайвны корпус нь дэлхийн улс орнуудын өмнө тулгараад буй нэн чухал асуудлуудыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийн тулд шилдэг бөгөөд чадварлаг Америкчуудыг АНУ-ын нэрийн өмнөөс илгээж, ажиллуулдаг байгууллага юм. АНУ-ын Ерөнхийлөгч Жон Кеннеди 1961 онд Энхтайвны корпусыг байгуулснаас хойш 220,000 орчим Америкийн сайн дурын ажилтан дэлхийн 140 оронд ажиллаад байна.

 

Эх сурвалж: ГХЯ