Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/12-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол, ОХУ-ын ерөнхийлөгч нар хоёр талын уулзалт хийжээ

ikon.mn
2017 оны 6 сарын 12
iKon.MN
 

Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Астана хотод болсон ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдааны үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар хоёр талын уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр Монгол Улс, ОХУ-ын хоёр талын харилцааг цаашид улам өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцон ярилцлаа.

Мөн ОХУ-аас Монголд оруулах хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа нь хоёр талын харилцааг өргөжүүлэхэд чухал гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэмдэглэлээ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “ОХУ-тай тогтоосон харилцаа бүр сайн харилцаа байдаг. ОХУ-аас оруулсан хөрөнгө оруулалт бүр сайн хөрөнгө оруулалт байдаг. ОХУ-тай бид ямагт сайн харилцаатай явж ирсэн, ямар нэг асуудал энэ харилцаанд үүсэх ёсгүй” хэмээлээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдааны үеэр ийнхүү Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзаж харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцсандаа баяртай байгаагаа хэлж байв.

Тэрээр мөн хоёр талын цаашдын харилцааны талбар, чиглэл өргөн гэдгийг онцолж байлаа.


Ерөнхийлөгч ийнхүү Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Астана хотноо болсон ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцоод өчигдөр орой эх орондоо хүрэлцэн ирлээ.

 

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн ХМА