Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/02-НД НИЙТЛЭГДСЭН

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах Ард нийтийн хэлэлцүүлгийг 6 дугаар сарын 05-аас 8 дугаар сарын 10-ны хооронд хийхээр болжээ

ikon.mn
2017 оны 6 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

УИХ-ын өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард түмний бүрэн эрхт байдал, оролцоог хангах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.

Уг тогтоолын төсөлд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар явуулсан анхдугаар зөвлөлдөх санал асуулгын зөвлөмжийг үндэслэн Улсын Их Хурлын даргын 2017 оны 78 дугаар захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгээс боловсруулсан төслийг 2017 оны 06 дугаар сарын 05-аас 08 дугаар сарын 10-ны хооронд олон нийтээр хэлэлцүүлэх, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэлж ард нийтэд толилуулахаар тусгажээ.

Энэ талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн танилцууллаа.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл, Ж.Батзандан, Д.Эрдэнэбат, Л.Болд, Д.Гантулга, Б.Жавхлан, Ц.Цогзолмаа нар асуулт асууж, санал хэлж, хариулт авлаа.

Гишүүдийн зүгээс  хоёр сарын хугацаанд аймаг орон нутагт хэлэлцүүлэг зохион байгуулахад шаардагдах төсөв  тодорхой болсон эсэх, хэлэлцүүлэг хийх хугацааг нэг сараар хойшлуулах боломж байгаа эсэхийг  илүүтэй тодруулж байлаа.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд “Өмнө нь Ерөнхийлөгчийн сонгуультай давхцуулан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар санал хураалт явуулбал  урьдчилсан тооцоогоор 14 тэрбум төгрөг хэмнэх байсан.

Гэвч гишүүдийн зүгээс хөрөнгө төсөв хэмнэхээсээ илүү Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудалд ултай, суурьтай хандах хэрэгтэй гэсэн саналуудыг хэлж байсан.

Байнгын хороон дээр хэлэлцүүлэг хийх зардал мөнгөний талаар ярилцсан.

Гэхдээ Улсын Их Хурлын тогтоол батлагдсаны дараа Ажлын хэсэг дээр дахин ярилцаж, төсөв хөрөнгөний асуудлыг тодорхой тооцож шийднэ” хэмээн хариуллаа.

Мөн “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг сүүлийн 10 гаруй жил ярьсан учраас 2017 оны 06 дугаар сарын 05-аас 08 дугаар сарын 10-ны хооронд хийхээр болсон.

 Гэхдээ гишүүд та бүхэн хэлэлцүүлэг хийх хугацааг хойшлуулах эсэхээ шийдэх биз” гэж байв.

Ингээд “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард түмний бүрэн эрхт байдал, оролцоог хангах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг  баталъя” гэсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны саналын томъёоллын дагуу санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн  87.8 хувь нь дэмжлээ.  

Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа

Үүний дараа Засгийн газраас 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр өргөн мэдүүлсэн, Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурлын 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн нэгдсэн хуралдаанаараа шийдвэрлэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн.

Төрийн байгуулалтын байнгын хороо 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн танилцуулав.

Тэрбээр танилцуулгадаа “Байнгын хорооны хуралдааны үеэр Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, О.Баасанхүү нар ард нийтийн санал асуулгаар Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжиж байгаагаа илэрхийлэн, асуулт асууж, хариулт авсан болно.

Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжсэн.

Улмаар хуулийн дагаж мөрдөх хугацааг ердийн журмаар байхаар тогтлоо” гэдгийг онцлов.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй.

Иймд Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 69.4 хувь нь дэмжлээ.

 

Эх сурвалж: УИХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс