Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/07-НД НИЙТЛЭГДСЭН

"Олон улсын хөгжлийн ассоциацаас 120 сая ам.долларын зээл авахаар төлөвлөж байна"

ikon.mn
2017 оны 6 сарын 7
iKon.MN
Зураг зураг

- Засгийн газрын ээлжит хуралдаан 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа- 

Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөгжлийн бодлогын хөтөлбөр; Хөгжлийн бодлогын санхүүжилт 1”-ийн санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр тогтлоо.

Хөтөлбөр нь “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг дэмжих, төсвийн тогтвортой байдлыг сайжруулж, сахилга батыг бэхжүүлэх, төсвийн алдагдлыг бууруулах, нэгдмэл байдал бий болгох, нийгмийн халамжийг зорилтот бүлэгт чиглүүлэх зорилготой юм.

Энэ хүрээнд Олон улсын хөгжлийн ассоциацаас 120 сая ам.долларын зээл авахаар төлөвлөж байна. Зээл нь 30 жилийн хугацаатай, үүнээс эхний таван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх бөгөөд зээлийн хүү жилийн 1.25 хувь, бусад шимтгэл 1.25 хувийг нэмсэнтэй тэнцүү байх юм. Гурван жилийн хугацаатай дээрх хөтөлбөрийн хүрээнд бодлогын 29 арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. 


Товч мэдээ

  • Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын 2017 оны 05 дугаар сарын 11-15-ны өдрүүдэд БНХАУ-д хийсэн айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахаар боллоо. 
  • Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдээс гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. 
  • “Олон улсын арбитр болон гадаад улсын шүүхэд маргаан үүсэхээс урьдчилан сэргийлэх, маргааныг хэлэлцээний замаар шийдвэрлэх, маргааны үед баримтлах журам”-ыг хавсралтаар баталлаа. Энэ нь маргааныг арбитрт шилжихээс өмнө аль болох эв зүйгээр, хэлэлцээний замаар шийдвэрлэх, гэрээний төслийн эсвэл гомдол шийдвэрлэх шатанд маргаанаас урьдчилан сэргийлэх, олон улсын арбитрын маргааны үед холбогдох төрийн байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг шуурхай хангах зорилготой юм. 
  • “Төрийн цахим мэдээллийн санг бүрдүүлэх, ашиглах, харилцан мэдээлэл солилцох журам”-ыг баталлаа. Ингэснээр байгууллагууд хоорондоо цахим мэдээлэл солилцох замаар төрийн цахим мэдээллийн санг ашиглах, хадгалалт, хамгаалалтыг нэмэгдүүлэх, найдвартай үйлчилгээг иргэн, байгууллагад түргэн, шуурхай хүргэх юм.