Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/06/02-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Уянга: “Алтжин” бол Монголын хамгийн анхны УСНЫ ХУВЦАСНЫ БРЭНД

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2017 оны 6 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Монголчуудын дунд “Акуа фитнесс”-ийн Ука хэмээн танигдсан Б.Уянгыг бид энэ удаа “VISITOR” буландаа урьсан юм.

Тэрбээр Монголд анх усны фитнессийг дэлгэрүүлж тогтвортой, олон жил ажилласан бол одоо Монголын анхны усны хувцасны “Алтжин” брэндийг үүсгэн байгуулж, үйлдвэрлэл эрхэлж эхэлжээ.

“Altjin Fashion”-ийг үүсгэн байгуулагч Б.Уянгатай шинэ брэнд, усны фитнесс, дасгал хөдөлгөөн, хувь хүний  хөгжлийн талаар яриа өрнүүлснийг хүлээн авна уу. 


-Aлтжин” нэртэй усны хувцасны шинэ брэнд гаргаж байгаад баяр хүргэе.  Яагаад энэ салбар руу орохоор болсон бэ. Хэрэглэгчдийн зүгээс ямар хэрэгцээ, шаардлага байна гэж харсан бэ?

-Манай “Акуа фитнесс” төвд маш олон эмэгтэйчүүд хичээллэдэг. Усны хувцасны үйлдвэрлэл Монголд байдаггүй учраас бид өмнө нь бүсгүйчүүддээ БНСУ-аас хувцас захиалж авчирдаг байсан. Тэгээд нийлүүлэгч компанитайгаа үргэлжлүүлэн хамтран ажиллахаа больсон.

Монголд ихэнхдээ БНХАУ-аас орж ирсэн усны хувцаснууд байдгаас биш яг Монгол эмэгтэйн хэрэгцээ шаардлагыг хангасан, чанартай усны хувцас байдаггүй. Өөрөөр хэлбэл загварын хувьд сонголттой биш учраас олдсоноо өмсөх тохиолдол байдаг.

Тиймээс бид “Алтжин” брэндээ гаргахаар шийдсэн.

Эрэлтийн хувьд өмнө нь Төв бассейнээс өөр усан сантай газар байдаггүй байсан бол одоо хотхон бүр усан сантай болж, хүмүүс гадаад, дотоод руу их аялдаг болжээ. Үүнийг дагаад усны хувцасны эрэлт хэрэгцээ нэмэгдэж байна.

-Яг Монгол эмэгтэйн биеийн онцлогт тохирсон усны хувцас байна гэсэн үг үү. Чанар, загварын хувьд импортын усны хувцаснаас яаж ялгарах вэ?

-Миний хувьд мэргэжлийн дизайнер биш ч гэлээ усан спортоор хичээллээд 30 орчим жил, “Акуа фитнесс”-ээ ажиллуулаад 10 гаруй жил болж байна. Энэ хугацаанд усны хувцасны талаар тодорхой мэдлэг хуримтлуулсан.

Загваруудаа ганцхан Монгол эмэгтэйчүүд гэхээсээ илүү нас насных нь онцлогт тохируулж гаргахыг хичээсэн. Эхний удаад бид 10 коллекц буюу 10 төрлийн усны хувцасаа танилцуулж байгаа. Тухайлбал залуу бүсгүйчүүдэд биеийнхээ гоо сайхныг тодотгох боломжтой загварууд байгаа бол амаржсан эхчүүд болон 40-өөс дээш насныханд зориулсан өндөр суудалтай, хэвлий далдалсан загварууд бий.

Усан спортоор хичээллэж байгаа хүмүүст залгаа, “Акуа фитнесс”-ээр хичээллэж, наран шарлагын газарт амрахад салангид загвартай усны хувцас тохиромжтой байдаг.

Жингээ хасаж буй эмэгтэйчүүдэд хэмжээгээ томруулж, жижигрүүлж болдог уяатай загвар байвал илүү тохирно .

Ази болон Монгол эмэгтэйчүүд Европчуудыг бодвол ичимхий учраас манай зарим загварууд нөмрөгтэй гарсан. Усанд орохдоо нөмрөгөө тайлаад орчихдог, усны хувцастайгаа хосолсон загвартай нөмрөгүүд бий. Нөмрөгүүд нь тансаг, гар аргаар хийсэн чимэглэлтэй гэдгээрээ онцлогтой.

Миний хувьд загваруудаа илүү хэрэглээ талаас нь харж гаргаж байгаа учраас хэрэглэгчдийн хүсэл, шаардлагыг бүрэн хангаж байгаа гэж бодож байна. Үүнээс гадна мэдээж трэнд болж буй өнгө, хэлбэр, чимэглэлүүдийг орхигдуулаагүй.

"Алтжин" брэндийн загваруудаас 1

-“Алтжин” гэдэг нэр, логоний талаар мэдээлэл өгөөч. Хэрхэн сонгосон бэ?

-Брэндийн нэр, логонд маш их анхаарсан. Лого маань Монголын ланз үсгээс санаа авч хийгдсэн. Монголын усны хувцас гэж танилцуулагдах учраас Монгол хээтэй, Монгол өнгө төрх харуулсан байх шаардлагатай гэж үзсэн. Цаашид үндэсний онцлог шингэсэн ланз үсгэн хээтэй даавуу үйлдвэрлэх хүсэлтэй байдаг.

Алтжин гэдэг нь манай охины нэр.

-“Алтжин” брэндийн усны хувцасны үйлдвэрлэл Монголд явагдаж байгаа юу?

-Бид Монголдоо загвараа зохион бүтээж, оёж байгаа. Үйлдвэрлэл эрхэлснээрээ би эх орондоо бага ч гэсэн хувь нэмрээ оруулж байна гэж боддог.

Мөн манай иргэд гаднаас усны хувцас авахгүй эндээсээ аваад явдаг байвал эдийн засагт бага ч гэсэн хувь нэмэртэй байх болов уу.

Харин Монголд усны хувцасны даавууны үйлдвэр гэж байхгүй учраас бид материалаа гаднаас татдаг. Манай материал зөвхөн усны хувцсанд зориулагдсан сайн чанарын материал байдаг.

-“Алтжин” брэнд өнгөрсөн хугацаанд чамгүй амжилт гаргаж, дотоодын загварын зах зээлд танигдсан байна. Энэ тухай мэдээлэл өгөөч?

-Тийм шүү. 2016 оны дөрөвдүгээр сард эхний загваруудаа “Акуа фитнесс”-ээр хичээллэж байгаа бүсгүйчүүддээ зориулж гаргаж байсан. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд хүмүүс загваруудыг маань маш сайхан хүлээн авч, хамтран ажиллах саналууд  тавьсан нь урам өгсөн гэж боддог.

Хамгийн анх “Гоёл” наадамд манай загварууд оролцож, хамтран ажилласан дизайнер маань “Шилдэг дизайнер” шагнал авсан. Мөн Монголд 60 орны мисс ирж, томоохон тэмцээн зохион байгуулагдахад шилдэг 25 мисс нь бикинитэй үзүүлбэртээ “Алтжин” брэндийн усны хувцсыг өмссөн. Ер нь манай брэнд Монголоос миссийн тэмцээнд оролцож байгаа бүсгүйчүүддээ усны хувцсыг нь өөрт нь зориулж урлаж өгдөг.

Үүнээс гадна бид Монголдоо хамгийн анхны усны хувцасны каталог гаргасан. Энэ каталогтоо 6 коллекц буюу 60 бикини загваруудаа оруулсан байгаа. Одоо бид 10 коллекц буюу 100 гаруй бикини танилцуулахаар ажиллаж байна. Сар гаруй хугацааны дараа бэлэн болж, хэрэглэгчдэд хүрнэ.

