Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/06-НД НИЙТЛЭГДСЭН

Ухаалаг тодотголтой ч “уймраа” үйлчилгээтэй нийтийн тээврийнхэн

Г.Ганчимэг Монголын мэдээ
2017 оны 6 сарын 6
Монголын мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Ухаалаг Улаанбаатар” төслийн хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээ цахим хэлбэрт шилжээд багагүй хугацааг үдэж байна. Энэхүү төслийн хүрээнд нийтийн тээврийн төлбөр тооцоог цахим хэлбэрт шилжүүлэн автобусыг богино эргэлттэй болгосон юм.

Ингэснээр дамжин суух нэртэй нэгэн шинэ үйлчилгээ зорчигчдын халаасыг өдөртөө 2-оос дээш удаа сэгсэрдэг болсон билээ. Албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагддаг юм хойно энэ нь ядарсан иргэдийн хэтэвчинд хэт үрэлгэн, цаг хугацаанд арангатай байгааг дарга нар даанч ойлгохгүй нь гачлантай Тухайлбал, Улиастай-Сүхбаатарын талбай чиглэлийн автобус одоо Офицер л ороод эргэдэг болсон. Дамжин суух дараагийн автобусаа хүлээж багагүй цаг алдана.

Хүлээсэн автобус нь ирлээ гэхэд “Дамжин суулаа” нь ажиллахгүй. Шаардлага тавихаар жолооч нь хүлээж авах ч үгүй. Бүр өөдөөс хэг ёг хийж хэдэр ядар аашилна. Өөрөөр хэлбэл, ухаалаг нэртэй ч ухаан муутай үйлчилгээ нийтийн тээвэрт нигширч байна даа, хөөрхий.

Жолооч нар зорчигчоо уралдуулж зугаацсаар...

“Хэрэглэгч бол хаан” гэж нэг сайхан үг бий. Энэ нь тэдэнд огт хамаагүй. Автобус буудал дээрээ зогсохгүй, алгасаж давхих, эсвэл хэт хол зогсоод хүүхэд, хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг уралдуулан даажигнах, зорчигчоо гүйцэд авахгүй давхих, шаардлага тавихаар өөдөөс уурлаж хэрэлдэх, бага насны хүүхэд, өндөр настай зорчигчдыг улайм цайм хаяж зугтаах, сууж, бууж амжаагүй байхад хаалгаа хаах, гэнэт хүчтэй тоормослох, зарим тохиолдолд хүнээ булаацалдаж хоорондоо уралдах, хурдан буу, суу гэж загнах, дараагийн автобусанд суу гэж тээршээх, жолооч нь кабиндаа тамхи татах зэргээр үйлчилгээний соёл нь байж болох хамгийн доод төвшиндөө байгаа.

Хамгийн аюултай нь хаяж зугтаадаг гэдгийг нь мэддэг хүүхэд залуус амжиж суух гэж автобус амдаж уралдан гүйж байна. Урин дулаан цагт гайгүй байж магадгүй ч халтиргаа гулгаатай үед иймэрхүү байдлаас зам тээврийн осол гарч болзошгүй нөхцөл үүсжээ. Үүнээс гадна тэвдэж адгасан зорчигчид бие биеэ түлхэж унагаах ч эрсдэлтэй юм. Уг нь автобус хоорондоо тэдэн минутын зайтай гарна, нэг буудал дээр тэдэн минут зогсоно гэдэг судалгаа тооцоо байдаг.

Манай дарга нарын зарлигаар бол таван минут тутамд автобус ирэх учиртай ч алслагдсан дүүрэг, буудалд 50 минут хүлээлгэх нь наад захын асуудал. Тухайлбал, 30-40 минут, заримдаа хоёр цаг хүртэлх хугацаагаар хүлээлгэдэг “уяачид” бол Улиастайн чиглэлд явдаг нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж буй хувь, хувьсгалын компаниуд. “ЭМСИД” гэж Дэнжийн мянга-Улиастайн хооронд нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг компанийг нэр цохож болно. Хүлээлгэх гэж ёстой жинхэнэ уяж өгнө дөө. Чилийтэл хүлээлгэсний дараа холбоотой юм шиг хоёр ногоон автобус ар араасаа угсраад гарч ирнэ дээ.

