Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/05-НД НИЙТЛЭГДСЭН

ЗУНЫГ НОМТОЙ ӨНГӨРҮҮЛЬЕ: “Би ном уншмаар байна, гэхдээ юу унших вэ?”

МОНСУДАР
2017 оны 6 сарын 5
Монсудар
Зураг зураг

Жил бүр  Монсудар хэвлэлийн газраас зохион байгуулдаг “Зуныг номтой өнгөрүүлье” арга хэмжээ энэ сарын 12-18-г дуустал буюу бүтэн 7 хоног үргэлжлэх ажээ. Энэ өдрүүдээр ямар арга хэмжээ төлөвлөсөн, ямар утга учир, зорилготой үйл ажиллагаа болох тухай тодруулахаар Монсудар хэвлэлийн газрын ерөнхий захирал Р.Энхбаттай ярилцлаа.

- “Зуныг номтой өнгөрүүлье” гэдэг нь ном зарах арга хэмжээг нэрлээд байна уу?

- Нэг ч ном зарахгүй, номын тухай арга хэмжээ. Өөрөөр хэлбэл ном унших яг ямар хэрэгтэй юм бэ, ном уншихгүй сайхан амьдарч болоод байгаа юм биш үү гэсэн асуултууд ил тод тавигддаггүй учраас номын агуулга, учир шалтгаан, ач холбогдолыг ярихгүй, зөвхөн ном гоё гэж магтахаас цаашгүй байна. Ном хэрэгтэй бол яагаад, үгүй бол тийм хий хоосон яриа бидэнд огт хэрэггүй. Мэдээж зун цаг бол амралт, чөлөөт цагийн үе. Эцэг эхчүүд ч хүүхэдтэйгээ хамт илүү их цагаа өнгөрүүлэх боломжтой. Найр наадам эргүүлж явахаас сайхан амралт гэж бий, зун хүмүүс хүүхдэдээ ном уншиж өөрсдөө зузаан гээчийн роман туужууд уншаасай. Гоё ном унших сайхан байдаг. Ийм л учиртай арга хэмжээ, энэ жил 7 хоног үргэлжлэх хөтөлбөр өөрөөр хэлбэл номтой холбоотой олон арга хэмжээ болно гэсэн үг.     

- Энэ жил олон арга хэмжээ төлөвлөсөн гэж та сая ярилаа. Ямар учраас?

- Хүмүүс номыг зүгээр нэг унших биш, одоо бол номыг хэрэглэж эхэллээ. Энэ бол бидний хувьд маш баярлууштай үзэгдэл. Бичиг үсэг мэддэггүй байхад хүмүүст ном хэрэггүй байж, дараа нь хүмүүс бичиг үсэгт тайлагдаж, ном уншиж  эхэлсэн, тэгээд  номын ач тусыг зарим талаар шүтлэг, бишрэл болтол нь хэтрүүлсэн. Ингэснээр номыг ойлгож уншихаас илүү ном болгонд мөргөж залбирах, хий хоосон шүтэх, номоор бие биедээ сайрхах зэрэг нь хүмүүсийг номоос харин ч холдуулсан байх. Хүний дээдэлж шүтдэг зүйлс, жишээ нь, бурхан тахилыг хүн үргэлж өөрөөсөө дээгүүр тавих тул түүнтэй тулсан, эн зэрэгцсэн харилцаа хэзээ ч үүсдэггүй, тодорхой зайнаас харьцан сүсэглэж, мөргөлөө үйлддэг.

Гэвч ном бол бидний хоол хүнстэй яг л адил сайн муу, таарах таарахгүй гээд олон янз. Аль сайн, өөрт таарсан номоо “идэж”, өөрт тэжээл болгох номын өдөр тутмын хэрэглээнд бид суралцаж чадахгүй явлаа. Одоо харин энэ үзэгдэл амьдрал дээр бодитой бий болж байгааг хараад бид хүмүүст тэр сайхан мэдээг энэ өдрүүдээр бас дуулгахыг хүсч байна. Аливаа зүйл хүний жинхэнэ хэрэглээ болоод эхэлмэгц ярих сэдвүүд ч ундарч эхэлнэ. Тиймээс зуны номын энэ өдрүүдээр бид янз бүрийн номыг хэрхэн, яаж уншиж хэрэглэх талаар өөр хоорондоо ярилцах бодитой шалтгаан үүсэж байгаа учраас энэ өдрүүдийг бид түүнд зориулж байгаа юм.