-Бикинигээс гадна усны хэрэглэл, эрэгтэй усны хувцас, хүүхдийн усны хувцас хийх зэргээр өргөжих үү?

-Цаашид эрэгтэй, эмэгтэй хүүхдийн усны хувцас, насанд хүрсэн эрчүүдийн усны хувцас гаргахаар төлөвлөж байгаа.

Мөн төлөвлөж байгаа өөр нэг сайхан ажил гэвэл Монголоос олон улсад тэмцээнд оролцож байгаа тамирчдынхаа усны хувцсыг “Алтжин” брэнд байгаасай гэж хүсэж байна. Энэ ажлыг хэрэгжүүлж, Монгол тамирчид монгол брэндийн усны хувцасаа өмсдөг болгох бодолтой явдаг.  

-“Aкуа фитнесс” байгуулагдаад 10 гаруй жил тогтвортой ажиллаж байна. Усан дахь фитнессийн онцлог юу байдаг вэ?

-Манай фитнессийн бассейн усанд сэлэлтийн бассейнаас өөр байдаг. Сэлэлтийн бассейн 1.4-5 метр хүртэл гүнзгий. “Чингис зочид буудал”-аас бусад газрын бассейн ихэнхдээ сэлэлтийн зориулалттай. “Акуа фитнесс”-ээр хичээллэхэд бассейний ус бэлхүүснээс доош түвшинд байх хэрэгтэй. Тиймээс манайх өөр газар одоохондоо салбарлах боломжгүй.

Манай үйлчлүүлэгчид ихэндээ жин хасах, галбиржих сонирхолтой дунд насны эмэгтэйчүүд, жирэмсэн эхчүүд, илүүдэл жинтэй бүсгүйчүүд байдаг учраас бид дан ганц сэлэлт биш дасгал, хөдөлгөөн хосолсон өвөрмөц сургалт явуулдаг.

Мөн бассейний гүн бага учраас бага насны хүүхдүүд сэлэлтээр хичээллэхэд тохиромжтой.

-Хүүхдийн бассейн хичээллүүлж байгаа гэсэн үг үү?

-Манай фитнессийн төвд хүүхдийн бассейний анги байдаг. Бид далайгүй оронд амьдардаг учраас ихэнх хүмүүс уснаас хол өссөн байдаг.

Ер нь хүүхэд бүр зөв, техниктэй сэлдэг байх шаардлагатай.

Хүүхдэд хамгийн тохиромжтой “фитнесс” бол усан спорт. Манай аав, ээж маань дүү бид хоёрыг Төв бассейн анх нээгдэхэд л оруулж байсанд маш их баярладаг.

Усан сэлэлтээр хичээллэснээр хүүхдүүд чийрэг, эрүүл биетэй болохоос гадна утаатай үед усанд сэлээд гарахад уушги маш сайн цэвэрлэгддэг.

Манай бассейн 1.30 метрийн гүнтэй болохоор бага насны хүүхдүүд хичээллэхэд тохиромжтой. Мөн уснаас айж эмээдэг хүмүүс бага түвшинтэй усанд орж байж амархан сэлж сурдаг.

"Алтжин" брэндийн загваруудаас 2

-Усан дотор дасгал хийхэд энгийн фитнессээр хичээллэхээс ямар давуу талтай байдаг вэ. Ус хүний биед яаж нөлөөлдөг юм бэ?

-Би энэ талаар саяхан Монгол Улсын Боловсролын Их Сургуульд магистрын зэрэг хамгаалсан.

10 гаруй жилийн хугацаанд усан фитнесс ажиллуулахдаа маш олон давуу талуудыг ажигласан. Зааланд фитнесс хийхэд жин ихтэй, хөдөлгөөний дутагдалтай хүмүүс их ядарч, хөлс нь гарч, булчин нь хөндүүрлэдэг. Энэ хүндрэл бэрхшээлээс болоод хэсэг хугацааны дараа шантарч болих хандлага их ажиглагддаг.

