Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/05-НД НИЙТЛЭГДСЭН

Нэг өдрийн дотор Катараас дипломат харилцаагаа тасалсан тав дахь улс Иемен боллоо

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 6 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр буюу Даваа гарагт Саудын Араб, Египет, Бахрайн, АНЭУ гэсэн дөрвөн улс нэг бүс нутагт орших Катараас дипломат харилцаагаа тасалсан юм. Тэгвэл тэдний араас Иемен улс мөн албан ёсны харилцаагаа Дохагаас салгаж байгаагаа мэдэгдсэн байна.

Эдгээр таван орон бүгд Катарыг террорист байгууллагуудыг санхүүжүүлж, дэмждэг гэж буруутгаж байгаа юм. Дээрх мэдэгдлүүдийн дараа Катарын засгийн газар хариу мэдэгдэл хийж, шийдвэрийг шударга бус, үндэслэлгүй, өөрсдийн нэрийг терроризмаас цэвэрлэх гэсэн алхам гэж дүгнэсэн байна.

Мөн дээрх орнуудын шийдвэр нь Катарын тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдалд хохирол учруулж байна гэж гадаад хэргийн яамнаас мэдээлжээ.

АНУ, Хятад улсууд Арабын орнуудыг байр суурийн ялгаагаа арилгаж, хэл амаа ололцохыг хүсч байгаагаа илэрхийлсэн мэдэгдлүүд хийсэн байна.

Катар дахь АНУ-ын агаарын аль-Удэйд баазад 10,000 цэргийн алба хаагч байрладаг. Америкийн цэргийн ажиллагаанд дээрх шийдвэрүүд нөлөөлөх эсэх нь тодорхойгүй байна.

Австралийн Сиднейд ажиллаж байгаа АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Рэкс Тиллерсон үүсээд байгаа дипломат харилцааны хямрал нь Сири, Ирак дахь Исламын улс бүлэглэлийн эсрэг дайнд нөлөөлөхгүй гэдэгт итгэж байгаагаа мэдэгджээ.

“Талуудыг ширээний ард сууцгааж, яриа хэлэлцээрээр асуудлыг шийднэ гэдэгт бид итгэж байна” гэж тэр хэлсэн байна. Ираны дэмжлэгтэй зэвсэгт бүлэглэлтэй Иеменд дайтаж байгаа эвслээс Катарыг гаргаж байгаагаа Саудын Араб мэдэгдээд байгаа юм.

Арабын орнууд Катарыг исламист хөдөлгөөнүүдийг дэмждэг гэж эртнээс шүүмжилж ирсэн. Саудын Араб болон АНЭУ-д хууль бус гэж үздэг Муслим ахан дүүс бүлэглэлийг Дохагаас санхүүжүүлдэг гэсэн мэдээлэл бий.

Барууныхан ч Сири дэхь Аль Кайдагийн салбар Нусра Фронт байгууллагыг Катар дэмждэг гэж буруутгадаг юм. Саяхан АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Саудын Арабт айлчилж, Арабын удирдагч нартай уулзсанаас хойш дээрх маргаан улам нэмэгджээ.

Айлчлалын үеэр Трамп Катарын эмир Шэйх Тамим бин Хамад Аль Танитай уулзаж байсан юм.

 

Эх сурвалж: Associated Press, Reuters