- Номын хэрэглээ үүсээгүй ч юм уу, эсвэл номыг жинхэнээр нь хэрэглэдэг хүмүүс цөөн гэж та хэлэх гээд байгаа юм уу?    

Тийм, гэхдээ энэ байдалд ахиц харагдаж эхэллээ гэж сая хэллээ шүү дээ.

- Тодорхой жишээгээр ярихгүй л бол та хүмүүсийг басаж байна гэж ойлгогдоно шүү дээ.

- Жишээ гэснээс илүү, тодорхой үндэслэлээр тайлбарлах ёстой байх. 1921 оноос хойш монголчууд анх нийтээрээ ном уншиж хэрэглэдэг болсон. Түүнээс өмнө сүм хийд дагасан бичиг үсэгтэй цөөн тооны хүмүүс л байж. Өөрөөр хэлбэл, бүх нийтийг бичиг үсэгтэй болгох нэгдсэн бодлого манайд урьд өмнө байсангүй. Тэгээд 90 он хүртэл социализмын үеийн хүмүүс ном уншиж, үр шимийг хүртэж, номыг жинхэнээр хэрэглэдэг болсон төдийгүй үүнийг дагаад монгол хэл ч маш хүчтэй хөгжсөн. 

Харин 90 оноос хойш социализмын гэсэн нэр хаягтай бүхнийг үзэн ядах давалгаанд бараг л нийтээрээ шахуу нэгдэж, ном уншихаа больж ганц ч номын дэлгүүр үлдээгээгүй. Одоо манайд бичиг үсэггүй хүмүүс дахиад олширч байна. Ерөнхийлж хэлбэл одоогийн 20-30 насныхан бараг ном уншаагүй том больцгоосон гэсэн үг. Энэ бол хүмүүсийг басах биш л дээ, цаг үе ийм л байсан. Тиймээс бид зохион байгуулж буй зуныг номтой өнгөрүүлэхэд уриалсан энэ өдрүүдээрээ бүгдээрээ хойшоо биш, урагш харсан зүйлүүд ярих гэж төлөвлөөд байгаа юм шүү дээ. Маш сонирхолтой ярилцлагуудыг энэ өдрүүдээс хүлээж байна, хүмүүс чин сэтгэлээсээ оролцоосой.

- Жишээ нь?

- Хүүхэд бүр багаасаа өдөр тутам номтой харьцаж сурах ёстой. Тэдний номын хэрэглээний тухай яриа эцэг эхчүүдийн сонирхох зүйл хэдий ч харилцан ярилцаж, бие биенээсээ сонсож байж өөрийн гэсэн ойлголттой болох учиртай. Хүүхэд бүр өөр, ном болгон янз янз байх тул номоо яаж сонгох, хэрхэн уншиж ойлгох, уншсан ном хүнд яг яаж хэрэг болох зэрэг мэдээжийн юм шиг хэрнээ бас ч гэж нарийн ширийн зүйлс байдаг. 

Номыг өөрийн орчин нөхцөлтэй холбож үзэх, уншсан номынхоо талаар харилцан ярилцах нь гэр бүлийн амьдралд оюунлаг хандлага бий болгох гол алхмууд. Энэ удаагийн зуныг номтой өнгөрүүлье арга хэмжээг хүүхэд залууст зориулж буйг эцэг эхчүүд сайн ойлгоосой.

Бид хэд хэдэн удаагийн арга хэмжээнүүд дээр хүүхэд яагаад багаасаа их унших ёстойг ярилцаж үзсэн, энэ сэдвийг сургамжлах бус, харилцан ярилцаж ойлголцох, амьдралд ойр аль сонирхолтой хэлбэрээр явуулбал дээр гэж итгэснээ хийж буй хэрэг. 

Хамгийн энгийн зүйл дээр ч эцэг эхчүүд анхаарч үздэггүй. Жирийн нэг жишээ хэлэе л дээ, эцэг эхчүүд хүүхдийнхээ өмнө бүхнийг мэдэх ёстой гээд ойлгочихдог учраас хүүхдийнхээ асуултад мэдэхгүй байлаа ч хариулаад явдаг. Үүний оронд би сайн мэдэхгүй байна гэж хүүхдэдээ үнэнээ хэлэх ёстой биз дээ. Тиймээс хоёулаа чухам юу болохыг нь хамтдаа мэдэж авбал тэдний хооронд хуурамч биш жинхэнэ харилцаа үүснэ. Бид хүүхдийг анзаарч үздэггүй, тэднийг болоогүй, яваандаа болох байх л гэж тэдэнд тулгарч буй асуудлыг хойш тавьсаар байдаг. Энэ өдрүүдийн хөтөлбөр маань өнөө маргаашгүй нийтлэгдчих учраас хүмүүс түүнээс энэ өдрүүдээр яригдах сэдвүүдийг олоод харчихаж болно.

