Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/08-НД НИЙТЛЭГДСЭН

Нар шарсан Германы эх нутгаар ЛУУЖИН Ч ҮГҮЙ, ГАЗРЫН ЗУРАГ Ч ҮГҮЙ

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2017 оны 6 сарын 8
iKon.MN
 

Чик, Майк хоёр хулгайлсан цэнхэр өнгөтэй Ладагаа унаад хаа нэгтээ давхиж байлаа...

Андрей Чихачёв буюу Чик Орос гаралтай, Монгол төрхтэй, ядуусын хорооллоос гаралтай хүү. Харин Майк боломжийн амьдралтай хэдий ч эцэг, эхийн харилцаа асуудалтай, анхаарал сул. Тэд ангидаа гадуурхагддагаараа зовлон нэгтэй. Тиймдээ ч бие биенээ олж, Германы эх нутгаар хүссэнээрээ явж, эрх чөлөөг мэдэрч, жинхэнэ амьдралтай нүүр тулна.

Хамгийн сонирхолтой нь Чик, Майк хоёр 14-хөн настай.

14 настай хөвгүүд машин хулгайлж, цагдаа нараас зугтан, төрөлх нутаг Берлинээ орхин зугаалах тухай төсөөлөл Германы нэрт зохиолч, зураач, Волфганг Херндорфоос л гарах биз. Тэрбээр нэгэн ярилцлагадаа “Орчин үеийн Германд өсвөр насны хүүхдүүд гэрээсээ гараад хөлөг онгоцонд суух нь үлгэр. Тиймээс машин арай боломжтой санагдаж байлаа. Машин хулгайлна гэж бодсоны дараа зохиолын үйл явдлууд урсаад ороод ирсэн” хэмээн хэлж байжээ.

Энэ санаа биеллээ олж 2010 онд “ЧИК” роман мэндэлсэн. iKon.mn-ээс энэ зун уншихыг санал болгож буй номын цуврал нийтлэлээ “Чик” романаар эхлүүлж байна.

 
`Чик` романы зохиолч Волфганг Херндорф

Зөвхөн Германд л гэхэд хоёр сая гаруй хувь борлогдож, дэлхийн 25 хэл дээр орчуулагдсан “Чик” роман Монгол хэл дээр хэвлэгдээд удаагүй байна. “Монсудар” хэвлэлийн газраас Гёте институтын дэмжлэгтэйгээр энэхүү номыг Монголын уншигчдад хүргэсэн ажээ.

Сэдэв, адал явдал, бичлэгийн хэв маягаараа уншигчдыг татах энэ роман хэдий өсвөр насныханд зориулагдсан гэх боловч энэ насыг туулж өнгөрүүлсэн хүн бүрт ойлгогдох учиртай. Учир нь мөрөөдөл, гэнэн дурлал, шохоорхол, өөрийгөө танин мэдэх оролдлого, үе тэнгийнхэндээ мундаг харагдах гэсэн хүсэл, хараалын үгс, замбараагүй байдал гээд залуу насыг тодорхойлох бүхнийг багтааж чаджээ.

Зохиолч Волфганг Херндорф Герман улсын Хамбург хотноо мэндэлсэн. Хэдий богино насалсан ч тэрбээр Германы залуу зохиолчдын шагнал, Лайпциг хотын номын үзэсгэлэнгийн шагнал гээд нэр хүндтэй шагналуудыг хүртсэн амжилттай.

Орчин үеийн зохиолч түүнээсээ доош үеийнхний сэтгэл зүйг мэдэрч, тэднийг бүрэн илэрхийлж чадна гэдэг энэ зохиолын амжилтад хүрсэн хамгийн гол онцлог болов уу гэж уншигч миний бие харж байсан юм. 
Б.Ананд: маш олон шалгаруулалтад оролцож, кинонд тоглохоор сонгогдсон
 
Гэрэл зургийг MPA.mn

Зохиол хэвлэгдсэнээс зургаан жилийн дараа буюу  2016 онд Турк гаралтай Германы кино найруулагч, зохиолч, продюсер Фатих Акин “Чик” зохиолоор бүрэн хэмжээний кино хийсэн байдаг.

Энэ киноны гол дүр Монгол царайтай, Орос гаралтай хүү Чикийн дүрд Батбилэгийн Ананд тогложээ.

Одоогоор Берлинд амьдарч, сурч байгаа Б.Ананд Улаанбаатарт болох “Алтан хальс” индепендент кино наадмыг тохиолдуулан киноныхоо нээлтийг тохиолдуулан түр хугацаагаар ирсэн байх үед нь бид уулзаж, цөөн хором ярилцсан юм.

-Сайн байна уу. Киноныхоо нээлтэд зориулаад Монголд ирсэн үү. Энд хэр удаан байх вэ?

-Би хичээлийнхээ амралтын дундуур ирсэн болохоор удахгүй. Бүтэн сайнд буцаад ниснэ. Киноныхоо нээлтийг хийх зорилготой ирсэн. Манай киноны найруулагч Фатих Акин бас өнөөдөр Монголд ирнэ.

-Анх яагаад “Чик” кинонд тоглохоор болсон бэ. Дүрийн сонгон шалгаруулалтад орсон уу?