Манай “Акуа фитнесс”-т мөн адил жин ихтэй, хөдөлгөөний дутагдалтай хүмүүс явдаг. Гэхдээ усан дотор хүний биеийн жин хөнгөн болдог учраас хөдлөхөд хялбар байдаг. Хүйтэн усанд дасгал хийх үед хөлс гарч, ядардаггүй, даралт ихсэхгүй, зүрхэнд ачаалал өгөхгүй Ус өөрөө маш нягт шинж чанартай тул ажиллаж буй булчинд гаднаас нь цохилт өгч үр дүн сайн үзүүлдэг.  

Хамгийн гол давуу тал нь хүйтэн усанд эрчимтэй дасгал хийж байгаа болохоор сул арьсыг чангаруулж, толигор сайхан болгоно. Эмэгтэй хүний хамгийн их өөхлөг хэсгүүд бол бэлхүүс, гарын бугалга, гуя. Тиймээс бид энэ хэсгүүдийн өөхийг арилгах, тойргийн хэмжээг багасгах дасгалууд голчлон ордог.

Эмэгтэйчүүд булчинлаг гэхээсээ илүү илүүдэл жингүй, сул өөхгүй, галбирлаг байхад эхний ээлжинд хангалттай.

-“Акуа фитнесс”-д хэр удаан хугацаагаар хичээллэж байж үр дүнгээ гаргах вэ. Аливаа зүйлд тууштай биш, олон зүйлээр хичээллэсэн ч үр дүн гаргаж чаддаггүй хүмүүс байдаг?

-Зөв жин хасалт сардаа 3-5 кг байдаг. Үүнээс илүү хасаж байвал эрүүл биш юм. Тиймээс сардаа 5 кг хасаж чадвал маш сайн жин хаслаа гэж бодож болно.

Жин хасаж байгаа, дасгал хөдөлгөөн хийж байгаа тохиолдолд таслахгүй байх нь маш чухал. Эхний ээлжинд 10 кг жин хасах зорилготой байлаа гэж бодоход эхний хоёр сардаа идэвхтэй хөдөлгөөнөөр жингээ хасаж чадвал эргээд таргалах нь удаан болдог.

Дан ганц хоолоор буюу дасгал хөдөлгөөнгүй жингээ хасахад суларсан арьсанд өөхлөлт хурдан явагдана. Тиймээс сул арьсаа чангалах нь маш чухал юм. Арьсаа чангалах хамгийн сайн арга бол “Акуа фитнесс”-ээр хичээллэх, эсвэл даралттай хүйтэн усаар цохилт өгөх байдаг.

-Усан фитнесст хичээллэх давтамж нь ямар байвал тохиромжтой вэ?

-Дунджаар долоо хоногт 3 удаа, нэг удаадаа 60 минут хичээллэдэг. Нэг цагийн дотор 600-800 ккал зарцуулагдана гэж бодвол 800 грамм жин хасаж байна гэсэн үг. Сардаа 12 удаа явна.

Хэрэв ачаалал даах чадвартай, богино хугацаанд жин хасах шаардлагатай гэж үзвэл долоо хоногтоо 4-5 удаа  хичээллэж болно. Эрчимтэй 1-2 сар хичээллэж жингээ хассаныхаа дараа долоо хоногт хоёр удаа ч юм уу арай цөөн тоогоор хичээллэж жингээ барихад тохиромжтой байдаг.

-Та усан спортоор 10 гаруй жил хичээллэсэн. Энэ хугацаанд гоо сайхнаа хадгалж, үргэлж сайхан харагдаж чаддаг. Хооллолтдоо хэрхэн анхаардаг вэ. Эрүүл хооллолтын тухай бодлоосоо хуваалцаач?