Сүүлийн үед “холбоотой ногоонууд” замын голд зорчигчдоо нэгээсээ нөгөө рүү шилжүүлэн суулгадаг болоод байгаа. Энэ үзэгдэл байнга шахуу л давтагддаг болсон. “ЭМСИД”- ийн автобуснууд хуучирч элэгдсэн учраас арай дөнгүүрийг нь хэзээ мөдгүй хэвтээд өгөх магадлалтай нь араас нь дагаж явдаг болжээ. Орлогоо алдахгүйн тулд хоёр автобус гаргаж буй царай нь энэ.

Угтах, үдэх хийгээд хүн хоорондын харилцаа нь ийм их асуудалтай байна, тус салбарт. “Нэг үхрийн эвэр хугарахад мянган үхрийн эвэр доргино” гэгчээр ганцхан чиглэлийн үйлчилгээг тандахад ийм байгаа учраас бусдынх нь тухайд давтаж нурших нь илүүц биз.

“U money” картаар бохир бизнес хийж байна уу

Үүнээс гадна нөгөө ухаалаг гээд байгаа “U money” цахим картын үйлчилгээ чинь ёстой уймраа эд аж. Эхнэр нөхөр хоёр хамт зорчих эрхээ ч эдэлж чадахгүй.

Нисэх, Зайсан гээд хэд хэдэн чиглэлийн автобусанд “Ийм тохиргоо хийгдээгүй” эсвэл “Нэг картаар нэг л хүн үйлчлүүлэх ёстой шүү дээ” гэдэг тайлбартай сууж байгаа нь худлаа биш. ТЭЦ-3 чиглэлд болохоор “Дамжин суулаа” нь сөөлжин ажиллаж байх юм. Өөрөөр хэлбэл, “Дамжин суулаа”, мөнгө татлаа, “Дамжин суулаа”, мөнгө татлаа гэдэг цахим үйлчилгээ байна. Яагаад дамжин суух нь ажиллахгүй байгаа юм бэ гэхээр “Сая ажилласан” гэдэг хариулт жолоочид нь бэлэн. Хөдөөнөөс ирсэн зорчигчид заавал “U money” түр зорчих карт авч байж нийтийн тээврээр үйлчлүүлэх хэрэг байхгүй сэн.

Уг нь хөдөөнөөс ирсэн хүмүүс нийслэлд амьдардаг ах дүүгийнхээ картаар хамтдаа үйлчлүүлж болохгүй гэсэн хууль хаана ч алга. Нэг картаар хоёр дарахад 1,000 төгрөг хасагдана. Эхнэр нөхөр ч машингүй өдрөө хамтдаа гараад автобусанд суучих тохиолдол бишгүй олон. Гэтэл нэг картаар нэг л хүн гэсэн тохиргоо хийчхэж. Нэг карт 3,600 төгрөгийн үнэтэй гэж бодохоор “Улаанбаатар смарт карт” ХХК-ийнхан зөвхөн мөнгө татах, зорчигчийн халаасыг сэгсрэхээ л нэн түрүүний зорилго болгож байгаа юм биш үү. “U money” картаар бизнес хийж байгаа нь хэнд ч илхэн байгаа юм. Үүнийг хянаж шалгаж учиртай Мэргэжлийн хяналт, ШӨХТГ юу хийж суугаа юм бол.

Ядаж, цахим үйлчилгээгээ нэг тохируулгатай болгож, бүгдийг нь жигдлээч. Дээрээс нь амралтын өдрүүдээр “Өнөөдөр автобусны карт цэнэглэхгүй” гэдэг ярвагар зангаа татчихвал ч “ok” болох гээд байх юм.

Тариан түрүү ба муухай монгол араншин

“Урагшлах амьдралын ухаалаг шийдэл” уриатай цахим картын үйлчилгээг Солонгосоос нутагшуулсан юм билээ. Харамсалтай нь мөнгөө хураадаг, жолооч, кондуктороо камераар хянадаг арга техникийг нь сайн сурснаас биш зорчигчоо дээд зэргээр хүндэлдэг тариан түрүү шиг байх бизнесийн ухааныг нь сурсангүй дээ. Солонгос хүн тариа сайн ургах тусмаа бөхийдөг шиг амжилттай яваа бизнесмен тэр хэрээрээ үйлчлүүлэгчийнхээ өмнө бөхөлздөг байх ёстой гэж үздэг. Тэр хэрээрээ соёлтой үйлчилж чадаж байна.

