Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/09-НД НИЙТЛЭГДСЭН

Их Британий сонгуулийн урьдчилсан дүн гарлаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 6 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Пүрэв гарагт Их Британид парламентын сонгууль болж өнгөрлөө. Урьдчилсан байдлаар төсөөлж байгаагүй үр дүн гарсан байна.

Сонголтоо хийснийхээ дараа иргэдийн мэдүүлсэн дүнгээр (exit poll) ерөнхий сайд Тереза Мэйгийн Консерватив нам парламент дахь олонхийн суудлаа алдсан ч хамгийн олон суудалтай нам хэвээр үлджээ.

Харин сөрөг хүчин болох Лэйборист нам нэмж суудал авч чадсан ч бусад зүүн жигүүрийн намуудтай хамтарч засгийн газар байгуулахад хүрэлцэх хангалттай суудалгүй болсон байна.

Ийм тодорхойгүй нөхцөл байдал үүссэн нь зах зээлд сөрөг нөлөө үзүүлж, урьдчилсан дүн гарах үед буюу 22:00 цагт фунт стерлингийн ам.доллартай харьцах ханш даруй 1.5 хувиар суларчээ.

Гэхдээ албан ёсны дүн орон нутгийн цагаар Баасан гарагийн өглөө зарлагдахаар байгаа юм. Уг нь Тереза Мэй өөрийн намд хангалттай буюу 350 суудал авч, олонх болохын тулд парламентын сонгуулийг зарлаж байв. Нийт 650 суудлын 330 суудал тэднийд байсан юм.

Гэтэл тэд урьдчилсан байдлаар 314 суудалтай болохоор байгаа нь нөхцөл байдлыг улам бүрхэг болгох магадлалтай болжээ. Удахгүй Европын Холбооноос гарах хэлэлцээр эхлэх гэж байгаа нь байдлыг бүр хүндрүүлж байна.

Энэ талаар санхүүгийн шинжээчид “Хэрвээ Консерватив намын хөлөг онгоц живж эхэлбэл зах зээл аврах завь хайж эхэлнэ” гэж дүгнэжээ.

Гэхдээ албан ёсны дүнгээр Консервативчууд суудлаа нэмэх найдвар тасраагүй байгаа тул зах зээл хүлээлтийн байдалд ороод байна.

 

Эх сурвалж: Quartz, BBC