-Сүүлийн жилүүдэд хүмүүс эрүүл мэнд, гоо сайхандаа анхаардаг болсонд маш их баяртай байдаг. Олон жилийн хугацаанд энэ талаар ярьж, үлгэрлэж байсан маань бага ч гэсэн нөлөөлсөн болов уу.

Зөв хооллолтын хувьд хүмүүс хэт их туйлширч хандах, тэвчээргүй байх нь алдаа болдог. Нэг өдөр л зөв хооллодог болно гэж байхгүй. Аажмаар, хэсэг хугацааны дараа буюу жилийн дараа гэхэд зөв хооллодог болчихсон байх боломжтой.

Идэж болохгүй, эрүүл бус хоолнуудын тухай хэлэх шаардлагагүй хүмүүс мэддэг болсон байх. Гэхдээ мэддэг хэрнээ тэвчихгүй идчихдэг.

Тиймээс зөв хооллож эхэлж байгаа хүн хориглосон хүнсийг огцом хорихоосоо илүү хэмжээг нь багасгах, зайг нь холдуулах зэргээр эхлэх хэрэгтэй. Долоо хоногтоо нэг удаа хүссэн хоолоо иддэг байвал шантрах нь бага болно.

Мөн зөв хооллолт руу орж байгаа гэсэн сэтгэхүйг суулгахад өөртэйгээ ярилцах, бясалгал хийх сайнаар нөлөөлдөг. Хэтэрхий хорих, өөрийгөө зовоох нь хүнийг стрессдүүлдэг учраас бага багаар зөв хооллолт руу шилжих хэрэгтэй.

-Өөрийгөө яаж тайван байлгадаг вэ. Ярилцаад сууж байхад их намуухан яриатай, амгалан тайван мэдрэмж төрүүлж байна?

-Энэ төрөлхийн байх л даа. Гэхдээ би бясалгалаар хичээллэж, бясалгалд цаг их зарцуулдаг. Хүн ямар нэгэн зүйл рүү зорихдоо өөрийгөө түүнд төвлөрүүлэх хэрэгтэй. Бясалгал гэхээр л хүмүүс юу ч бодохгүй сууна гэж ойлгоод байх шиг байдаг. Уг нь бясалгал хийнэ гэдэг өөртэйгээ ярилцах, өөртөө төвлөрөх цаг гэж боддог.

-Та сүүлийн 10 гаруй жил зөвхөн усан фитнесс ажиллуулж, энэ талаар ярьж, хөдөлгөөнийг сурталчилж байсан. Одоо ч гэсэн усны хувцасны брэнд гаргаж байгаа. Энэ салбарт яагаад ийм тууштай, үнэнч ажилладаг юм бэ?

-Хүн хийж чаддаг юм аа л маш сайн хийх ёстой гэж боддог. Мөн өөрийнхөө хамгийн дуртай зүйлээс хүн хэзээ ч уйдахгүй. Энэ хугацаанд “Акуа фитнесс”-дээ зөвхөн жин хасахаас гадна усан эмчилгээ, усан дахь жирэмсний дасгал зэрэг сургалтууд явуулж ирлээ.

Манай эмчилгээний анги маш амжилттай 3-4 жил болж байна. Одоо би усан эмчилгээний чиглэлээрээ докторын ажил хамгаалахаар судалгаагаа хийж байгаа.

Энэ чиглэлээ илүү мэргэжлийн түвшинд хөгжүүлж, хүмүүсийг өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд тус болох ажил хийнэ гэж боддог. Хүн зөвхөн фитнесс, зөв хооллолтоор л амьдралаа өөрчлөх бүрэн боломжтой байдаг учраас үүнийг хийх хэрэгтэй гэдгийг үргэлж уриалахыг хүсдэг.

