Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/09-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөөдрөөс “Приус машин”-тнуудын магнай тэнийх нь

Н.Батзаяа, Монголын мэдээ
2017 оны 6 сарын 9
Монголын мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын хаврын чуулган өнөөдөр хуралдаад түр завсарлана. Үүнтэй холбогдуулан өчигдрийн чуулганаар олон асуудлыг хэлэлцлээ. Тиймээс УИХ-ын нэгдсэн чуулганы пүрэв гарагийн хуралдааны олон нийтийн анхаарал татсан асуудлуудыг онцлон хүргэе. УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар иргэдийг төөрөгдөлд оруулаад байсан приус машины онцгой албан татварыг буцаан олгох тухай асуудлыг нэг мөр шийдэв.

Тодруулбал, Монгол Улсын Засгийн газраас эдийн засгийн хямралыг давах гарц нь ОУВС хэмээн тодорхойлж, тус сангийн “Өргөжүүлсэн санхүүгийн хөтөлбөр”-т хамрагдахын тулд өнгөрсөн тавдугаар сарын 1-нээс приус машины онцгой албан татварыг нэмэгдүүлсэн нь автомашин импортлогч болон иргэдийн нуруунд хүнд ачаалал үүсэхэд хүргэсэн. Уг хууль хэрэгжиж эхэлсэн ч удалгүй приус машины онцгой албан татварыг буцаан олгохоор болж, Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,

Онцгой албан татварын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн юм. Уг хуулийн төсөлд онцгой албан татварын буцаан олголтыг энэ сарын 9-нөөс эхлэн олгохоор тусгажээ. Мөн буцаан олголтыг хэнд өгөхийг ч зохицуулсан аж. Ингэхдээ нэгдүгээрт, хуулийн төсөл батлагдах хүртэлх хугацаанд импортолж оруулж ирчхээд онцгой албан татвараа төлсөн нөхцөлд буцаан олгоно.

Түүнчлэн импортолж оруулж ирээд онцгой албан татвар төлсөн ч автомашинаа борлуулж амжаагүй тохиолдолд компанид буцаан олголтыг хийхээр зохицуулжээ. Харин дээрх хугацаанд импортолж оруулж ирээд онцгой албан татвар төлж авто машинаа борлуулсан байвал тухайн автомашиныг худалдан авсан иргэнд буцаан олголтыг өгөхөөр болсон аж. Тус хуулийн төслийн Байнгын хорооны дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцуулж, гишүүд асуулт, асуусан юм.

Үүний дараа приус машины онцгой албан татварыг зургаадугаар сарын 9-нөөс эхлэн буцаан олгоход санал хураалт явуулав. Санал хураалтад нийт 49 гишүүн оролцсоноос 43 нь дэмжиж, 87.7 хувиар дэмжигдлээ. Хэлэлцүүлгийн үеэр гишүүд дараах байр суурийг илэрхийллээ.

О.Баасанхүү: Сонгуульдаа баярлалаа, үнэхээр бал сар эхэлсэн юм байна

-Ямар ч байсан татвараа хөнгөлөхөөр болж байна. Татвар нэмсэн алдаагаа заслаа гэж би харлаа. Өндөр үнээр машин авсан иргэдийг яах вэ. 4-5 саяар авдаг байсан машины үнийг 20 сая болтол өсгөчихсөн, өмнөх шийдвэр чинь. Тэр иргэд буцаан олголт авч болох уу. Уг нь авмаар л байна. БНСУ-ын иргэд татвар нэмэхээр жагсаал, цуглаан хийдэг юм билээ. Гэтэл манайд цаазын ял оноочихсон. Харин ч тэр хүнийг шагнамаар байгаа юм.

Тэр хүн тийм үйлдэл хийгээгүй бол бид энэ шийдвэрийг гаргахгүй байсан. Энэ хуулийг яагаад, хэний лоббигоор оруулж ирсэн юм. Ер нь АСЕМ-аар далимдуулаад манай төрийн алба 140 ширхэг лексус 70 машиныг 13 тэрбумаар худалдаад авсан байна билээ. Ний нуугүй хэлэхэд асфалтан замтай газар приус машиныг яагаад унаж болохгүй гэж. Ядуучуудын унаа гээд ойлгочихсон. Татварыг нэмчхээд сонгууль эхлэхээр татварыг нь бууруулчихна. Сонгуульдаа баярлалаа, үнэхээр бал сар эхэлсэн юм байна.

Ч.Хүрэлбаатар: Татвараа төлчхөөд машинаа зарсан бол буцаан олголтыг машин худалдаж авсан иргэнд өгнө

-Хууль хэрэгжиж эхэлснээс хойш хэд хэдэн асуудал гарч ирсэн. Энэ талаар приус машинтай иргэд, холбоод ч санал ирүүлсэн юм. Тухайлбал, хууль хэрэгжихээс өмнө машин оруулж ирсэн иргэд яах вэ гэх асуудал. Эдгээр хүмүүс Засгийн газарт олон удаа санал тавьсан л даа. Энэ саналтай холбогдуулан уг хуулийг оруулж ирсэн. Онцгой албан татварыг буцаан олгохтой холбогдуулан гурван тохиолдол гарч ирж байгаа.

Нэгдүгээрт, импортоор машинаа оруулж ирээд онцгой албан татвараа төлөөгүй. Хоёрдугаарт, татвараа төлсөн хэр нь борлуулж чадаагүй. Гуравдугаарт, оруулж ирээд татвараа төлөөд борлуулчихсан гэсэн гурван тохиолдол бий. Тэгвэл үүний буцаан олголтыг шийдэхдээ нэгдүгээр тохиолдолд энэ хуулийн өөрчлөлтөөр татвар төлөхгүй байж болно. Хоёрдугаар тохиолдолд буцаан олголтыг компанид өгнө. Гуравдугаар тохиолдолд машин худалдаж авсан иргэнд буцаан олголтыг өгч байгаа.