-Тэгсэн. Манай аавд энэ кинонд тоглох Ази царайтай хүүхэд хайж байгаа тухай мэйл ирсэн. Бид эхлээд тоогоогүй ч, дараа нь авга ахтайгаа ярьж байхдаа сонирхолтой байж магадгүй гэж үзээд зураг, видеогоо явуулсан.

Дараа нь маш олон шалгаруулалтад оролцож, кинонд тоглохоор сонгогдсон.

ТРЭЙЛЕР: 

-Кинонд тоглохдоо анх зохиолтойгоо танилцаж байсан гэсэн. Энэ номын талаар мэдээлэл өгөөч. Өөрт чинь ямар санагдаж байв?

-Германы бестселлер ном. Берлиний сургуулийн есдүгээр ангийн бүх сурагчид унших ёстой номын жагсаалтад байдаг. Би өмнө нь уншиж байгаагүй ч сонгон шалгаруулалтад орохдоо номоо уншиж эхэлсэн. Ном маш их таалагдсан.

Яг юу нь таалагдсан бэ гэвэл тийм ч урт ном биш гэлээ олон чухал санааг өгдөг. Түүний нэг нь “Гараад амьдралтай нүүр тул”, “Өөрийнхөөрөө бай, дуртай зүйлээ хий” гэсэн санаа юм.

-Чик сахилгагүй, дэггүй хүүхэд. Энэ дүрийг гаргахад хэр байсан бэ. Дүрээ гаргахдаа хэрхэн ажилласан бэ?

-Чик бид хоёрт адилхан зүйл байхгүй. Гэхдээ ном уншаад юу боддог, юу хийдгийг нь ойлгохыг оролдсон. Дараа нь найруулагчтайгаа ярилцсаны дараа яаж тоглохоо мэдсэн.

Хоёр сарын зураг авалтын үед дүрдээ их дасдаг юм билээ.

 

-Кинонд хамт тоглосон Герман хүүхдийнхээ талаар мэдээлэл өгөөч. Чик, Майк хоёр байнга л хамт явдаг шүү дээ?

-Майкд тоглосон хүүхдийг Тристан Гюбел гэдэг. Надаас нэг дүү. Одоо Берлинд амьдардаг. Тристан Гюбел хоёр наснаасаа кинонд тоглосон туршлагатай. Урлагийн гэр бүлээс гаралтай хүүхэд. Зураг авалтын үеэр надад маш их тус болж, олон зүйл зааж өгсөн.

-Чи Герман хэлний мэдлэг сайтай юм билээ. Хэдэн настайдаа Германд ирж байсан бэ?

-Анх 8 настайдаа Германд ирж байсан. Ирээд зургаан жил болж байна.

-“Чик” киног Германчууд хэрхэн хүлээн авч байсан бэ. Та бүхэн киноныхоо нээлтийг өөр орнуудад хийсэн үү?

-Сайн хүлээж авсан гэж боддог. Киноны шүүмжүүд ч маш сайн байсан. Олон хүмүүс манай киног үзсэн. Бид Сингапур, Мексик, Москвад киноныхоо нээлтийг хийсэн. Энэ орнуудад киног маань маш сайн хүлээн авсан болохоор их баяртай байдаг.

-Монголд киногоо Баасан гарагт /06.09/ нээнэ. Үзэгчид хэрхэн хүлээж авах бол гэж бодож байна уу?

-Одоохондоо яг хэрхэн хүлээж авах тухай сайн мэдэхгүй байгаа. Ямар байсан киногоо үзээд таалагдана байх гэж бодож байна.

-Ярилцсанд баярлалаа.

 
Гэрэл зургийг MPA.mn

“Чик” романы зургуудыг 1987 онд төрсөн Германы залуу зураач Лаура Олшок зуржээ. Үйл явдлын утгыг илэрхийлэх, сонирхолтой зургуудыг та олж харах болно. Тэрбээр зохиолын тухай “Цэнхэр Лада машинаар нь тэдэнтэй цуг аялахад тэнд буй үсэг, үйлдэл бүрээр нэгэн гайхамшигт шинэ ертөнц өмнө минь нээгдэнэ. Энэ аялал маань үргэлж сайхан, өнгө алагласан, гял цял биш, харин этгээд, инээдэмтэй, харанхуй бараан, нууцлаг байв” хэмээжээ.

Харин Монгол хэл рүү орчуулсан орчуулагч Сортана “Волфганг Херндорф бол уран нарийн мэдрэмжтэй, тэр мэдрэмжээ зохиолдоо тун энгийнээр дүрслэн харуулж чаддаг. Иймээс ч уншигчид нь нас, хүйс, улс орны хязгааргүй. Чик роман нь уран цэцэн үггүй, харин илүү бодит, өдөр тутмын ярианы хэллэгтэй болохоор ямар ч насны хүнд ойлгомжтой, сонирхолтой” гэж тодорхойлсон байна. 

Үнэхээр  “Чик” романыг бичихдээ энгийн үг ашигласан ч цаанаа л мэдрэмжтэй хандсан санагддаг.

Уншигчид Герман орны байгалийн үзэсгэлэн, хүмүүсийнх нь зан авиртай зохиолын гол баатруудаар дамжуулан танилцаж болно. Хамгийн гайхалтай нь энэ зохиол таныг Германы эх нутгаар луужин ч үгүй, газрын зураг ч үгүй аялуулж чадна.