Харин манайхан орлогоо л улам өсгөхөө бодохоос биш парк шинэчлэл, үйлчилгээний соёл бол түй ч байхгүй. Жилдээ ганц угаадаг юм уу, үгүй юу мэдэхгүй гялайсан хир, шороо тоостой сандлын бүрээс нь харшилтай хүний өвчнийг дор нь хөдөлгөдөг. Зарим нь ямар ч бүрээсгүй, халуунд хөлөргөж, хүйтэнд хайрдаг гялгар хулдаасан хучлагатай сандалтай л давхиад байдаг. Энэ мэтээс эхлээд заавал нэг их хөрөнгө мөнгө шаардахгүй хийж, шийдэж болох ажил зөндөө.

Хамгийн муухай нь карт уншуулах тэр агшин. “Ахмад настан”, “Хүүхэд”, “Баярлалаа”, “Хөнгөлөлттэй зорчигч” гээд нийтийн тээврээр зорчиж буй иргэдийг нас, эрүүл өвчтэйгөөр нь ангилан ялгах нь чихэнд наалдацгүй сонсогдоно. Ахмад настан, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй буюу хөнгөлөлттэй зорчиж буй иргэдийг ад үзсэн хандлагаа нууж эс чадна. Уг нь Монгол Улс төсвөөсөө мөнгө гаргаж, төр нь халамжлах ёстой иргэдээ халамжлан үүргээ гүйцэтгэж байгаа шүү дээ.

Харваас ахмад настай эсвэл хүүхэд гэдэг нь ойлгомжтой л байгаа биз дээ. Юуг нь олны өмнө нас зүсээр нь ахин дахин цоллож гуншаад байдаг хэрэг вэ. Нэртэйгээр нь хөнгөлөлттэй зорчих эрхтэй хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг яаж байгаад ямар өвчний улмаас ийм болсон түүхийг нь нийтэд танилцуулдаг болчхооч, “Улаанбаатар смарт карт”-ынхаан.

Эсвэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчилдэг тусгай автобус гаргачхаач. Тэгвэл тэд бусдаас ичиж эвгүйцэхгүй шүү дээ. Бүгдээрээ адилхан эрүүл мэндийн асуудалтай юм чинь харин ч сэтгэл тайван зорчих болно. Чадахгүй бол бүгдэд нь талархаж сур, нийтийн тээврээр мөнгө олж буй хэн бүхэн. Бизнест ч бас хүний эрх, нэр төрийг нь хүндэтгэж байж ашиг олдог юм.

Түүнээс биш та нарын нэг нь тамхи, ундааны мөнгөө алдсандаа хонзогнож, нөгөө нь “Чиний хулгайг би барина даа” гэсэн дотоод асуудал, ил цагаандаа гарсан тэмцэлтэй чанаргүй үйлчилгээ чинь хаан мэт хүндтэй үйлчлүүлэх ёстой зорчигчдод чинь таалагдахгүй байна. Ер нь “Баяраа өөрөө л ширээн дээрээс ойччихсон юм билээ шүү дээ” гэдэг шиг орох ёстой орлого чинь ордог л юм билээ. Яагаад автобусаар зорчиж буй иргэдийг эрүүл, өвчтэйгөөр нь ангилан ялгаад байдаг юм бэ. Хэн ч ийм эрх өгөөгүй байлтай.

Эрхтэн бүтэн ч сэтгэцийн хувь асуудалтай, эс бөгөөс өрөөсөн хуруу гараа тайруулчихсан залуус нийтийн тээвэрт хөгжлийн бэрхшээлтэй хэмээн цоллуулах нь хүний эрхийг дээдэлдэг улсад арай ч ёс зүйгүй, хүний ёсноос гажууд сонсогдохгүй байна гэж үү. Уг нь энэ 2017 оныг “Иргэдийн оролцоотойгоор нийтийн тээврийг шинэчлэх жил” болгон зарласан. Тиймээс иргэдээс гарч буй санал шүүмжийг “Монголын мэдээ” сонин багцлан хүргэлээ. Өөрөөр хэлбэл, нийтийн тээврийнхэн, “Улаанбаатар смарт карт” ХХК-ийнхан ажилдаа авч хэрэгжүүлэх, үйлчилгээгээ засаж залруулах бэлэн жортой болсон гэсэн үг.

Зураг