Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/09-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Бат-Ундрал: Хар тамхи, мансууруулах бодисын эцсийн зогсоол ҮХЭЛ байдаг

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2017 оны 6 сарын 9
iKon.MN
 

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хор уршиг, хэрэглээ сүүлийн жилүүдэд нэмэгдэх болсон. Тиймээс Засгийн газар, Цагдаагийн Ерөнхий газар, Монгол Улсыг гэмт хэргээс сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс хамтран “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд талуудын оролцоог хангах нь” сэдвээр чуулган зохион байгууллаа.

Цагдаагийн байгууллагаас өгсөн тоон мэдээллээс харвал 2017 оны нэгдүгээр улирлын байдлаар хар тамхины 25 хэрэгт 75 хүн холбогдон шалгагдсан байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 6 хэргээр буюу 25 хувиар, холбогдогч нь 23 хүнээр буюу 44 хувиар өссөн тоон үзүүлэлт юм.

Өнөөдрийн чуулганд оролцогчдоос тал талын мэдээлэл авснаа хүргэж байна.

 

“Guys” хамтлагийн дуучин Х.Бат-Ундрал “Миний хувьд энэ чуулганд өөрийн хүсэлтээр оролцож байна. Ер нь энэ чуулганд оролцох ёстой, үгээ илэрхийлэх ёстой хүн мөн гэж бодож байна.

Би Монгол Улсын шүүхийн өмнө амлалт хүсэлт тавьсан байгаа. Миний хүсэлтийг хүлээн авч, надад итгэл үзүүлбэл би хар тамхи, мансууруулах бодис гэх хорт зуршлын эсрэг олон нийт, хүүхэд залуучуудад үлгэр дуурайлал үзүүлнэ гэсэн. Би хар тамхи, мансууруулах бодисын эсрэг юу чадах бүхнээ хийж, хөдөлгөөн өрнүүлэх болно.

Хар тамхи, мансууруулах бодис гэдэг энэ муухай зүйлийн эцсийн зогсоол үхэл байдаг. Хэрэв та үхлийг сонгоогүй бол энэ зүйлийг хэрэглэхгүй байхыг уриалж байна.

Аав ээж, анд найз, дүү нарынхаа хайрыг хар тамхи гэдэг мансуурал, хорт зуршлаар солих хэрэггүй.

Би “Сэтгэцэд нөлөөлөх донтолтын эсрэг төв” гэдэг ТББ байгуулаад ажиллаж байна. Энэ байгууллагаар хар тамхины эсрэг хүүхэд залуучуудыг хөдөлгөөнд уриалж байгаа. Тун удахгүй олон нийтийн сүлжээгээр хар тамхины эсрэг чэллэнж зарлаж, урлаг соёл, урлаг соёлынхныг уриалж, хамруулна. Мөн бүх нийтийг хамарсан хөдөлгөөн өрнүүлэх гэж байна.

Дээрээс нь хар тамхины эсрэг контентуудыг бэлтгэж олон нийтэд тараах бодолтой байгаа” гэсэн юм.

"2014 оноос хойш энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон хүний тоо 380 орчим болсон байна"
 

Нийслэлийн Прокурорын Газрын Хяналтын прокурор Н.Бадамцэцэг “Сүүлийн жилүүдэд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдож байгаа хүмүүсийн тоо өсч байгаа. Нас нь ч залуужиж байна.

Мөн хэрэглэж байгаа, худалдан борлуулж байгаа, улсын хилээр нэвтрүүлж байгаа гэмт хэргийн тоо эрс нэмэгдсэн.  2014 оноос хойш энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон хүний тоо 380 орчим байна. Шүүхээр 240 орчим хүн ял шийтгүүлж, гэм буруутай гэж тогтоогдсон.

Манай Эрүүгийн хууль тогтоомжоор энэ төрлийн зургаан гэмт хэрэг байгаа. Оногдуулж байгаа ял шийтгэлийн хувьд санкцаасаа шалтгаалаад өөр өөр бий. Ер нь мансууруулах төрлийн бодистой гэмт хэргүүд ихэсч байгаатай холбогдуулан шүүхээс барьж буй бодлого нэлээн чанга буюу ялыг аль болохоор биечлэн эдлүүлэх, нийгмээс тусгаарлах чиглэл байна.

Мансууруулах төрлийн бодисыг борлуулах зорилгогүйгээр олж авах, хадгалах үйлдэлд оногдуулах ял шийтгэл өөр. Борлуулах, хадгалах, тээвэрлэх, бусдад илгээх зорилготой бол ял шийтгэл нэлээн хүндэрдэг. Улсын хилээр нэвтрүүлж байгаа гэмт хэрэг нь бүр хүнд буюу 10-15 жилээр хорих ялаар шийтгэдэг” гэв.

ЧУУЛГАНЫ ХҮРЭХ ҮР ДҮН

“Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд талуудын оролцоог хангах нь” Үндэсний чуулганы хүрэх үр дүн юу байх вэ?

  • Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэхэд төрөөс баримтлах бодлого, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, тулгамдаж буй асуудлыг нарийвчлан тодорхойлно.
     
  • Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэхэд хууль сахиулах, хяналт тавих ажлыг төрийн нэгдсэн бодлого, удирдлага, зохион байгуулалтаар хангах, чиг үүрэг бүхий байгууллагын үүргийн давхардлыг арилгах, уялдаа холбоог сайжруулах чиглэлээр ахиц гарна.
     
  • Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор уршгийн талаар иргэдийг соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх тогтолцоог бий болгоход эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, боловсролын асуудал эрхэлсэн байгууллагуудын хамтын ажиллагаанд ахиц гарна.
     
  • Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг судлах, тэдгээрийг арилгах арга замыг оновчтой болгох замаар урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг дээшлүүлнэ.