Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/14-НД НИЙТЛЭГДСЭН

Хар тамхины хэргээр ял эдлэгсдийн ихэнх нь ЗАЛУУ БАС ДЭЭД БОЛОВСРОЛТОЙ...

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2017 оны 6 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хэрэглээ, түүнээс шалтгаалсан гэмт хэрэг сүүлийн 10 жилийн хугацаанд эрчимтэй өсчээ. Ялангуяа энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож эрүүгийн ялаар шийтгэгдсэн хүмүүс нэмэгдэж байгаа тухай Цагдаагийн Ерөнхий Газараас мэдээллээ. 

ТОО БАРИМТ: 2017 оны нэгдүгээр улирлын байдлаар хар тамхины 25 хэрэгт 75 хүн холбогдон шалгагдсан нь өмнөх оны мөн үеэс 6 хэргээр буюу 25 хувиар, холбогдогч нь 23 хүнээр буюу 44 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна. 

Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газараас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хадгалах, борлуулах, олж авах, тээвэрлэх, илгээхтэй холбоотой ял шийтгэгдсэн этгээдүүдийн талаар албан ёсны тоо гаргаж, олон нийтэд мэдээллээ.

Монголд одоогоор хар тамхины хэрэгтэй 53 ялтан, 12 хоригдогч байна. Үүний дийлэнх нь буюу 83 хувь нь эрэгтэй, үлдсэн 13 хувь нь эмэгтэй хүн ажээ.  Ял эдлэгдэгсдийн судалгаанаас харахад насны хувьд 19-29 насныхан буюу цэл залуу хүмүүс ихэвчлэн энэ төрлийн гэмт хэргээс болж шоронд оржээ. Харин түүний дараа 30-39 насныхан орж байна. 

График 1: Хар тамхинаас болж ял эдлэгсдийн насны ангилал /ШШГЕГ, 2017/

Хар тамхины гэмт хэрэгт холбогдож ял эдэлсэн иргэдийн боловсролыг аваад үзвэл 47 хувь нь бүрэн дунд боловсролтой бол дээд боловсролтой хүн 41 хувийг эзэлж байна. 

Үүнээс харахад хар тамхины хэрэг боловсрол харгалзахгүй хэн хүн бүрт хамааралтай байж болох ажээ. Ялангуяа гэр бүлийн тогтвортой харилцаатай, тогтсон орлоготой, нийгмийн чинээлэг дундаж давхаргынхан дунд хар тамхины хэрэглээ өндөр байгааг ШШГЕГ-аас тодотгов. 

График 2: Хар тамхинаас болж ял эдлэгсдийн боловсролын түвшин /ШШГЕГ, 2017/

Хар тамхитай холбоотой гэмт хэрэг үйлдэхэд ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ?

Энэ асуултад мэргэжлийн байгууллагууд дараах таван шалтгааныг нэрлэж байна. 

  • Сэтгэл санааны таагүй байдлаас ангижрах,
  • Сонирхож шохоорхох,
  • Бусдын нөлөөнд автах,
  • Хялбар аргаар мөнгө олохоор шунах,
  • Хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдал 

Хар тамхины хэрэг хатуу ял шийтгэлтэй байдаг тухай дээр дурдсан. Тэгвэл нийт ял эдлэгсдийн 36 хувь нь чанга дэглэмтэй хориход ял эдэлж байна. 

График 3: Хар тамхины хэргээр ял эдлэгсдийн дэглэм /ШШГЕГ, 2017/

Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдогсод ихэвчлэн хар тамхийг хадгалан борлуулсан шалтгаантай байдаг аж. Харин олж хэрэглэсэн шалтгаан нь цөөхөн байгаа юм. 

Учир нь хадгалан борлуулж, тээвэрлэх нь өөрөө ашиг олох, мөнгөний зорилготой байдаг. Тиймээс хар тамхи хадгалан борлуулсан этгээдийг хүнд ялаар шийтгэдэг. 

График 4: Хар тамхины хэргээр ял эдлэгсдийн гэмт хэргийн шалтгаан /ШШГЕГ, 2017/

Гурван сая хүнтэй орны хувьд хар тамхины хэрэглээ, эргэлт нэмэгдэх нь Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх ноцтой асуудал. Дээрх тоо баримтаас харахад хар тамхитай холбоотой гэмт хэргээр ялж эдэлж байгаа иргэдийн дийлэнх нь ЗАЛУУ, ДЭЭД БОЛОВСРОЛТОЙ байна. 

Ихэвчлэн боломжтой айлын хүүхдүүд, залуу хүмүүсийг онилдог учраас гэр бүл, үр хүүхэд, хайртай дотны хүмүүстээ үргэлж анхаарлаа хандуулж байх хэрэгтэй юм.