Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/08-НД НИЙТЛЭГДСЭН

Манай улсад 2015 онд хамгийн олон буюу 568 хууль батлагджээ

Т.Өлзийбаяр, iKon.mn
2017 оны 6 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Монголын хууль гурав хоногийн настай гэж ярьдаг. Тэгвэл манай улсад нийт хэд орчим хууль үйлчилдэг, хууль санаачлагчдад ямар шаардлага тавигддаг талаарх мэдээллийг хүргэж байна. 

Монгол Улсад одоогоор 430 орчим хууль хэрэгжиж байна
Хууль, эрх зүйн орчинд шинэчлэл, өөрчлөлт хийснээр хүний эрх, эрх чөлөө баталгаажих, аливаа нийгмийн харилцааг зохицуулж байгаа хууль эрх зүйн орчин илүү тодорхой болох ач холбогдолтой.

Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийг УИХ 2017 оны нэгдүгээр сард батлаж 11-р тогтоолыг УИХ-аас гаргасан. 

Ирэх гурван жилд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон бусад бодлогын баримт бичгүүдтэй уялдуулан хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлд 200 гаруй хуулийг ямар нэг хэмжээгээр хөндөж өөрчлөлт оруулахаар төлөвлөжээ. 

Үүнээс 10 орчим анхдагч хуулийн төсөл байгаа. Бусад хуулиуд нь шинэчилсэн найруулга, нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүд аж. 

Түүнчлэн цаг үеийн шинжтэй асуудлаар хуулийн төслүүд санаачлагдахыг үгүйсгэж болохгүй талаар бидэнд мэдээлэл өгсөн ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг хэлж байлаа. 

Хууль тогтоомжийн мэдээллийн сан, ХЗХЯ-аас гаргасан судалгаагаар манай улсад сүүлийн зургаан жилийн хувьд 2012 онд 270 хууль, 2013 онд 160, 2014 онд 159, 2015 онд 568, 2016 онд 343, 2017 онд 148 хууль тус тус батлагджээ.

Нийт 1,648 хууль батлагдсан. Үүнээс бие даасан хууль 122, нэмэлт өөрчлөлт оруулсан 1,446, бусад хууль тогтоомж 202 байгаа юм. 

Дээрх зургаан жилийн хууль батлагдсан тоог харьцуулахад 2015 онд хамгийн олон хууль буюу нийт 568 хууль батлагдсан байна.

Энэ нь тухайн жилийн нийгэм эдийн засгийн байдал, эдгээр хуулийн үйлчлэх хүрээнд хамаарах асуудлыг шийдвэрлэх хэрэгцээ шаардлага бий болсонтой холбоотой аж. 

Энэ жилийн хувьд  хаврын чуулган хуралдаж Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулга, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг батлуулсан.

Эдгээр хуулиудыг нэмж, 2017 оны эцсээр тухайн онд батлагдсан нийт хуулийн тоог гаргах боломжтой юм. Дээрх хуулиуд долоодугаар сарын 01-нээс хэрэгжиж эхэлнэ

 Харин одоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Прокурорын тухай хуулийн төслүүд УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэж байгаа бөгөөд дээрх 2 хуулийн төсөл батлагдвал эрүүгийн эрх зүйн шинэтгэлтэй холбоотой хуулиуд ерөнхийдөө батлагдаж хэрэгжих бололцоо бүрдэх юм. 

Энэ талаар ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг "Энэ онд яамнаас Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан зорилтыг хэрэгжүүлэх, салбарын тулгамдсан асуудлаа дүгнээд тодорхой хуулиудыг өргөн барина.

Бүртгэлийн багц хуулиуд буюу Бүртгэлийн ерөнхий хууль болон Иргэний бүртгэлийн тухай, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулиуд хамаарна.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн хуулийн шинэчилсэн найруулгыг удахгүй өргөн барихаар төлөвлөн ажиллаж байна.

Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай, зарим салбарын хуулиудын давхардал, зөрчлийг арилгах чиглэлээр хуулийн төслүүдийг боловсруулж УИХ-ын намрын ээлжит чуулганд өргөн мэдүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа.

Энэ мэтчилэн 20 гаруй хууль тогтоомжийг боловсруулах ажлын хэсэг байгуулагдсан" гэв. 

Хууль тогтоомжийн тухай хууль энэ оны нэгдүгээр сарын 01-нээс мөрдөгдөж эхэлсэн бөгөөд энэ хуулиар хууль тогтоомжийг санаачлан боловсруулах, олон нийтийн оролцоог хангах, эрх зүйн дүгнэлт хийх, өргөн мэдүүлэх, батлагдсан хууль тогтоомжийг нийтлэх, олон нийтэд сурталчлах, түүний хэрэгжилтийг зохион байгуулах болон хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийхтэй холбогдсон харилцааг нарийвчлан зохицуулж байна. 

Өөрөөр хэлбэл, тодорхой хуулийн төсөл санаачлагч нь тухайн хуулийн төслийг боловсруулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжтой нийцүүлэх, уялдуулах, хууль зүйн техникийг хангаж тухайн хуулийн төслийг боловсруулах, холбогдох байгууллага, олон нийтийн саналыг авах зэрэг хуульд заасан шаардлагыг хангаж хуулийн төслийг боловсруулах ёстой байдаг. 

Энэ хуулийн нэг онцлог бол хууль боловсруулах үйл ажиллагаанд тухайн эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй этгээдийн санаа бодлыг сонсох, иргэд ААН, байгууллагуудын тодорхой санал шүүмжлэлийг хуулийн төсөл санаалагчид хүргүүлэх процедурыг илүү тодорхой хуульчилж баталгаажуулж өгсөнөөрөө давуу талтай аж. 

Хуулийг судалж, өргөн барихад  90-150 хоногийн хугацаа шаардагддаг

Хуулийн төслийн цар, хүрээнээс хамаарч хууль санаачилж өргөн барих хугацаа харилцан адилгүй байдаг.

Гэхдээ Хууль тогтоомжийн тухай хуулийн шаардлага, зохицуулалтаас авч үзэхэд ерөнхийдөө хуулийг судалж, өргөн барихад  90-150 хоногийн хугацаа шаардагддаг аж.

Дээр хэлсэнчлэн хуулийн төслийн цар хүрээ, зохицуулах харилцаанаас хамаараад дээрх хугацаа сунаж болно.

Олон нийтээс санал бодлыг нь авах тодорхой хугацаа бий. Өөрөөр хэлбэл, тогтоомжийн төсөл, түүний үзэл баримтлал, хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судалсан, эсхүл тухайн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийсэн тайлан, судалгааг хууль санаачлагч албан ёсны цахим хуудастаа 15 хоногоос доошгүй хугацаанд байршуулж санал авах ёстой. 

Түүнчлэн олон нийтийн хэлэлцүүлэг явуулах, бичгээр санал авах зэрэг олон нийт өөрийн байр суурь, санал бодлыг хуулийн төсөл санаачлагчид уламжлах боломжтой байгаа.

Энэ бүх шат дамжлагуудыг тодорхой хуулийн төслүүд  дамжиж УИХ-д өргөн баригдаж хэлэлцэгддэг. 

Хууль санаачлаад урамшуулал авах тохиолдол байдаг эсэх талаар тодруулахад ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг "Засгийн газрын түвшинд ийм асуудал байхгүй.

Манай яамны хувьд ч мөн адил Засгийн газрын санаачлах хуулийн төслийг өөрийн чиг үүрэг, эрхлэх асуудлын хүрээндээ боловсруулах чиг үүргийг хэрэгжүүлж байгаа" гэлээ. 

Хангалттай судалгаа хийгээгүй, оновчтой шийдвэр гаргаагүй учраас батлагдсан хууль хэрэгжихгүй байгаа

Үргэжлүүлэн тэрбээр хуулийн хэрэгжилтийн талаар "Батлагдсан хууль тогтоомж нийгмийн зохих харилцааг зохицуулж чадаж байна уу? ямар алдаа дутагдал, ололт байгаа болон үүнийг яаж сайжруулах талаарх ажил тодорхой хэмжээнд хангалтгүй байгаа.

Цаашдаа Хууль тогтоомжийн тухай хуулийн хүрээнд энэ асуудлыг авч үзэж, тодорхой хэмжээнд ахиц гарах болов уу гэж бодож байна" гэж ярилаа. 

Харин  "Манай улсыг хөгжүүлэхэд хамгийн их гай болж буй нэг зүйл бол зарим улс төрчид хэн нэгнээс сонссон зүйл эсвэл толгойдоо орж ирсэн нэг бодлыг хуульчилдаг, хуульчлах гэж улайрдаг.

Хаа ч хэрэгжиж байгаагүй эсвэл аль нэг улсад олон хүчин зүйлийн нөлөөнд амжилттай хэрэгжсэн ч Монголд тохирохгүй зүйлийг хэдий болтол туршиж улс орон, хүн ардаа хохироох юм бэ хэмээн МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд профессор, доктор О.Мөнхсайхан хуулийн хэрэгжилтийн асуудалд өөрийн байр сууриа илэрхийлжээ. 

Үндсэн хуулийн зөвлөлдөх зөвлөлийн гишүүн МУИС-ийн багш Ц.Сарантуяа Үндсэн хууль дээр  жишээ авч хуулийн хэрэгжилтийг "Нийгэмд тухайн үед болохгүй, бүтэхгүй асуудал болгоныг шийдэх зорилгоор Үндсэн хуульд нэмж заадаг байх нь уг хуулийн зүй тогтол, мөн чанарт төдийлөн хамаардаггүй.

 

Жишээ нь эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэж заасан хүний үндсэн эрхийн хэмжээн дэхь заалтыг хэрэгжүүлэхийн тулд хангалттай судалгаа хийгээгүй, төрийн бодлогод тусгаж, оновчтой шийдвэр гаргаагүй учраас холбогдох хууль хэрэгжихгүй байгаа" гэж тайлбарласан байдаг. 

Хууль тогтоомжийн тухай хуулиар  хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт таван жил тутамд хяналт шинжилгээ, эрх зүйн үр дагаварт дүгнэлт хийж УИХ-д танилцуулахаар болсон.

Зайлшгүй шаардлагатай тохиолдолд таван жилийн хугацааг наашлуулж хуулийн хэрэгжилтийн үр дүнг хэлэлцэж болох аж. 

Өөрөөр хэлбэл батлагдсан хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлд холбогдох яам, байгууллага өөрийн үйл ажиллагааг шинэ шатанд гаргах, иргэд олон нийтэд хуулийг сурталчилан таниулахад анхаарч ажиллах шаардлагатай байгааг мэргэжлийн хүний үг сануулж байна.