Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/06-НД НИЙТЛЭГДСЭН

Арабын орнууд $1 тэрбумын барьцаанаас шалтгаалан Катараас дипломат харилцаагаа тасалсан байж магадгүй

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 6 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Даваа гарагт Арабын ертөнцийн таван улс Катараас дипломат харилцаагаа тасалж байгаагаа мэдэгдсэн. Дохагийн эрх баригчид террорист байгууллагуудыг санхүүжүүлж байгаагийн улмаас ийм шийдвэр гаргасан гэдгээ тус тусын улсууд мэдэгдээд байна.

Тэгвэл Аль Кайда болон Ираны дэмждэг зэвсэгт бүлэглэлүүдэд Катарчуудын төлсөн $1 тэрбумын барьцааны мөнгө Арабын орнуудыг ийм алхам хийхэд хүргэсэн гэх таамаглалыг Financial Times нийтэлжээ.

Энэ оны эхээр Иракийн өмнөд хэсэгт шонхрын ан хийж явсан Катарын 26 иргэн, тэдний дотор Катарын язгууртны гэр бүлийн гишүүд зэвсэгт этгээдүүдэд барьцаалагдсан юм байна. Тэднийг суллахын тулд Доха нэг тэрбум ам.долларын төлбөр төлсөн тухай эх сурвалжууд мэдээлжээ.

Үлэмж хэмжээний мөнгийг барьцааны иргэдээ суллуулахын тулд төлсөн нь ил болсны дараа Саудын Араб, Египет, АНЭУ, Бахрайн, Иемен улсууд Катартаас дипломат харилцаагаа тасалсан нь энэ юм байна. Эдгээр орнууд Катарыг террористуудад мөнгө цутгаж, бүс нутгийн тогтворгүй байдлыг дэврээлээ гэж буруутгажээ.

Өчигдөр Ливийг хянаж байгаа хамгийн том цэргийн удирдагч мөн Катартай харилцаагаа тасалж байгаагаа мэдэгдсэн юм. Катарын эсрэг хориг арга хэмжээ авсан орнууд нь Исламын суннит урсгалын гол төлөөлөгчид бөгөөд Ойрх Дорнодод эрх мэдлээ тогтоохын төлөө Иранд төвтэй шийт урсгалынхантай өрсөлддөг.

Өмнө нь ч Арабын орнууд Катарыг Ирантай зөөлөн харилцаатай байгааг шүүмжилдэг байсан юм. Харин барьцаанд их хэмжээний мөнгө төлсөн явдал дайснуудыг нь шууд санхүүжүүлснээс ялгаагүй хэмээн үзэж, ийнхүү эсэргүүцлээ илэрхийлж байна хэмээн Financial Times тайлбарлажээ.

 

Эх сурвалж: Business Insider