-Усан эмчилгээнийхээ талаар арай дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Ахимаг насны, хөдөлгөөний дутагдалд орчихсон эмэгтэйчүүд шууд фитнессийн зааланд үсэрч харайгаад эхэлбэл даралт нь ихсэх, зүрх нь хэт их ачаалах зэрэг хүндрэлүүд гардаг. Мөн бэртэл гэмтэлтэй байгаа хүмүүс хүнд дасгал хийхэд хэцүү.  Гэсэн хэдий ч хөдлөхгүй байгаад байж бас болохгүй.

Усанд дасгал, хөдөлгөөн хийхэд энэ бүх хүндрэлүүд гардаггүй, бие нь эрүүлжиж, маш сайн эмчилгээ болдог.

"Ажилдаа гол баримталдаг зарчим маань хүнд худлаа зүйл хэлж, зөвлөхгүй байх юм"
Гэрэл зургийг mpa.mn

-Хоббигоороо ажиллаж байгаа гэхээр танд өдөр бүр ажил хийх хэцүү юм шиг санагддаггүй байх?

-Тэгэлгүй яахав. Хүмүүс ажлаа тараад фитнессээр хичээллэдэг бол би ажлаа хийнгээ хичээллэж эрч хүчээ авч чаддаг. Хүн бүр манайхаас эрүүл, гоё биетэй болоод гарахад надад маш их эерэг энерги өгдөг.

-Ажил хийж байхдаа ямар зарчим баримталдаг вэ?

-Хүмүүс би яг турах болов уу, ямар үр дүн гардаг вэ гэж их асуудаг. Би сард олон кг хасна гэж худлаа амладаггүй. Зарим газрууд сард олон кг хасуулна гээд эрүүл мэндээр нь хохироох тохиолдол бий.

Мөн хоолыг нь огцом хасдаггүй. Ерөнхийдөө эрүүл хооллох зөвлөмж өгдөг. Ажилдаа гол баримталдаг зарчим маань хүнд худлаа зүйл хэлж, зөвлөхгүй байх юм.

-“Акуа фитнесс”-ээ ажиллуулах, докторын ажлаа хамгаалах, “Алтжин” брэндийнхээ ажлыг хийх гээд ачаалал ихтэй үед цагаа хэрхэн зохицуулж байна?

-Цаг их хэцүү байгаа. Миний хувьд ажлаа долоо хоногоор нь төлөвлөдөг. Нэвтрүүлэг, зураг авалтын цагууд гэнэт орж ирдэг.

Өглөөний цагаа хичээлдээ, амралтын өдрүүдээ өөрийнхөө гэр бүл, гоо сайханд зарцуулна. “Алтжин” брэндийнхээ урланг ажилтайгаа ойрхон байрлуулчихсан. Хамтарч ажиллаж байгаа хүмүүс олон байгаа, мөн өөрөө өөртөө ажил гаргаж хийж байгаа учраас надад сонирхолтой байдаг.

-Ойрын хугацаанд буюу энэ зун хийхээр төлөвлөсөн том ажил юу байна. Мөн алсын хараа, амьдралын томоохон зорилго тань юу вэ?

-Өнгөрсөн жил манай фитнессийн 10 жилийн ой болсон. Одоо “Алтжин” брэнд маань үүсээд нэг жил болж байна. Энэ зун гаргаж буй 10 коллекц буюу 100 бикинигээ маш сонирхолтойгоор танилцуулах төлөвлөгөөтэй байгаа.

Цаашид эрэгтэй хүний болон хүүхдийн бикини хийнэ. 

Брэндээ “Aлтжин бикини” биш “Алтжин фэйшн” гэж нэрлэсэн шалтгаан нь охиндоо өвлүүлэх хүсэлтэй байдаг. Охин маань дээр дурдсанчлан загварт маш их сонирхолтой учраас брэндээ өргөжүүлж, цааш нь үргэлжлүүлэх байх гэж итгэж явдаг.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.