Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/13-НД НИЙТЛЭГДСЭН

Зуслангийн амрагч хүүхдүүд мөнгөнд хүндэтгэлтэй хандах ухаанд суралцав

ikon.mn
2017 оны 6 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Монголбанк үндэсний мөнгөн тэмдэгтийн насжилтийг уртасгах зорилгоор “Мөнгөн тэмдэгтийн соёлтой хэрэглээ” аян санаачилж, арилжааны банкуудтай хамтран хэрэгжүүлж байна.

Хоёр сарын турш орон даяар хэрэгжиж буй аяны хүрээнд мөнгөн тэмдэгтэд зүй зохистой хандахыг уриалсан мэдээлэл түгээх, албан байгууллага, хүүхэд залуучуудад хандсан сургалт уулзалт хийх зэрэг хэд хэдэн төрлийн ажлыг олон нийтийн дунд зохион байгуулж байна.  

Өнөөдөр буюу зургаадугаар сарын 13-нд Монголбанкны Мөнгөн тэмдэгтийн газрын мэргэжилтнүүд “Сэлбэ” зуслангийн амрагч хүүхдүүдэд зориулж “Мөнгийг цэвэрхэн хэрэглэе” сэдэвт сургалт зохион байгууллаа. Сургалтад хамрагдсан хүүхдүүдийн дунд гартаа огт мөнгө барьж үзээгүй хүүхдүүд цөөн байсан ч мөнгөтэй харьцдаг ч түрийвч хэрэглэж үзээгүй хүүхдүүд олон байв.

 

Эндээс эхлэн мөнгийг түрийвчинд хийхгүй бол мөнгө хэрхэн муудаж чанараа алддаг болохыг сургагч багш нар хүүхдүүдэд ойлгуулж, тэднийг заавал түрийвчтэй болохыг зөвлөлөө.

Хэрвээ мөнгийг нугалж, базаж, зориулалтын бус газарт хийх юм бол мөнгө хэрхэн бохирддог, мөнгө нь улс үндэстэнийн тусгаар тогтнол, түүх соёлын баталгаа тул хүндэтгэлтэй хандах ёстойг тайлбарласны дараа хүүхдүүд мөнгөтэй хэрхэн зүй зохистой харьцах ёстой талаар зөв мэдээлэлтэй болцгоолоо.

О.Цолмон, 6 настай: Би мөнгө барьж үзээгүй л дээ. Гэхдээ мөнгийг хайрлахгүй бол гомдоод яваад өгнө, буцаж ирэхгүй. Мөнгийг урж, үрчийлгэж, дээр нь зураг зурж болохгүй.

 

Э.Эгшиглэн, 9 настай: Мөнгөө түрийвчид хийх ёстой гэдгийг ойлголоо. Би урд нь гартаа нугалж барьж явдаг байсан. Мөнгийг нугалах юм бол амархан муухай болж дараа нь түүний оронд шинэ мөнгө гаргах гэж их зардал гардаг юм байна.

 

А.Улсбаяр, 13 настай: Мөнгө бол хүний өдөр тутмын хэрэглээ учраас мөнгийг заавал түрийвчинд авч яваасай гэж хүмүүст хэлмээр байна. Бохир мөнгөөр олон төрлийн нян дамждаг. Мөнгөтэй цэвэрхэн хандах тусам мөнгө бохирдох нь бага байна. Мөн Монгол Улсын маань нэрийн хуудас гэж бодож байна.

 

Хүүхдүүд ийнхүү мөнгөтэй хэрхэн соёлтой хандах тухай ойлголт авсны дараа мөнгөний нууцлалтай танилцлаа. Тэд энэ хичээлээр хуурамч мөнгийг таних аргыг заалгаж мөнгөний нууцлалыг өөрсдөө олж дадлага хийлээ. 

 
 
 
 
 

 

Эх сурвалж: Монголбанк