- Өмнөх жилүүдэд бас зохион байгуулагдаж байсан гэсэн. Энэ жилийн хувьд урьд жилүүдийнхээс юугаараа өөр болж байгаа вэ?

- Интерномын бүх салбараас гадна, “Мажестик” номын дэлгүүр хамтран оролцож хүрээгээ тэлнэ. Зуны дэлгэр цагт гэрийн хаяанд, голын эрэг, модны сүүдэр дор ном уншиж өнгөрөөх нь найр наадам хэсэхээс өөр гэж бид өнгөрсөн жил энэ өдрүүдээ зохион байгуулсан. Энэ жилийн хувьд дээр хэлсэн, хүмүүсээс ирдэг олон асуултаас хамгийн гол нь “Би ном уншмаар байна. Гэхдээ ямар ном уншихаа мэдэхгүй байна?”, “Номыг яаж уншиж, ойлгох ёстой гэж?” гэсэн энгийн юм шиг хэрнээ төвөгтэй сэдвүүдээр ярилцах нь илүү чухал болоод байна.

- Өнгөрсөн жилийн энэ өдрүүдээс та нарт ямар үр дүн мэдрэгдсэн бэ?

- Нээрээ зун ийм тийш явахдаа нэг ном цүнхлээд явъя, энд тэнд унаа унаш хүлээж саатахаас эхлүүлээд цагаа дэмий үрж суухаар уншиж сууя, мөн зам зуурт  сонсдог ном сонсоод машинтай давхиж явахад гоё байх гэж бодсон хүмүүс зөндөө гарсан байх. Гэхдээ нэг ч хүн бидэн дээр ирж ийм байлаа, тийм байлаа, эсвэл өөр шинэ санаа оноо бидэнд хэлсэнгүй.

Ихэвчлэн биднийг номоо л зарж байна гэж харах хүмүүс бидний юу хийж байгааг анзаардаггүй, шал өөр юм бодоод л өнгөрдөг. Номгүй сайхан амьдарч болно гэж итгэсэн хүмүүс ч бас их байна. Хэдийгээр одоо хүмүүсийн худалдан авах чадвар муудаж, номын борлуулалт хоёр дахин унасан ч хэрэгтэй гэсэн номоо авч буйн тод жишээ бол 90 оноос хойш анх удаа асар богино хугацаанд олон тоогоор борлогдсон номуудыг хэлж болохоор байна.

- Бестсэллэр номууд уу?

- Урьд өмнө бестселлерт огт орж байгаагүй, орно ч гэж төсөөлөөгүй номууд уламжлалт бестселлерүүдээс хавьгүй олон тоогоор зарагдаад эхэллээ. Хэн бүхний мэдэх болсон “Амьдралыг өөрчлөх эмх цэгц” гэдэг ном маш богино хугацаанд гайхамшигтай олон тоогоор зарагдсан, одоо ч зарагдсаар байна.

Мөн Сингапурын ерөнхийлөгчийн улс орноо босгож ирсэн түүхийн 700 гаруй хуудастай зузаан номоос айхгүй аваад уншиж байгаа хүмүүсийн тоо хэзээ ч ийм их байгаагүй. Үнэхээр гоё мэдрэмж! Монголчууд ном хэрэглээд эхэлж байна гэж би үүгээр бас хэлэхийг хүсэж байна. Сайн орчуулгатай ном, сайн бичигдсэн зохиолуудыг хүмүүс авдаг боллоо.

- Хүмүүс танай арга хэмжээнд яаж оролцдог вэ?

- Нээлттэй, тэгээд үнэгүй. Хэвлэл мэдээллийн зар сурталчилгааны үнийг дийлэхгүй учраас социал медиагаар гол хөтөлбөр, арга хэмжээнүүдийн талаарх мэдээллүүдийг тараадаг. Гол арга хэмжээ ИНТЕРНОМ дэлгүүрийн төв салбар дээр явагдана.

 

Ярилцсан Ж.Энхцэцэг.