Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/09-НД НИЙТЛЭГДСЭН

Ж:Эрдэнэбат: Хар тамхи, мансууруулах бодис хадгалсан, түүгээр үйлчилсэн байгууллагын Тусгай зөвшөөрлийг цуцал

С.Бадрал, iKon.mn
2017 оны 6 сарын 9
iKon.MN
Зураг зураг

НҮБ-ын Хар тамхи, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх албанаас Монгол Улсыг 2010 оны тайландаа хар тамхи, мансууруулах бодис дамжин өнгөрөгч улс гэж байсан бол 3 жилийн дараа буюу 2014 оноос хэрэглэгч улс орон болсон хэмээн дүгнэгдээд байгаа аюулын харанга дэлдэж байна.

Төрийн ордны Их танхимд “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эрэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд талуудын оролцоо” сэдэвт үндэсний чуулган өнөөдөр боллоо. Чуулганыг ХЗДХЯ, ЦЕГ, Монгол улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл хамтран зохион байгууллаа. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэхүү чуулганд үг хэлж зарим зүйлийг үүрэг болгосон нь анхаарал татаж байна.

Хар тамхи, мансууруулах бодисыг өөрийн байрандаа борлуулсан, түүгээр үйлчилсэн баар, ресторан, ер нь ямарч байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, энэ чиглэлээр холбогдох шийдвэрийн зохицуулалтын талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулж шийдүүлэхийг ЦЕГын дарга, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга нарт үүрэг болголоо. 
 

Харин Сэтгүүлзүйн соён гэгээрүүлэх нийгмийн үүргээ биелүүлж сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгуулагынхан хар тамхи, мансууруулах бодисын хор хөнөөлийг ухуулан таниулахад редакцын бодлогоо чиглүүлж, давтамжийг нь нэмэгдүүлэх хэрэгтэй байна гэлээ. 

Эцэг эхчүүдэд сайн муугийн тухай зааж сургадаг уламжлалт гэрийн хүмүүжлийнхээ эхэнд хар тамхи, мансууруулах бодисын талаар оруулан, хор хөнөөлийг нь үр хүүхэддээ ойлгуулж байх хэрэгтэй. Бид заримдаа, биеийг нь төрүүлснээс бус, ухааныг нь төрүүлсэн биш гэж үр хүүхдийнхээ буруу хүмүүжилд өөрийгөө зөвтгөх нь бий.

Гэвч өнөөдөр бид үр хүүхдийнхээ оюун ухаан, хүн болох төлөвшилд, аюулгүй амьдрахад байнга санаа тавихаас өөр аргагүй даяаршлийн нийгэмд амьдарч байна.  Хүн бүр эцэг, эх байх үүргээ сайн биелүүлэхийг та бүхэндээ уриалж байна гэсэн юм.