Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/13-НД НИЙТЛЭГДСЭН

Э.Макроны нам үнэмлэхүй ялалт байгууллаа

Б.Даваа, МОНГОЛЫН МЭДЭЭ
2017 оны 6 сарын 13
Монголын мэдээ
Зураг зураг

Францын Ерөнхийлөгчийн сонгуульд хэний ч мэдэхгүй намын нэр дэвшигч ялалт байгуулсан билээ. Байгуулагдаад ердөө нэг жил болж буй шинэхэн улс төрийн хүчнээс нэр дэвшсэн Эммануэль Макрон зөв менежмент ашиглан сонгуулийн сурталчилгаагаа явуулж, үр дүнд нь Францын Ерөнхийлөгч болсон.

Тэгвэл энэ сарын 11-нд тус улсын парламентын доод танхимын эхний шатны санал хураалт болж, Макроны төвийн үзэл баримтлалт “Урагшаа” нам болон түүний холбоотон болох төвийн үзэл баримтлалт улс төрийн хүчин “MoDem” нийтдээ 32.32 хувийн дэмжлэг авч, олонх болох нь нэгэнт тодорхой болжээ.

Францын Дотоод хэргийн яамнаас сонгуулийн эцсийн үр дүнд өчигдөр өглөө 01:30 цагт зарласан юм. Улмаар “Урагшаа” нам болон Ардчилсан холбоо нам нийтдээ парламентын 577 суудлын 400-445-ыг авах төлөвтэй байгаа юм. Харин Францын эрх баригч хүчин болох Социалистууд энэ сонгуулиар 200 суудлаа алдлаа. Макроны нам ердөө нэг жилийн өмнө байгуулагдсан. Тиймдээ тус намаас доод парламентад сонгогдсон гишүүд улс төрийн ямар нэг туршлагагүй “бор халзан хонинууд” байгаа юм.

Гэхдээ эцсийн үр дүн дараагийн долоо хоногийн ням гарагт болох хоёр дахь шатны санал хураалтаар эцэслэн шийдэгдэх билээ. Саналын хуудсыг бүгдийг тоолж дууссаны дараа Макроны LREM болон MoDem нам 32.3 хувийн санал авсан бол төв барууны үзэл баримтлалт Бүгд найрамдахчууд 21.5 хувь, Үндэсний Фронт нам 13.2 хувь, эрх баригч Социалистууд энэ удаа ердөө 9.5 хувийг санал тус тус авсан байна.

Энэ үзүүлэлтээр Бүгд найрамдах нам доод парламентад 70-130 суудал авах магадлалтай юм. Харин Ерөнхийлөгчийн сонгуульд Макронтой өрсөлдсөн Марин Ле Пений Үндэсний фронт нам 1-10 суудал авна гэж шинжээчид үзэж байна. Марин Ле Пен парламентын анхан шатны сонгуульд Ерөнхийлөгч Эммануэль Макроны өнгөрсөн жил байгуулсан шинэхэн нам ялалт байгуулсан явдалтай холбоотойгоор улсынхаа иргэдийг улс төрийн идэвх муутай байна гэж шүүмжилжээ.

Ерөнхийлөгч Макроны нам өөрчлөлт шинэчлэл хийхийн тулд их хуралд олонх суудлыг авах зорилго тавиад байсан юм. Тэр ч үүднээс сонгуулийн дүн сүүлийн 10 жилийн турш эрх барьсан намуудад ахин нэг томоохон цохилт болсныг олон улсын хэвлэлүүд онцолж байна. Үүнтэй холбоотойгоор Францын Ерөнхий сайд Эдуард Филипп “Франц улс эргэн ирлээ” гэж мэдэгджээ.

Улс төр судлаачид Макроны эвслийн нам сүүлийн шатны сонгуульд сонгогчдын дөрөвний гурвын дэмжлэгээр 400-440 суудал авч, ялалт байгуулах магадлалтай байна гэж үзэж байгааг “Ройтерс” агентлаг онцолжээ. Тэдний гол өрсөлдөгч нь бүгд найрамдахчууд байх бөгөөд 100 орчим суудал авч магадгүй гэж шинжээчид үзэж буй юм байна.

Нөгөөтээгүүр экс Ерөнхийлөгч Франсуа Олландын Социалист нам өмнөхөөсөө 200 суудлаа алдаж, намаасаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр өрсөлдсөн Бенойт Хамон хүртэл хоёр дахь шатны сонгуульд үлдэж чадаагүй байна. Сонгууль хоёр үе шаттай бөгөөд ирэх ням гарагт буюу зургаадугаар сарын 18-нд Үндэсний ассемблейн доод танхимын 577 гишүүнийг сонгох сонгуулийн хоёр дахь үе шат явагдах юм.

Зураг