Б.Батзориг: Нэг тэрбум гаруй төгрөгийн буцаан олголт хийнэ

-Маш зөв шийдвэр гарах гэж байна. Баянзүрх дүүргийн Да хүрээ захад машин борлуулж амьдралаа залгуулдаг маш олон импортлогч болон иргэд энэ шийдвэрийг хүлээж байгаа. Хууль хэрэгжиж эхэлснээр нэг тэрбум гаруй төгрөгийн буцаан олголт хийх юм билээ. Тэрбум гэдэг маш их мөнгө. Энэ иргэд, худалдаачдад буцан очно. Цаана нь олон мянган машин гааль дээр хүлээгдэж байгаа гэж сонссон. Хэчнээн тооны машин хүлээгдэж байгааг Гааль, Сангийн яамныхнаас асуумаар байна. Мөн хэчнээн төгрөгийн хөнгөлөлтийг иргэд, худалдаачид эдлэх вэ.

2600 орчим машин хүлээгдэж байна гэв

-Тавдугаар сарын 1-нээс хойш импортоор оруулж ирээд иргэд, аж ахуйн нэгж татвараа төлөөд авсан 375 машин байгаа. Гаалийн бүртгэл хийгдээгүй, чингэлэгт хадгалагдаж байгаа 2,600 орчим машин байна. Иргэд нийт дөрөв гаруй тэрбум төгрөгийн хөнгөлөлт эдэлнэ гэх хариултыг Сангийн яамны мэргэжилтэн өглөө.

Монголбанкинд хийсэн шалгалтын дагуу арга хэмжээ авна

Мөн УИХ-ын нэгдсэн чуулганы пүрэв гарагийн хуралдаанаар Монголбанкинд хийсэн шалгалттай холбогдуулан авах арга хэмжээний тухай” тогтоолын төслийг хэлэлцлээ. Энэхүү тогтоолын төслийг УИХ- ын гишүүн Т.Аюурсайхан танилцуулж, гишүүдийн асуултад хариулав. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “Монголбанкны асуудалтай холбогдуулаад хэн нэгнийг өмөөрсөн асуудал огт байхгүй. Гол нь тогтоолын төсөл нь нэр зааж, ялын тогтоол шиг орж ирж байгаа учраас Байнгын хорооны хуралдааны гол асуудал тэр тухай өрнөсөн.

Ер нь Монголбанкны бүрэн эрхэд халдсан уу гэвэл ажлын хэсэг халдсан. Үүнийг зөвхөн нэг хүний бүрэлдэхүүнтэй нэг намын гишүүдийг оролцуулан хийсэн үү гэвэл хийсэн. Хэн нэгнийг зольсон уу гэвэл зольсон. Үүнтэй холбогдуулан хэвлэлийн мэдээ гаргах гэхэд хүлээж авах хэвлэл байгаагүй. МАН-тай хаалтын гэрээ байгуулсан. Танай юмыг хүлээж авахгүй гэсэн. МҮОНРТ-ээр цөөнхийн бүлгийн толгойг нь ч цухуйлгахаа больсон. Үнэ тогтворжуулах хөтөлбөр 2012- 2016 онд Монгол Улсын эдийн засаг ямар байсан, тэр үед л хийгдсэн” хэмээв.

Гишүүд асуулт, асууж дууссаны дараа уг тогтоолын төслийг батлах тухай эсэхэд санал хураахад, 38 гишүүн дэмжиж 76 хувийн саналаар баталлаа.

Эрүүгийн хуулийг хэлэлцэхийг гишүүд дэмжив

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар шийдвэрлэсэн бас нэгэн онцлох асуудал нь УИХ-ын гишүүн Я.Содбаатарын энэ сарын 2-нд өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл байв. Уг хуульд эх орноосоо урвахтай холбоотой асуудал хөндөгдөж буй бөгөөд УИХ-ын гишүүн О.Баасанхүү удаа дараа эсэргүүцэл илэрхийлж байсан юм.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын 19.1 “Эх орноосоо урвах”, 19.4 “Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах” гэсэн гэмт хэргүүдийг нэгтгэж “Эх орноосоо урвах” гэсэн нэг гэмт хэргийн шинжид багтаах саналыг тусгасан. Хуулийн төслийг чуулганд УИХ-ын гишүүн Я.Содбаатар танилцуулав. Харин С.Чинзориг, Х.Нямбаатар, Ж.Энхбаяр нарын гишүүд санал хэлснээр, гишүүдийн дунд эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэх талаар санал хураалт явууллаа. Санал хураалтад 49 гишүүн оролцож, 39 гишүүн дэмжиж 70.6 хувиар дэмжсэнээр уг хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхээр боллоо.

Мөн өнгөрсөн долоо хоногт БСШУС-ын сайд Ж.Батсуурийг огцруулсан билээ. Үүнтэй холбогдуулан дараагийн сайд хэн байх тухай асуудал яригдаж эхэлсэн. БСШУС-ын сайдаар Т.Ганди, Ц.Цогзолмаа зэрэг хэд, хэдэн хүний нэр яригдаж байсан ч МАН-аас академич Г.Чулуунбаатарын нэрийг оруулж, улмаар УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж Боловсролын сайдын нэрийг хэлэлцэн дэмжсэн юм. УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар БСШУС-ын сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэнэ гэсэн хэдий ч дугаар шилжих мөчид уг асуудлыг хэлэлцээгүй байлаа.

 

Зураг